Thursday, August 29, 2013

Өвсний нүд

Яруу найраг үргэлжилсэн үгийн зохиолоос тэс өөр, яруу найрагч байх нь зохиолч байхаас тусдаа замнал болохыг Сербийн зохиолч Милорад Павич “Зохиолчдод яруу найраг бол ялын төлөвлөгөө, харин хүүрнэл зохиол бол өршөөл үзүүлэлт, цагаатгал” хэмээн тун оновчтойгоор илэрхийлсэн нь бий. Энд шүлгийг нь толилуулж буй Д.Нямдорж өөртөө цагаатгал эрэх эсэхийг хэлж мэдэхгүй ч түүний ялын төлөвлөгөөг “жинхэнэ яруу найраг” хэмээх нь үнэнээс нэг их гажихгүй. Хэсэг бүлэг яруу найрагчид өнөөх ялын төлөвлөгөөгөө өчнөөн зовлон мэтээр үзэн, түүнээ олонд зарлан “орилж хашгичих”. Тэр ялыг уншигчид өөрт нь сонголтгүйгээр оноочихсон мэтээр хандах нэг нь ч бий. Гэтэл заримынх нь хувьд өөрт нь л хамаатай тэр ял, түүнээс үүдэх шаналал, баяр хөөр өөрийг нь ч танихгүй, огт хамааралгүй хүмүүст халдварлаж, хүссэн ч хүсээгүй ч халдвар авсан тэр хүмүүсийнхээ анагаагч бас өвдөөгч болно. Д.Нямдорж өвтгөж чаддаг. Түүний шүлгүүдийг уншаад нүдээ анин дотроо түмэн зүйлс эмтрэхийг тайвнаар сонсмоор тийм өвдөлтийг, гэхдээ яруу найраг уншиж төлөвшсөн уншигчид л мэдэрнэ. “Наран гараг”, “Эр тагтааны гуниг” хэмээх шүлгийн түүвэр номоо гаргасан тэрбээр саяхан “Өвсний нүд” хэмээх нэгэн шинэ номоо гаргаад буй. Хүний амьдрал дахь хоёргүй үнэний туйл болох амьдармаар зөн, үхчихмээр утгагүйдлийг Д.Нямдоржийн шүлгүүд гол тасартал мэдрүүлж, ухааруулж чаддаг. Тиймдээ ч тэр хамгийн ариун, хамгийн хэрцгийг урлагч юм.  Эгээ л өвсний нүд буй бүхнийг харсан хэрнээ хэнд ч юу ч хэлээгүй ч салхинд үг нь дайгддаг шиг...

***
Оддын гэгээнд ижий
сацал өргөн  залбирна.
Одод улам л олширно.

***
Өөдөө шидсэн чулууд
оночихож дээ, янз нь...
Өвөр дээр минь одод бударна.

***
Алгаараа ус утгахуй
хуруун салаагаар
саран урсана.
***
Үүлэн хөнжил тийчих
нүцгэн нарыг үзээд
өвсний нүд бүлтэлзэнэ.

***
Тэнгэрт гараа дүрэхэд
Хурууны үзүүр хуурай.
Тэмтрэгдэх зүйл нь үгүй
Хоосон чанарын зах.

Тээнэгэлзэл, агшны гайхширал
Нойтныг хүсэмжлэх сэтгэл.
Тэгээд норчихсон байх нь
Хоёргүй үнэний туйл.

***
Үсэнд чинь төөрөх хуруу
Хүслийн эцэст сульдаж
Үүргэлэх шөнийн гүнд
Нэгнээсээ ангид хоноход
Үнэрийг чинь уушгилсан дотор
Гадна оршихыг чинь тэвчихгүй
Үзэм идэхийн адилаар
Үхтлээ чамайг л хүснэ.

***
Газрын бүлээн амьсгалд
Шил шиг цантсан тэнгэрт
Гар хүрч ядах мэт
Моддын орой цорволзоно.

Хаа холын шувуу
Цонх мөргөөд буцах шиг
Хаврын тэнгэр дуугарахыг
Хачин ихээр хүснэм.
***
Цонх нээлттэй,
салхины аясаар шөнөжин эвцэлдсэн хөшигнүүд
цуцаж ядраад хуруугаараа шүргэлцэн ичингүйрэн зогсоцгооно.
Зовхи аниатай,
сарны нөлөөгөөр шөнөжин бэдэрсэн сүнснүүд минь
залхаж уйдаад биеэ тойрон хэрэлдсэн мэт буруу харан сууцгаана.

Амьсгалж буй цогцос,
амьдралын дундах түр зуурын үхлийнхээ,
амьдарч буй тоосго,
амрахаар орж хэвтдэг өдөр бүрийн авсандаа
зэрэмдэг зүүдээ цуглуулах гэж зүдэхүй гудамжаар хэсүүчлэх манан
зэргэлдээх ойн зах хүрмэгцээ чоно болон хувилаад харайлдан одно.

***
Хадан дээгүүр чулуу
өнхрүүлэхэд
Ход ход инээнэ.
Хүүтэй л болох юмсан!






No comments:

Post a Comment