Sunday, September 10, 2017

Диваажингийн цацраг надруу гялбахад буюу 25-р бүлгийн хэсгээс


/Диваажингийн нэгэн гялбаа над дээр туслаа. Гялбаа төдий ч түүний илч, хүчин чадал хэмжээлшгүй. Тэр гялбаа надад ямар ч үг хэлгүйгээр “хүн” байхад сургаж, намайг хашаа ч дагуулж яваагүй ч газар бүрт очиж аялахаас ч илүүтэй нүдийг минь тайлсан юм. Түүнтэй учирахаас өмнөх амьдрал минь утгагүй байсан гэж би хэлэхгүй. Тэр өөрөө ч надад “Өнгөрсөнөө эрхэмлэ. Өнөөдөр, маргааш олж авсан шинэ зүйлээ дээдлэж өчигдрийг бүү өнгөрсөн болго. Хорвоод туулсан өдөр бүр, бодол бүр чинь шинэ” хэмээн хэлсэн. Тэр хэлсэн учраас би итгэж байна. Би итгэж байгаа болохоор “би тэгж л бодож” байна. Өдөр бүр шинэ учраас, хуучин гэж үгүй болхоор хором бүрт амьдарч амжих гэж хичээнэ. Ийм зүйлст хичээл зүтгэл хэрэгтэй юм билээ.  Хувь тавилангийн хатуу заалтаар тэр нэгэн цагт эгэл хүний биед хувирах учиртай. Түүнийг би Энэрэл хэмээн дууддаг бөгөөд, өрөө төлж чадахгүй ч хэзээ нэгэнтээ цуцлаар ч болтугай дэм болюу гэсэндээ ийн тэмдэглэв./
-Амьдралын утга учир гэж юусэн билээ? хэмээн тэр надаас асуув.
-Бид нүднээ бодитоор харагдаж байгаа зүйлстээ л итгэж, түүнийгээ л мэддэг. Нүдээр харж, чихээр сонсож, биеэр мэдрээгүй ч сэтгэлээрээ таниж мэддэг зүйлс ч бий. Энэ амьдралаа бид гагцхүү мэдэхэд л зориулдаг ч юм билүү. Ерөөсөө тэр амьдралын утга учир гээч хэцүүхэн асуултын хариулт нь “мэдэх”.
-Тэгэхээр таныхаар утга учир гээч нь цор ганц зүйл байх нь ээ? хэмээхэд би хариу дуугарсангүйд Энэрэл үргэлжлүүлэн “Би танаас өөрөө ч сайн мэддэг нэг зан чанарыг чинь их олж харлаа. Адгуу за. За тэгэхээр ингэж зүйрлье л дээ. Голын ус тэнгис далай гэгч илүү их рүү яарахдаа, илүү ихийн хэсэг болох гэхдээ яаран адган урсана. Чимээ нь хүртэл чагнаваас “Би яарч байна, би очиж байна...” гэх шиг. /түүнийг ийн хэлэхэд би дотроо нарны гэрэлд гялбан урсах жижиг горхыг төсөөлхөд чимээ нь сонсогдох/ Горхи, гол, мөрөн болсон ч адгасаар л байна. Нэг нэрээ гээн нөгөө нэршилд хувиравч тэрхүү өөрчлөгдөх нэр гагц хэмжээнд оноосон нэр болохоос ус ус хэвээр л . Ус “ус” л байгаа нь түүний мөнхийн оршихуй, чин үнэн юм. Өөрийн үнэнийг мэдсээр байх ч тэр л үнэнээ ямагт  эрхэмлэдэг  байна гэдэг амаргүй. Уулын энгэрээс урсан ирж далайд цутгалаа гээд өөрийгөө далай гэж сэтгэх нь гэнэн явдал ч шиг. Далай боллоо ч угтаа ус гэдгээ л мэтгэж боломгүй. Оюун ухаанаа ус хэмээвэл бид ямагт л мэдлэг, мэдээлэл, ухаарал, сэрэл мэдрэмжүүдээр нэмж түүнийгээ далайн дайтай болгох гэж адгадаг.  Бидний ухаан дах ус ихээр ууршиж тэнгэрт нэгдэвч ганц дусал болон эргэн буух нь бий. Бүр эсрэгээрээ байх нь ч бий. Гэвч хэмжээнд нь үл санаа зовж мөн чанараар нь танин мэдэх нь чухалсанж. Ийн хэлмэгч түүний яриаг таслан би “Мэдлэггүйгээр бид хэн ч биш адгууснаас өөрцгүй шүү дээ” гэхэд миний хэлснийг сонсоогүй аятай яриагаа ийн үргэлжлүүлэв,
 -Үзсэн кино, уншсан ном, сонссон хөгжим зэргээ энэ бол би гэж бодож, тэдгээрт хэтэрхий шунан автах нь жинхэнэ “би”-гээ бүдгэрүүлдэг. Мэдлэгийг маш болгоомжтой хирнээ ямар ч хэнэггүй хүртэхэд суралцваал сая жинхэнэ мэдэхэд нэвтэрнэ гээд надруу асуусан  харцаар харахад,
- Би ер нь чамд өөрөөсөө хүртэл нуудаг зүйлсээ хэлэхээс ичиж санаа зовохгүй юм. Чин үнэндээ өчихөд надад ч тийм үе байж. Өрөвдмөөр биш гэжүү?
-Өөрийгөө шүүх гэсний хэрэггүй дээ.
-Үгүй ээ, шүүгээгүй. Халаглаж байна гэвэл онох юм байна.
-Харин амьдралд мэдлэгээс илүү зүйлс, өөр хүчин ухаантай байхад сургаж, хэцүү бүхэнд тэсч үлдэх тэнхээ хайрладгийг мэдэх үү?
-Мэдэхгүй ээ. Гэхдээ чамтай уулзахаас өмнө сүүлийн дөрвөн жилийг бодох бүрт надад олж аваагүй мэдлэг, боломжууд, сурж чадаагүй бүхнээс илүү хүмүүс хоорондын харилцаа, өөрийгөө хайрлаж чадахгүй гаргуундаа гаргасан харамсах зүйлс бишгүй их.  
-Тэгэхээр бүхнээс илүү хайрлахад суралцаж, өөрт буй дусал ч атугай тэрхүү “ус”-аа танин мэдэж, үнэн бай. Амьдралд гэнэтийн зүйлүүд дүүрэн. Хэзээ ч орж байгаагүй нөхцөл байдал, шинэ бүхэн даанч их. Залуу насандаа амьдралыг таничлаа гэж бодох нь хөнгөн хөөрөгдөл.

-Огт үзээгүй нөхцөлд өөрийгөө ямархуу зан байдал, ааш араншин гаргахыг урьдаас тааварлаж, би өөрийгөө “мэдэх” учраас яг л ингэнэ гэж боддог байсанаа нэхэн санахад ичмээр. Тэр намайг бодолтой минь үлдээн таг дуугүй сууна. Өнөөх л мөнхөд амгалан төрхөөрөө. Ийн ярилцаад  цонхоор харахуйяа хаврын үнсэн саарал өнгө бүхий зураглал. Энэ өнгө сэтгэлийн минь байгалийн өнгөтэй ив ижил юм.  Уйтай хирнээ дулаахан, тув тунгалаг. Энэ л сэтгэлийн өнгө надад хайртай түүний минь эр үнэр шиг, хүүгээ тэврэх шиг тайтгарал авчирнам. Өөр өнгөнд сэтгэлээ үл хувилгахсан. Нар гэдэг нэг хэдий ч түүний гэрэл түмэн салаа болон түгж,  өчүүхэн жижиг туяа нь ч нүд гялбам гэрэлтэнэ. Би бол гэрэл гэх шиг тийм бардам. Мэдэхгүй байх цор ганц орших минь эгээ л нар мэт, нарны түмэн живээ гялбаа мэт. Над мэт шиг ийн сэтгэвээс мэдэхгүй нь мэдэхийн дээд юм. Ай, хөнгөрчихлөө...

Wednesday, June 3, 2015

Үл мэдэх



Чиний харц яг л намрын хүйтэн бороотой өдөр мэт. Чиний хүчирхэг оршихуй үнэн хэзээд худлыг ялах мэт тийм өндөрт! Чиний мэдрэмж эгээ л торго мэт. Чиний хэрсүү атлаа хүүхэд шиг ааш аяг... Чи гоо үзэсгэлэн хийгээд дотоод мөн чанарынхаа хүчээр намайг бүрэн эзэмдэж, заримдаа “хайр” гэх тэр мэдрэмжээс ч дээгүүрх хүсэл тэмүүлэл, шунал, сэтгэлийн байдал руу хөтлөх. Заримдаа бид “яагаад” гэх асуултынхаа хариултыг ололгүй, сохроор дурладаг. Харин чамд дурласан үй түмэн шалтгаанаа би үг бүрчлэн хэлж чадах байна. Учир нь, төгс бус зүйлс л ойлгомжгүй байдаг бол төгс зүйлсэд ямагт үг хүрдэг юм. Үгээр илэрхийлшгүй гэдэг ч үнэндээ ядмагхан өргөмжлөл юм шүү дээ. Харцанд чинь голдоо ортол даарч, намрын өдрийн бүрхэг тэнгэр дотор минь орчихсон юм шиг хоолойноос нэг юм доош дарах ч эгээ л тэр л намрын хүйтэн бороотой өдөр шиг харцнаас л би гүний гүндээ хүнийхээс өөр юм шиг ёрын гэмээр таашаал эдлэх. Зөв совин минь заримдаа үүнийг надад “хайр дурлал биш, гоо үзэсгэлэнг өөрийн болгох гэсэн адгуу хүсэл” гэж хэлнэ. Үзэсгэлэн гэдэг ямагт л их хайр, хайр энэрэлгүй шунал хүслийн охь байдаг шүү дээ. Тэрхүү шунан дурлах гоо үзэсгэлэнг эвдэн сүйтгэж, өнөө хүйтэн харц нь зуны дулаан бороо мэт хувирахыг харах гэсэндээ юу ч хийхээс буцахгүй мэт санагдана. Гэвч, тэрхүү гоо үзэсгэлэн хэзээ ч минийх болохгүй байх шийтгэлийг хувь тавилан надад хэдийнэ өгчихөж. Бурхан өөрийнхөө боолоор даажигнаж буй наргиантай тоглоом мэт. Учир нь бодол, биеийн эд эс бүрийнх нь хүсэл тэмүүлэл болсон тэрхүү хайртай хүнээ хэзээ ч өөрийн болгож чадахааргүй нөхцөлд хашсан хэрнээ, улам тарчлаах гэсэн мэт дурласан түүнийг минь улам төгөлдөр болгон нээн үзүүлж, сэтгэлийг минь зогсоо зайгүй өрдөх нь юутай харгис. Харгис гэдэг үг яг ийм хайр дурлалыг тодорхойлох гэж бий болсон үг биз ээ. Энэ дурлал намайг хамгийн дуугүй, нүдэнд үзэгдэхгүйгээр, амиа тэвчих зориггүйгээр ч хамгийн их өвдөлттэйгөөр, гашуунаар тарчлаана. Үүнээс өөр харгислал гэж үгүй. Гэсэн хэдий ч хожим хойно бүгдийг нь цагаатгаж болмоор, бас хамгийн хэрцгий бүхэн төрдөг, дархлагдсан залуу нас минь дуусч, нэг л өдөр би бусдын л адил хувь тавилангийн эргүүлэгт живэхэд энэ л дурлал намайг тэжээн тэтгэнэ гэдгийг мэдэж байна. Бидний амьдралын хамгийн амттай тэнэглэл, хэзээд үнэн хийгээд үнэтэй байдаг дурсамж үргэлж л хайр дурлалын түүх байдаг шүү дээ. Тиймдээ ч, өөрийгөө тайтгаруулах гэхдээ, хоёр бие нийлэх ямар ч боломжгүй ч гэлээ надад тийм их үзэсгэлэн, ухаалаг дурлалт залуу заяасанд талархах. Гэсэн ч, бүр дотооддоо биеийн чинь аль нэг хэсэгт хүрч байгаагаар, хоёр бие нэгдэн нийлж нэгэн амьсгалаар амьсгалж буйгаар төсөөлөхөд хэзээ ч бүтэхгүй, бишээ бүтэшгүй гэж бодохоор тэр л агшинд намайг шунан дурлуулдаг гоо цогцыг чинь хэсэгчлэн, бардамнал, ухааныг чинь үгүй хиймээр санагдах. Агуу хайр дурлал гэдэг түүнийхээ төлөө үхэхээс буцахгүй байна гэдэг худал. Харин ч түүнийхээ төлөө түүнийг егүүтгэхэд ч бэлэн байх тийм их оргилсон сэтгэл юм.

  Дэмбэрэлийн Оюунномин    Гоодаль 2015. 

Wednesday, April 1, 2015

Хатууг зөөлнөөр...

Жан Жюльен бол хатууг зөөлнөөр ялж, гашуун егөөдлөөр үнэнийг хоржоонтойгоор мэдрүүлжболдог гэдгийг хамгийн урнаар, бас өөрийнхөөрөө, хөгжөөнтэйгөөр баталсан уран бүтээлчдийн нэг. Хошигнол гэдэг зөвхөн инээдэм наргиан биш онч мэргэн үг, судрын үгс, философийн санаа шиг баялаг ухагдахууныг өөртөө тээж, амьдрах ухаанд суралцуулж, үнэнийг эелдгээр, гэхдээ хамгийн зэвүүнээр ойлгуулдгийг /магадгүй үнэнийг илчилдгийг/ та түүний бүтээлээс олж харна. Pitchfork, The Guardian, The New York Times, зэрэг нэр хүнд бүхий хэвлэлийнхэнтэй хамтран ажилладаг түүнтэй Гоодаль ярилцлаа. Жан Жюльен бол уран бүтээлээ амжилттай туурвиж яваа, хамгийн ухаалаг хошигнолоор энэ цаг үеийн төрхийг илэрхийлж буй уран бүтээлч билээ.



Дэмбэрэлийн Оюунномин. Таныг хүмүүс хошин шогийн мэдрэмжтэй гэдэг үү?
Жан Жулиян. Тийм ээ. Миний гадаад төрх хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлдэг байх. Бас ярьж байгаа зүйлсийг маань тэгж хүлээж авдаг тал ч бий.
Д.О. Таны бүтээлүүдэд аливаа асуудлыг хар бараанаар биш, хошин өнгө аястайгаар егөөдсөн байх нь олонтоо. Та энэ тухайд юу гэж хэлэх вэ?
Ж.Ж. Би үүнийг егөөдөлт мөн эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг үнэн нь гэвэл, би аливаа асуудлын сөрөг талыг харуулахдаа, энэ нь хүмүүсийн амьдрах хэв маяг, хүний гэх үндсэн шинжээс нь холдуулсан байвал хатуу ширүүнээр дүрсэлдэггүй. Учир нь, би ч гэсэн хүмүүс буюу тэдний л нэг шүү дээ.
Д.О. Та бүтээлийнхээ сэдлийг хэрхэн олж авдаг вэ?
Ж.Ж. Ажиглалтаас. Магадгүй би ажиглалтад маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, тухайн бүтээлийн бүтэх хугацаа, санааны ихэнхийг зарцуулдаг. Заримдаа тийм ч их цаг, хүч зарцуулалгүй гудамжинд алхаж байхдаа санаа олох нь бий. Ямар нэг санаа миний дотор төрөхдөө “Хэрвээ тэгвэл яах вэ” гэсэн асуултын шижмээр явсаар бүтээл болдог.
Д.О. Таны бодлоор illustrator, painter, designer, animator зэрэг урлагийн төрлүүд ямар хэлбэр рүү явж байна вэ?
Ж.Ж. Сайхан асуулт байна. Хүмүүс компьютерийг график дүрслэл зурах хэрэгсэл болгон ашиглаж эхлэхэд технологийн түгшүүр төрж байсан болов уу. Учир нь, урлагийн бүтээл бүтэх хуучны арга барилыг дэлхий ертөнц мартах вий гэж бүгд сэтгэл зовниж байсан. Гэвч, энэ бүхэн асуудал биш, энэ хоёр зүйл нэгэн зэрэг оршин тогтнож чадна гэдгийг бид баталсан шүү дээ. Ертөнц дээрх аливаа зүйлтэй харилцахдаа гаргадаг төрөлхийн, хэрэгт дуртай зангаасаа болж хүмүүс тухайн зүйлийг тодорхойлохоосоо илүүтэйгээр тэр зүйлийг бусдад хэлэх өөр өөр аргуудыг үргэлж хайсаар ирсэн. Хүний тархи, нүд хоёр хүрээлэн буй орчноо яг нарийн тодорхойлохын тулд тасралтгүй харилцан ярилцаж байдаг. Урлаг нэг бол түүх өгүүлж, түүхийг баримтжуулахыг, эсвэл үнэнээр тоглож бодит биш, сонирхолтой, этгээд зүйлсээс авах мэдрэмжийг өөрчлөх боломжийг олгодог юм. Үүний хоёр дахь нь бидний бүтээх чадвараас илүүтэй бүтээлч чадварыг хөгжүүлж өгдөг. Энэ нь зөв гэж би бодож байна. Магадгүй над шиг ийм бодолтой уран бүтээлчид цаг үргэлж хайрцагнаас гадуур сэтгэж байхыг сануулахыг зорьдог. Би урлагийн хэлбэр хувьсаж, технологийн хувьд сайжирна гэж боддог. Гэвч үеийн үед урлагийн гол цөм болох бүтээлч байдал үргэлж эрхэм байсаар байх болно.

Д.О. Уран бүтээл туурвихад хамгийн хэцүү нь юу бол?
Ж.Ж. Сахилга баттай байх.
Д.О. Таны хүндэлж явдаг уран бүтээлч?
Ж.Ж. Jean-Jacques Sempе. Түүний бүтээлүүдийн хошин үг хэллэг, аливаа зүйлийг хүн болгон ойлгож хүлээн авч чадахуйц дүрслэн үзүүлдэг чадвар нь үргэлж намайг гайхшируулдаг. Тэрбээр бүтээлдээ хоцрогдсон хээ чимэглэлийг басамжилсан байдлаар дүрсэлдэг нь уншигчдад үргэлж ойлгомжтой, бас зохиомжтой байдаг. Миний хувьд, нэгдсэн шинж чанар гэх зүйлийг бүтээлдээ харуулахыг маш их хүсдэг. Ингэснээр миний бүтээлд цаг үеийн хамаарал, ялгаа гэдэг юм үгүй болж, аль ч цаг үеэс ирсэн ямар ч боловсролтой хүн миний дүрслэлийн санааг ойлгож чадах юм.
Д.О. Та франц хүн. Харин одоо Лондонд амьдарч байна. Тэгэхээр, энэ улсын талаар ямар бодолтой явдаг вэ?
Ж.Ж. Би зөвхөн Лондонгийн тухай л ярьж чадна. Учир нь, нэг хотоор нь бүхэл бүтэн улсыг дүгнэх нь боломжгүй зүйл. Гадны хүн ч гэлээ Лондон намайг гайхалтай сайхан хүлээж авсан. Энэ хот надад өөрийн минь төрөлх нутгаас ч илүү талбарыг өгсөн. Бүтээлч байдал ба соёлд тэмүүлсэн гайхалтай тэмүүлэл энэ хотод байдаг нь надад маш их урам зориг өгдөг. Хэрвээ чи ямар нэг зүйл хийж бүтээж олонд танигдахыг хүсч байгаа бол Лондонд үүнийг хийх арга үргэлж олддог юм. Гэхдээ энд өрсөлдөөн ширүүн. Гэвч уг өрсөлдөөн хүмүүсийг хооронд нь улам илүү холбож өгдөг юм.
Д.О. Хийж буй бүтээлээрээ үзэгчдэд нөлөөлж, тэдний үнэн гэж итгэсэн зүйлсийг заримдаа няцаадаг уран бүтээлчид бий. Таны зарим нэг бүтээл надад тэгж санагдах юм. Би буруу бодож байна уу?
Ж.Ж. Би энэ асуултыг бүрэн ойлгосон эсэхээ сайн мэдэхгүй байна. Хэрвээ миний зарим зураг одоогийн нийгмийн үнэ цэнийг шүүмжилсэн гэж бодож байгаа бол тийм ээ, бараг л үнэн. Би чөлөөт ертөнцөд бүхий л насаараа амьдарсандаа өөрийгөө азтай гэж боддог. Би хүн бүхнийг ингэж амьдрах боломжтой байгаасай гэж хүсдэг. Дарангуйлал, хэт туйлшрал, дарлал зэрэг нь маш хортой үзэгдэл юм. Тиймдээ ч үүнийг өнөөгийнх шиг нийгэмд амархан халдварлуулах боломжтой гэдгийг түүх олонтоо баталсан. Урагш алхахын тулд хэлэлцэж, хуваалцаж, ухаалаг байх нь бидний үүрэг шүү дээ. Тэр тусмаа уран бүтээлч хүний үүрэг.
Д.О. Та нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зураг зурж өгдөг. Тухайн хэвлэлийн газраас ирсэн нийтлэлийн агуулгад тааруулж зураг зурах нь өөрийн бодсоноо хийхээс хэр их ялгаатай вэ?
Ж.Ж. Бусад хүмүүсийн санаа болон мэдрэмжээс тусламж авах нь сайхан байдаг. Надад бусадтай ажиллах, өөрийнхөөрөө ажиллах хоёр хоёулаа таалагддаг. Би бүтээлүүдээ зөвхөн нэг л сонинд хэвлүүлэх материал гэж боддоггүй. Нэг талаас, зөвхөн өөрийн бүтээл дээр ажиллана гэдэг тухайн хүнд эрх чөлөөг өгч байдаг ч нөгөө талаас, чи нэг л тойрогтоо тойроод л яваад байх аюултай. Бусадтай ажилласнаар чи өөрийн эрх чөлөөнөөс жаахныг золиослох ч илүү хол явчихсан байдаг.

Д.О. Мянган жилийн дараа таны мэргэжил ямар болж, таны хийж буй эдгээр илэрхийлэл хэрхэн өөрчлөгдөх бол?

Ж.Ж. Маш сонирхолтой асуулт байна. Эрдэм шинжилгээний ажлынхаа үндсэн шинжээс нь хамаараад зөвхөн ухаалаг утас, таблетад сонирхолтой зураачийн нэр зүүхээс маш их сэргийлж байна. Эдгээр нь манай ертөнцийн нэгээхэн хэсэг ч гэсэн миний хувьд эзэмшихийг хүсдэг урт хугацааны консепт гэж бас бий. Түр зуурын агшнаас үл хамааран би төсөөллийг санаатай холбож чадна гэдэгтээ итгэлтэй байна.       



www.jeanjullien.com
Гоодаль сэтгүүл  Дэмбэрэлийн Оюунномин

Гоо сайхны хязгаар хийгээд Нури


2014 онд Каннын кино наадмын тэргүүн шагнал “Алтан далдуу модны мөчир”-ийг турк найруулагч Нури Билгэ Жейланы “Өвлийн ичээ” /Winter Sleep/ кино хүртсэн. Уг киног үзсэн үзэгчдийг ерөнхийд нь хоёр хувааж болох юм. Эхнийх нь Нуригийн бүтээлд шимтдэг төдийгүй шүүмжилдэг үзэгчид бол удаах нь анх удаа түүний киног үзэж шүтсэн үзэгчид. Түүнчлэн, эхний үзэгчдийг зөвхөн эл кинонд хэрхэн хандсанаар нь бус, ерөнхийд нь дахин хоёр хувааж болно. Нуригийн бүхий л бүтээлийг шүтэн бишрэгчид, түүний эхэн үеийн бүтээлд илүү хайртай төдийгүй өөрчлөгдөж буй Нуриг анхааралтай ажиглан, магадгүй түүнтэй хамт түүний өөрчлөлтийг мэдрэн хувьсаж буй үзэгчид гэж.


Нури кино урлагт анх хөл тавихдаа кино бүтээх талаар ямар ч мэдлэггүй, мэргэжлийн бус цөөн хүнтэй багаар эхэлсэн ч кино бүтээхэд ямар ч дүрэм үгүйг, бас асар их хөрөнгө мөнгө хэрэггүйг, түүнчлэн ямар ч сэдвээр кино бүтээж болдгийг баталсан юм. Харин 1997 онд анхны бүрэн хэмжээний киногоо хийж, түүнээс хойш өнөөг хүртэл найруулагчаар ажиллахдаа өөрийн туршлага, туршлагаас олж авсан мэдлэг, кино урлагийн талаарх бүхий л ойлголтоо цогцоор нь “Өвлийн ичээ”-дээ гаргаж чаджээ. Маргаангүй энэ цаг үеийн суут найруулагч гэдгээ тэрбээр эхний бүтээлээсээ л харуулсан. Гэхдээ л та, нэг талаас өөрийн арга барилд бүрэн суралцсан, нөгөө талаас бүтээлийнхээ анхдагч санааг ямар хэлээр үзэгчдэд хүргэж, кино хальснаа буулгахаа бүрэн ойлгосон найруулагчийг “Өвлийн ичээ”-гээс харах болно. Тэрбээр нэгэнтээ “Би юу хийхээ мэддэг мэргэжлийн жүжигчдэд дургүй” хэмээсэн бол 2007 оны бүтээл “Гурван сармагчин” /Three monkeys / киноноосоо хойш мэргэжлийн жүжигчидтэй хамтран ажиллаж эхэлсэн. Түүний эхэн үеийн бүтээл дэх жүжигчдийн ямар ч харилцан яриагүй, чимээгүй тоглолт, мэргэжлийн бус хүмүүсийн ямар нэгэн жүжиглэлтгүй энгийн, сэтгэл татам байдал, дэлгэцнээ хөврөх гайхамшигт дүрслэлд татагддаг үзэгчид Нуриг өөрчлөгдөх нь хэмээн эмээж байсан биз ээ. Гэвч энэ бүхний эцэст тэрбээр мэргэжлийн болон мэргэжлийн бус жүжигчдийг кинондоо чадварлаг тоглуулж, жүжигчний авьяас чадвараас үл хамааран найруулагч дүрээ хүссэн хэмжээндээ бүтээлгэж болдгийг “Өвлийн ичээ”-гээрээ баталлаа. Нури 2002 оноос буюу “Алс” /Uzak/ бүтээлээсээ хойш хүмүүний дотоод зөрчил, сэтгэл доторх үгээр илэрхийлшгүй мэдрэмжүүд бидний зан аашаар илрэн гадаад харилцаатай холбогдох явц буюу хүмүүс хоорондын харилцааны тухай кино бүтээх болсон юм. Бусдад үгээр илэрхийлж болдоггүй, бүр боломгүй, гагцхүү дотоод сэтгэлд л өрнөдөг үйл явдлыг кино хальснаа буулгаснаараа “Өвлийн ичээ” туульс, найраглалийн шинжтэй бүтээл болжээ. “Өвлийн ичээ” киногоороо Нури гэр бүлийн амьдралын зөрчил, хувь хүний “би” гэх үзэл, эсвэл сэхээтнүүдийн бардамнал, ядуу тарчиг амьдралын тухай огт харуулаагүй. Тэрбээр хүн хоорондын харилцааг харуулахдаа бодит үнэнийг дэлгэж, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйг үзүүлснээс биш, зөв, зөрчилгүй харилцааны тухай дүрэм, аливаа гарцын тухай огт номлоогүй юм. Ерөөс киног үзэгч өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч, өөрийн олж харсан гоо сайханд баясдаг ч сайн үзэгчийн дүгнэлт найруулагчийн санаанаас төдийлөн зөрдөггүй билээ. Энэ нь, Нуригийн “Өвлийн ичээ”-г хэрхэн дүгнэснээр кинонд дурлагсдын боловсролыг, гоо сайхны талаарх ойлголтыг мэдэж авч болно гэсэн үг. Түүний эхэн үеийн кинонуудад эгэл жирийн турк гэр бүл, энгийн тосгоны тухай өгүүлдэг бол энэ удаад язгууртан гэр бүлийг гол дүрээ болгосныг найруулагчийн хувийн амьдралын өөрчлөлтүүдтэй шууд холбон тайлбарлаж болно. Учир нь, тосгоны хүү байсан Нури өдгөө туркийн хамгийн алдартай найруулагч, нийгэмд нэр хүндтэй нэгэн болсон билээ. Ямар ч уран бүтээлч өөрийн амьдрал, амьдарч буй орчноосоо олж харж буй үнэн хийгээд худлын тухай л туурвидаг нь гарцаагүй үнэн. Бүхий л дүрээ ижил түвшинд аваачих тул хэн нэг нь бусдаасаа илүү сул дорой, эсвэл бусдаасаа илүү жигшмээр сэтгэгдэл төрүүлдэггүй нь найруулагчийн амьдралын философийн нэгээхэн тусгал, бас үндсэн хэллэг нь юм. Нуригийн хувьд хүн төрөлхтөн ямар хувцас өмсдөг, ямар угсаа гарвалтай байгаагаас үл хамааран хүнийг хүн болгодог аз жаргал, амар амгалан, гуниг гутрал, сэтгэлийн мухардал зэрэг нь нэг л зүйл юм гэдгийг “Өвлийн ичээ” өгүүлнэ. Бидний нэр, албан тушаалын зөрүү, эд баялгийн хэмжээнээс хамааран өөр өөр баяр, гуниг байдаггүй аж. Энэ бүх тавиланг, хувиршгүй үнэнг тэрбээр жүжигчдийн чимээгүй, дотогшоо гэмээр тоглолт, өөрийн үндсэн арга барил болох зураглалаар харуулахын зэрэгцээ энгийн агаад гүн утга бүхий харилцан яриагаар илэрхийлжээ. Ингэснээр найруулагч кино бүтээх хоёр хэлээр үзэгчтэй харилцаж, гурван цаг 16 минут үргэлжлэх киноныхоо өчүүхэн хэсэгт ч тэрхүү хоёр хэлний алийг нь ч тааруухан гүйцэлдүүлээгүй нь гайхалтай. Энэ нь найруулагчийн хэчнээн чамбай болохыг, бас киногоо нэгэн бүхэл болгож чаддагийг нотлов. Нури урьд нь гэрэл зурагчин байсан бөгөөд үүний нөлөө бүхий л кинон дээр нь чухал хэллэг болж харагддаг. Гэхдээ түүний киног зөвхөн гайхалтай зураглал гэж үзвэл эндүүрэл. Хурц гэж хэлж болохоор үйл явдлууд, жүжигчдийн сэтгэл хөдлөл ихтэй тоглолтууд киноны тайлал мэт боловч эдгээр хэсэг нь дүрүүдийнхээ сэтгэл зүй, мөн чанарыг илүүтэй тодотгох гэсэн нэгэн шийдэл. Гол дүрүүдийн ядууст хандаж буй ноён зан, өөрийн дутууг гүйцээн өглөгч хандах сэтгэлийг Нуригийн гол санаа гэж ойлгох нь явцуу. Учир нь, нэг талаас тэдгээр дүрийн үйлдэл нь тэдний мөн чанар биш бөгөөд ерөөс Нуригийн киног бүхэлд нь ойлгох нь зөв юм. Эцэст нь хэлэхэд, гурван цаг 16 минутын хугацаа бол кино урлагаар илэрхийлж болох Нуригийн үнэт сургаал, бодит үнэнг дүрслэлийн  урлагаар харуулсан хязгаар байсан гэдэгт л итгэнэм.


 Гоодаль сэтгүүл дугаар 68. Дэмбэрэлийн Оюунномин

Tuesday, January 27, 2015

Хохирогч хийгээд гэмтний гэрээслэл



Дэлхий ертөнцийг зөвхөн Холливуд, McDonald's зэргээр төсөөлөгсөд байхад эсрэгээрээ тэдгээрийг үзэн яддагсад бас бий. Энэ бол хүмүүсийн таашаал, хандлага, үзэл бодлын ялгаа. Үзэл бодлын ялгаа үнэт зүйлсийн хийгээд оршихуйн өөр өөр хэлбэрийг бий болгодог. Эцэст нь хоёр өөр үнэт зүйлийн ялгаанаас үл хамааран бүх хүн адил байдгийг, гарцаагүй өгөгдсөн нөхцөл байдал бүгдэд үйлчилдгийг, хамгийн чухаг нь орчин цагийн соёл иргэншилтэй хүмүүсийн нүдэнд үзэгдэх байнгын хувьслыг, үүнд хүмүүс бие болон ухаан, сэтгэлээрээ хэрхэн хандаж, дасан зохицож буйг кино дэлгэцнээ харуулсан найруулагч бол Цай Мин Лянь. 1957 онд мэндэлсэн тэрбээр зөвхөн төрөлх үндэстэн Малайз, цаашлаад дорно дахины тухай бус, орчин цагийн хотожсон нийгэм дэх хүмүүсийн бодит амьдралыг киногоороо харуулдаг. Техник технологийг амьдралынхаа хэвшил болгоогүй, ахуй амьдрал нь анхдагч түүхээсээ төдийлөн хувьсаж өөрчлөгдөөгүй улс үндэстэнд Цайгийн бүтээлүүд хамааралгүй. Эрээ цээргүй, уйтгартай, тэгсэн атлаа оньсого мэт тааварлашгүй, үсэглэх мэт удаанаар хөврөх кадр, уй гунигтайгаа эвлэрсэн эс бөгөөс яах ч учраа олохгүй тарчилж байгаагийн алин болохыг онож хэлэх аргагүй дүрүүд нь ертөнцийн хаана ч байх боломжгүй  мэт харь хөндлөн, тэгсэн атлаа ойр... Өнөө цагийн хамгийн утгагүй, сонирхолтой найруулагчийг цөөн үгээр тодорхойлбол ийм. Цайгийн намтар ийн эхэлжээ. Гудамжинд гоймон зардаг өвөө нь ач хүүгээ кино урлагт дуртай болгочихож. Үүнийг мэдсэн Цайгийн эцэг хүүгээ гэртээ эргүүлэн авчирсан ч Цайгийн ухаан бодолд кино, дүрсээр илрэх урлаг хэдийнэ чухал байр суурь эзэлсэн байв. 1960-1970 онд буюу кино урлагийн алтан үед түүний хүүхэд нас өнгөрч, өвөөтэйгөө хамт хамаг цагаа кино театрт өнгөрүүлдэг байв. Өөрийнх нь хэлснээр, тухайн цаг үед одоогийнх шиг арилжааны кино гэж байгаагүй нь кино урлагийн талаар тогтсон хэмжүүртэй болоход нөлөөлжээ. Хятадын урлагийн их сургуулийг төгсөн 1982 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн Цай тайваний шинэ давалгааны хоёрдугаар үеийн гол төлөөлөгчдийн нэг. Тэрбээр оюутан байхдаа театр, телевиз хоёрын аль нэгийг сонгох болж.  Их сургуульиа төгссөний дараа телевиз, театрын салбарт туршилт хийсэн ч тэрбээр телевизийг ч биш, театрыг ч биш киног сонгов. “Кино урлаг өөрөө намайг сонгосон”  гэж тэр хэлдэг. Түүний хувьд найруулагч байна гэдэг анхнаасаа л юу хийх нь тодорхой, өөр зүйлд өөрийгөө хөгжүүлэх шаардлагагүйгээр нэгэн бүхэл болж өгөгдсөн хувь тавилангийн замнал байж. Бүрэн хэмжээний есөн кино, богино хэмжээний хэд хэдэн бүтээл, 11 телевизийн бүтээл хийсэн эл эрхэм  эсэргүүцэл, гутаан доромжлол,  магтаалыг зэрэг  хүртдэг. Анхны бүрэн хэмжээний кино нь “Неон бурханы босогчид “ /Rebels of the Neon God/ 1992 онд дэлгэцэнд гарсан цагаас л  Цай кино урлагт шинэ үзэгдэл байв. Уг кинонд түүний хожмын алтан хамтрагч нь болох, жүжигчин Ли Кан-Шен тогложээ. Өдгөөг хүртэл Ли Кан-Шен  бүх киноных нь  гол дүрийг бүтээсэн болохоор  Цайгийн кино нэг хүний амьдралыг харуулж буй олон ангит цуврал шиг санагдах нь бий. 1994 онд “Мөнхийн хайр” /Vivе I`Аmour/дэлгэцэнд гарч, зохиолыг бичихэд оролцсон Ли Кан-Шен өөрөө кино хийхийг хүсэх болж. Хожим Цай продюсерээр нь ажиллаж хоёр ч кино зохиол бичиж, өөрөө найруулсан удаатай. Бараан комеди, эмгэнэлт хошигнол, драмыг сүлэлдүүлсэн Цайгийн кинонууд өөр хоорондоо ялгаатай ч найруулагчийн үндсэн хэв маяг нь ойлгомжгүй байдал, гол бэлгэдэл болох ус, харилцан яриа гэх юмгүй дүнсгэр, зовлондоо тарчилсан дүрүүд юм. Цайгийн бүтээл ямар ч түвшиний үзэгч үзэхэд дарамттай,  хүнд уур амьсгалыг бүрдүүлж тийн түлхэлт, ухамсаргүй автуулалт нь дунд хэсэгт киног ухаж ойлгосон мэт мэдрэмж төрүүлэвч төгсгөл үедээ эргээд эхний нөхцөлд нь үлдээдэг. Найруулагч үзэгчээсээ бясалгалын хэмжээний бодрол шаарддаг. Үүнийг та “Гол” /The River/, “Би ганцаараа унтмааргүй байна” /I don`t want to sleep alone/ киноноос илүү мэдрэх болно. Киноны зураг авалтын талаас илүү хувьд нь шөнө байдаг  нь орчин цагийн хүмүүс гагцхүү шөнөөр л /энэ нь ганцаараа байх гэсэн утгыг давхар агуулна/ жинхэнэ сэтгэл хөдлөл, өөрт мэдрэгдэж буй  дотоод бүх зүйлсээ чөлөөтэй гаргадаг болохыг тэр үүгээрээ харуулсан юм. Сэтгэл хөдлөл хүнийг хад чулуу биш болохыг илэрхийлдэг. Харин хүн төрөлхтний өдийг хүртэл бүтээж байгаа, хэзээ ч нуран унахгүй  нийгэм хүмүүсийг сэтгэл хөдлөлөө барьж, гадагш илэрхийлэхгүй байх нөхцөл рүү түлхэж, ингэснээрээ  хүмүүс улам бүр чулуужих байгаа нь хөрш зэргэлдээ байтугай гэр бүлийн хүмүүсийн харилцаанд өөрчлөлт оруулж байгаагаас харагддаг. Чухам үүнгийн л Цай кинондоо гол агуулгаа болгодог. Тиймдээ ч түүний кинонд уйлах, гутрах, ганцаардах, тачаадах зэрэг үйлдлүүд кадрын нэлээд хэсгийг  эзэлнэ. Ус, бие засах, хоол идэх зэрэг хүний үйлийг Цай зүгээр нэг харуулдаггүй. Хүн утгатай, утгагүй ямар ч нөхцөлд амьдарч байг хамаагүй амьд байхын тулд биологийн үүднээс ухамсаргүй хийгдэж буй үйлдэл болохыг илэрхийлдэг. Дүрүүд яаж ч шаналж, ганцаардсан ч нь амиа хорлох гэж оролддоггүй нь ч Цайгийн амьдрал бол байгаа тэр л чигээр нь туулж гарах жам гэх үзлийн илрэл ажээ. 

Хүний секс илэрхийлэл орчин цагт улам илэн далангүй болж, нүцгэлэлт, ил задгай байдал хэвийн зүйл болсон гэх ч Цайгийн үзлээр бол тийм биш. Харин ч галзуурсан их эротик хүсэл контемпорари орчинд дутагдаж байгаа гэж үздэг бөгөөд энэхүү үзэл бодлоо “Баяртай, Луу дэн буудал” /Goodbye Dragon Inn/, “Нүх” /The Hole/ бүтээлдээ гүн гүнзгий тусгасан байдаг. Хоёр хүний харилцан ярианаас илүүтэй сексийн хэрэгцээ нь тэднийг ойртуулж,  хамтдаа байх бас нэг шалтгаан болж байдгийг ч давхар агуулна. Ганцаардал гэдэг олон хүнээр хүрээлүүлэн байна уу, эсвэл дэргэд чинь хэн ч үгүй юу гэдэгт биш, огт өөр асуудал болохыг Цай үзэгчдэд шинээр нээж өгнө. Хэн нэгний амьдрал өөр нэгнээсээ нягт хамааралтай болох  цагт хүмүүс өөрсдийгөө юунд үнэхээр дуртай, хэнд хайртай вэ гэх асуултаар ээрч, асуулт нь утгагүйтэлд хөтлөн амиа хорлох, эс бөгөөс юуг ч эс таалах зовлонт байдалд хүргэдэг. Тэр зовлонт байдал нь ганцаардлаар илрэх  тэмцэл болж хувирдаг. Түүний бас нэг сонирхолтой бүтээл бол 1998 онд дэлгэцнээ гарсан “Нүх”. Уг бүтээлээсээ эхлээд Цай кинондоо үндэсний болон 1930-аад оны мaнпарин поп хөгжмийг ашигласан хөгжимт хэсгийг нэмэв. Миленхолик комеди болох тус бүтээлд тахалд нэрвэгдсэн нэгэн хотын хөрш эр, эмийн харилцааг харуулна. Нам гүмээс гэнэтийн  цочирдом кадраар солигдох нь эхэн үеийн “What is there time” , “Goodbye Dragon Inn,” зэрэгтэй харьцуулбал үзэгдэх байдлын хувьд өргөжиж, үзэгчдэд илүү сонирхолтой болсон төдийгүй түүний бүтээлүүд улам мастерын түвшинд хүрч буйтай маргахын аргагүй байв. Удаанаар хөврөх кадрын уйтгарт дүрүүд гэнэт өнгөлөг, гял цал орчинд тун ч хөгжилтэйгөөр дуулах нь Цайгийн бодож олсон хамгийн суут солиорол. Түүний дүрүүд харилцан яриа байдаггүй нь амьдрал, харилцааг ийм л байх учиртай, ийм л байдаг гэж харж буй бодлых нь илрэл гэлтэй. Энэ бүхнээс үзвэл Цайгийн бүтээлүүд орчин цагийн  хүмүүсийн хамгийн тод томруун  зураглал. Түүний бас нэгэн шуугиан тарьсан бүтээл бол 2005 онд хийгдсэн “Адармаат үүлс” /The Wayward clouds/. Урьдны бүх киноноос нь ч бага харилцан яриа, хөгжимт хэсэг нь  төгс болсон, сексийн хэсгүүд нь порно кино шиг ил тод уг бүтээл Цайг анти-порно найруулагч гэгдэхэд хүргэв. Түүний киноны сексийн зураглал зөвхөн дур хүсэлтэй холбоотой биш. Энэ илэрхийлэл бол өөрөө үзэж, шүүн тунгааж байж л ойлгох тийм хүчин. Цай хамгийн сүүлийн бүтээл болох “The Face” кинондоо өөрийнхөө хамгийн дуртай найруулагч Франсуа Трюффогийн “400 цохилт” /The 400 Blows/ киноны гол дүрд тоглосон францын нэрт жүжигчин Жан Пьер Леотой хамтарч ажилласан юм. Энэ нь гэхдээ тэдний хувьд хоёр дахь тохиол. Уг бүтээл Цайгийн өмнөх кинонуудын адил  гей кадр, хөгжимт хэсэг, үг хэлгүй харилцан яриа, уйтгарт уур амьсгал, ус, бие засах, хоол идэх, унтах, ганцаардсан дүрүүдээс бүтсэн. Илүү өрнөлөг шинжтэй болсон уг бүтээл гэхдээ найруулачгийн уналт гэхэд болно. Цайгийн бүтээлд симбол утга бүхий үзэгдэл үгүй юм шиг хэрнээ үзэгчид өөрийнхөөрөө ойлгох олон утга байдаг. Ямар ч утгаар тайлбарлаж болох олон ургальч үзлийг төрүүлдэг атлаа эцэст нь  мянган үзэгчийн өөр өөр бодлыг нэгэн цэг дээр огтлуулж чаддаг. Түүний дараагийн бүтээлд эдгээр чанараас өөр юм үгүй л байх биз ээ.  Тааварлахад амархан юм шиг хэрнээ түүний дараагийн нүүдлийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Энэ л түүнийг бусад найруулагчаас ялгаруулдаг арга барил юм.

Гоодаль. 


Tuesday, November 25, 2014

Татум



                                                                               
Борхүүгийн Мөнхбат
 /VOID студийн арт директор, компютер график дизайнер/
Өөрийн гэсэн компьютертэй болж тоглоом тоглох хүсэлдээ хөтлөгдөн ШУТИС-ийн компьютер графикийн ангийг сонгож, улмаар мэргэжилдээ дурлаж эхэлсэн Б.Мөнхбат өөрийгөө монголын видио урлаг, сурталчилгааны ертөнцөд нэгэн цагийг өнгөлсөн тугч болно гэж төсөөлөө ч үгүй биз ээ. Хувь тавилан бидний оролцоогүйгээр хэн нэгний бэлдсэн замнал биш, бидний хийсэн сонголтын үр дүн байдаг нь гарцаагүй. Тэрбээр өдгөө монголын тэргүүлэх зэргийн компаниудын брэнд бүтээгдэхүүнүүдийн сурталчилгааг бүтээдэг  VOID студийг амжилттай удирдаж байна. VOID нь хоосон гэх  утгатай үг бөгөөд тэрбээр энэ нэрийг оноож өгсөн тухайгаа “Хов хоосон юу ч байхгүй газар ямар байх вэ, мэдээж тас харанхуй, хязгааргүй байна. Ертөнц өөрөө хоосноос үүсч, хоосонд оршиж, эргээд хоосонд үгүй болдог. Тэгэхээр хоосон гэдэг маш том эхлэл, юуны ч эхлэл байж болно. Бид хийж буй бүтээл бүртээ хоосон хязгааргүй орон зай шиг юунд ч захирагдахгүй, чөлөөтэй сэтгэж,  тархиныхаа гүнээс гарсан санаагаа хэрэгжүүлнэ” хэмээсэн юм. 

Дэмбэрэлийн Оюунномин Амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр түүнийг дагаад олон шинэ салбар, мэргэжил бий болж байна. Энэ нь хүмүүст өөрөө өөртөө эзэн байх, өөрийнхөө юмыг хийх боломжийг нэмэгдүүлж, залуус хувийн бизнес эхлүүлэх сонирхолд улам хөтлөгдөх болж. Бизнес эхлүүлэхэд тухайн хүнд байвал зохих чанар юу вэ?
Борхүүгийн Мөнхбат Хүсэл мөрөөдлийнхөө цаана байгаа зүйлийг олж харсан, түүнд хүрэхийн тулд хийвэл зохих зүйлсээ маш сайн судалж, бодитойгоор хандаад чадна гэж үзсэн бол “зориг”. Тэнэг ч гэмээр тийм их зориг шүү. Тэгээд тэвчээр, шударга зан, өөрийнхөөрөө байх, өөрийгөө хүнд нөхцөлд оруулан зовоох, байрнаасаа үргэлж хөдлөх хэрэгтэй. Тэр бүхний хүчээр ард нь гарах тууштай зан бас чухал. Хүнд муу санахгүй, тархиа ч, зүрхээ ч ариун байлгах, дараа нь харилцаа.
Д.О. Сурталчилгаа бол нэг төрлийн урлаг, хүчтэй нөлөөлөл. Монголд тэр дундаа видио сурталчилгааг хүмүүст ойлгуулах, цаашлаад үнэлгээ бодитойгоор нэмэгдэх, компаниуд энэ бүхнийг ойлгох соёлыг бий болгоход танай студи багагүй хувь нэмэр оруулсан. Үүнийг таны амжилт гэж болно биз дээ?
Б.М. Амжилт гэдэг үгээр  улс төр, эсвэл нэр алдрын төлөөх үйлдлийг дүгнэдэг юм шиг санагддаг. Тийм болохоор би энэ үгэнд таатай ханддаггүй. Амжилт биш, миний бяцхан бизнесийн давшилт гэж л хэлмээр байна.  
Д.О. Давшилтанд тань төгсгөл байх уу?
Б.М. Би хийнэ гэсэн бүхнээ хийчихээд эрт тэтгэвэрт гарахыг хүсдэг. Хүмүүс хөгшрөөд тэтгэвэрт гардаг бол би 10 жилийн дараа гэхэд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, аялж, тайван амьдрахыг хүсч байна. Гудамжаар хөгжим сонсон алхаж, кофе уугаад л, юунд ч санаа зовохгүйгээр нам гүм амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 10 жилийн дотор хийнэ гэснээ тултал нь хийнэ ээ.
Д.О. Өөрийн нэр алдрыг өсгөхийн тулд хийж байгаа үйлдэл бусдад өгөөжтэй байх нь бий шүү дээ?
Б.М. Гараа хөдөлгөхгүй, амар хялбараар амьдралаа авч явах арга л гэж санагддаг. Гадаргуугаа өнгөцхөн чимж байгаагаа мэдэхгүй өөрийгөө мундаг гэж бодоод, тэр бодлоо алдар нэрээр тэжээж өөгшүүлдэг. Алдар нэр горилдог ч тэр хэмжээндээ хүрэхүйц чадалтай, ухаантай, хүнлэг байдаг бол муу юм алга л даа. Хийж байгаа зүйл нь тухайн салбартаа хөгжил авчрахын төлөө биш, бусдад таалагдах, олны танил болох, шагшин магтуулахын тулд амжилттай байх гэсэн хүмүүс өөрийгөө эвдэж, түүнийгээ ч мэдэлгүй сансарт амьдарсаар байдаг. Миний хувьд гэвэл, Монгол улсын хэмжээнд видео урлагт бодитой хөгжил авчрахгүй юм бол өнөөдөр реклам хийх хэрэггүй гэж боддог. Хийж байгаа ажлаа зөвхөн мөнгөөр хэмжиж, эд материалын хувьд өөртөө сэтгэл хангалуун амьдарч болно. Гэтэл өнгөрснөө эргэн хараад “Би юу хийж бүтээсэн юм бэ?” гэдэг асуулттай тулгармааргүй байна. Аливаа хүн оногдсон ажлаа тултал нь хийж чадвал тухайн салбар хурдан хөгжих атал ихэнх нь мөнгөний төлөө хийж байгаа зүйлийнхээ чанарыг алдагдуулж, замаасаа гаждаг. Амьдралын мөн чанарыг ойлгосон хүмүүс бол энгийн байдаг, энгийн рүү тэмүүлдэг. Алдар нэрийн төлөө, бусдад таалагдах гэж зүтгэдэггүй. Зүгээр л өмнөх ажлаа сэтгэлээсээ, сайн хийхийг л боддог. Гаднах бүх зүйл нь өөрчлөгдсөн байлаа ч дотоод мөн чанараа гээгээгүй хүмүүст би дуртай. Зөв суурь хүмүүжилтэй хүмүүс ямар ч тохиолдолд тэр гэрлээ гээдэггүй байх.
Д.О. Хүнлэг чанараа гээгээгүй хүнийг таньж чадах уу?
Б.М. Танина. Мэдэрдэг. Цаг хугацаа ч бас хэн бэ гэдгийг нь харуулна. Тэр болтол анхныхаа мэдрэмжид итгээд, тэр хүндээ сайхан сэтгэлээр хандаад явна. Магадгүй миний энэ чанарыг буруугаар ашиглавал тэр хүн танигдана, гэлээ гээд түүнд гомдохгүй. Хүн хүнлэг чанараа гээлгүй, насан туршдаа хадгалах нь л чухал байх. Өөрийгөө зөв чиглүүлж, зөв хөгжүүлэхгүй бол хүн бүрт заяагддаг тэр чанар гээгдэх аюултай.
Д.О. Оюутан байхаасаа л “Hero энтертайнментэд ажилласан гэхээр найруулагч Баатар танд багагүй нөлөөлсөн болов уу. Тэнд ажиллаж байсан цаг үеэс танд юу үлдсэн бэ?
Б.М. Баатар ахаас маш их зүйл сурсан. Миний аавын дараа нэрлэгдэх, амьдралд минь маш том үүдийг нээж өгсөн энэ хүн зөвхөн намайг хөгжихөд нөлөөлөөд зогсохгүй монголын видео урлагт том хувь нэмэр оруулсан хүн шүү дээ. Баатар найруулагч үгээрээ биш, үйлдлээрээ надад ихийг зааж өгсөн. 2008 онд сургуулиа төгсөөд би жил орчим ажиллаад “Hero”-гоос гарахад “Ахын дүү хана мөргөөд хэцүүдвэл хүссэн үедээ эргээд ирээрэй” гэж хэлсэнийг нь мартдаггүй.  Түүнээс хойш би яагаад ч юм очиж уулзаж чадахгүй л явна. Тэр хүнээс асар их зүйл сурсан болохоор нэг тийм өртэй юм шиг санагдаад, эмээгээд, очихоос санаа зовдог ч би насан туршдаа хүндэтгэнэ.
Д.О. Таныхаар, ямар зан чанар жинхэнэ эр хүнийг тодорхойлох вэ?
Б.М. Маш шударга, аливаад уужим, зөөлөн сэтгэлээр ханддаг, уучилж чаддаг чанар. Чадалтай байх ёстой, сул дорой биш.

Д.О. Мөнгөөр хэмжигдэх капиталыг эс тооцвол хүний анхдагч капитал нь ухаан, бас бусдаас ямар нэг зүйлийг илүү хийж чадах чадамж. Таны анхдагч капитал юу вэ?
Б.М. Хүнд муу санахгүй, уужим сэтгэлтэй байхад ээж минь намайг багаас л суралцуулсан. Би хүнийг гаргасан алдаан дээр нь ч ойлгож, хайрлахыг хичээдэг. Надад рекламыг ингэж хийгдэг гэж хэн ч зааж өгөөгүй. Гэхдээ чадахгүй юм гарч ирэхэд чадахгүй нь гээд орхилгүй, заавал ард нь гарч байж санаа амардаг. Миний туулж өнгөрүүлсэн амьдрал юмыг олон талаас нь боддог болоход намайг сургасан болов уу. Би их зөрүүд. Шуналтайдаа биш, зүгээр л жижигхэн, тэнэг зүйл байсан ч авахыг хүссэн бол авч байж л санаа амардаг маань ажлын талбарт тусгалаа олохдоо хийнэ гэснээ заавал сэтгэлдээ нийцтэл чанартай хийх, эхлүүлснээ дуусгах дадал болдог ч байж магад.
Д.О. Ажлын зарим нэг онцлог хувь хүний хөгжил, хандлага, зан байдалд нөлөөлөх юм уу?
Б.М. Нэг л мэдэхэд жижиг гэлтгүй бүх юмыг олон талаас нь боддог, байх ёстой юм байрандаа, ямар ч өөгүй байх ёстой гэсэн зарчимтай болчихож. Урлагаас авдаг мэдрэмжийг ахуйн жижиг сажиг зүйлсээс ч мэдрэхийг хүсэх болжээ. Нэг талаас надад байдаг төрөлхийн зан чанар ажлыг минь урагшлуулж, нөгөө талаас ажил маань надад байх ёстой зан чанарыг өгч, энэ бүхэн нэгдэн нийлдэг байх.
Д.О. VOID студи бол таны бизнес. Бизнестээ баримталдаг хамгийн гол зарчим тань юу вэ?
Б.М. Ямар хүн үүнийг хүлээж авч, бизнест нь сайнаар нөлөөлөх вэ гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Яаж хийхээ мэдэхгүй гацах үе заримдаа тохиодог ч би хийх л ёстой гэсэн жанжин шугам байж л байдаг. Би үүнийг л хийж байж үүнтэй ижил ажлыг хийж чадах учраас хийх л ёстой гэсэн шаардлага өөртөө тавьдаг. Тэгэхийн тулд судалгаа хийнэ. Би яах ёстой, надаас юу шалтгаалж байна вэ гэдгийг боддог. Туйлын зөв талаас нь бүгдийг тооцоолно, дараа нь болохгүй бүх талаас нь тооцоолно. Тэгээд аль нь илүү байна вэ, тэр үед л эцсийн шийдвэрээ гаргах нь чухал. Тэдгээрийн алийг нь шийдэх боломжтой, алийг нь шийдэх боломжгүй вэ гэдгийг бас тунгаах хэрэгтэй. Хэрэв би туслах ажилтан байсан бол хараад л сууж байна, харин студиэ авч яваа хүний хувьд хараад сууж байх эрхгүй. Гэхдээ зөвхөн мөнгөний төлөө, өнөө маргаашийн гачигдалгүй амьдралын төлөө биш, өмнөх ажлаа чанартай хийж салбартаа хөгжил авчрах хэрэгтэй болов уу.
Д.О. Танай студийн үндсэн чиглэл бол видио сурталчилгаа. Аливаа компанийн маркетингийн баг бүтээгдэхүүнээ сурталчлахын төлөө ажилладаг. Тэр багаас гаргасан анхны санааг боловсруулж, биежүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх дамжлага нь реклам бүтээгчдийн ажил уу?
Б.М. Маш богинохон хугацаанд хүний бүхий л мэдрэмжийг  татаж, дээд цэгт нь хүргэж хамгийн чухал мессежээ хүргэх нь видио сурталчилгааны зорилго. Тийм болохоор хэрэглэгчдийн сонирхол, яаж хийвэл тухайн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх вэ гээд олон хүчин зүйлийн талаарх судалгаан дээр үндэслэж реклам хийдэг. Видио сурталчилгаа бүтээгчид хүнд хүрэхгүй байтал хэтэрхий гаж сэтгээд, хийж байгаа юмаа мундаг гэж хөөрөх ёсгүй. Үсээ ургуулаад өөрийгөө тунхаглачихсан, тэнгэртэй холбогддог мэтээр ярьж, хүмүүст түүнийгээ итгүүлдэг зарим нэг зураач шиг байж болохгүй л дээ. Сурталчилгаа бол хэрэглээний урлаг. Тэгэхээр VOID зөвхөн видио сурталчилгаа хийдэг студи, бизнесийн байгууллага биш видио урлаг,  хөдөлгөөнт урлаг, компьютер графикийг хөгжүүлж байгаа уран бүтээлч юм. Би хийж үзээгүй зүйлээ л хийхийг хүсдэг. Ингэснээр илүү хөгжиж, илүү таашаал авна.  
Д.О. Энэ бүхний эхлэл рүү очье.  Хүн болгон аливаа зүйлд өөр өөрөөр ханддаг шиг хувийн студитэй болох гэсэн анхдагч санаанууд ч бас өөр өөр байдаг байх. Таны хувьд?
Б.М.Hero”-гоос гараад гурван найзынхаа хамт QUAD студийг байгуулсан.  Юуны тулд, яаж ажиллаж байгаагаа мэдэхгүй, нэг харахад ажил дээрээ олон шалтгааны улмаас ганцаараа үлдчихсэн хонож л байдаг. Тэр үед миний бие өвдөөд, эмнэлэгт ажлаас хол, бодол минь агаартай байх үед их олон зүйлийг ойлгосон доо. Өөртөө багтаж ядсан том мөрөөдөл маань намайг хөтөлсөн. Тэр мөрөөдөл нь  анимэйшн хийх юм. Даалгавраа хийж хийчихээд маргааш нь муу авах, хийхгүй ирээд онц авчихдаг шиг бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагддаггүй юм билээ. Мөрөөдлөө биелүүлэхэд надад хөрөнгө, баг, сайн техник хэрэгтэйг ойлгосон. Дансанд байгаа мөнгө гэдэг тухайн хүний утгатай амьдарсны, хөдөлмөрлөж бүтээсний баталгаа огтоос биш. Тийм болохоор би мөнгөний төлөө биш мөрөөдлөө биелүүлэхийн тулд VOID студийг анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, алхам алхамаар мөрөөдөлдөө хүрэх замаа засч байна. Сайн боловсон хүчнийг өндөр цалингаар ажиллуулж чадахгүй учраас авьяастай, түүнийгээ хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуусыг боловсруулж багаа бүрдүүлэх нь зөв гэж би бодсон. Тийм багтай ч болж чадсан.  Энэ бүхэн аз. Би азанд итгэдэг. Би ухаантай байх гэж, бүгдийг чаддаг байх гэж хичээгээгүй. Зүгээр л өөрийнхөөрөө, илэн далангүй байж, бүх юманд шударгаар ханддаг.
Д.О. Зарим тохиолдолд эхлүүлсэн юмаа дуусгаж чаддаггүйн алдаа юунд байдаг юм бол?
Б.М. Тууштай биш байна. Ямар ч  өөгүй, алдаагүй, төгс зүйлийг хүсээд байдаг. Гэтэл төгс зүйл гэдэг чинь замбараагүй, эмх цэгцгүй зүйлээс л эхэлдэг шүү дээ.
Д.О. Бодож төлөвлөж байгаа зүйлс, шинэ санаагаа илэн далангүй хуваалцдаг чанар таны нээлттэй зангийн нэг илрэл бололтой. Ямар цаг үед хаана, хэнд, юу хэрэгтэй байгааг бусдаас хэдэн нүүдлийн өмнө олж харж, өрсөж хэрэгжүүлэх чадварыг бизнес мэдрэмж гэх болов уу. Хэн нэгэн санааг тань хуулбарлахаас эмээдэггүй юу?
Б.М. Энэ чинь бүтээлч сэтгэлгээ шүү дээ. Санаагаа нуугаад, үүнээсээ болоод айдастай амьдардаг уран бүтээлчид цөөнгүй. Чиний санааг чамаас өөр хэн ч яг чам шиг хэрэгжүүлж, хөгжүүлж чадахгүй. Өөрт төрсөн гайхамшигт санааг бусдаас нуух нь тэр хүний сонголт хэдий ч, тэр нь айдас болоод, шаналгаад байхад түүнээсээ салахгүй байж болохгүй. Эсвэл ямар нэг мухар сүсгээс болдог юм уу, бүү мэд. Хүнээс гарах санаа бол дундаршгүй том далай. Нэг санаа олчихоод түүндээ баригдаад, айдаст автаад, дараагийн санаагаа төрөх боломжийг хаагаад байж болохгүй шүү дээ. Чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Би л хувьдаа ямар нэг юманд тэгтлээ итгэж, туйлширч, мухраар сүсэглэж, баригдмал байхыг хүсдэггүй. Хийж байгаа зүйлдээ ч “яг одоо...” гэж ханддаг.
Д.О. Бизнес эхлүүлэхэд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр гэдэг чухал. Олон хүн энэ асуудлыг шийдэж чадаагүйгээс, шийдэх боломжгүй гэж үзсэнээс мөрөөдлөө орхидог. Харин та үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Б.М. Өөрийн гэсэн дансгүй, барьцаа гэх юу ч үгүй байж маш их хэмжээний зээл аваад, нэлээд өртэй эхэлж байлаа. Гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс маань эмээж хандаж байсан нь надад их дарамт болж байсан. Би гэхдээ мэдээж тооцоолсон л доо. Тэр тооцоо цаасан дээр бичигдсэн биш, дотроо л бодсон тооцоо байсан. Хоёр компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан маань  аз ивээсэн эхлэл байлаа. Чанартай бүтээл хийвэл хүнд хүрнэ. Нэг сайн реклам төрөхөд түүнийг дагаад хоёр захиалагч шинээр гарч ирдэг. Бид хурдтай ажиллаж, бас харилцагчид биднийг зорьж байсан болохоор хүнд нөхцөл удаан үргэлжлээгүй.
Д.О. Хүнд хэцүү үед тэр бүхнийг давах хөшүүрэг нь юу байв?
Б.М. Ээж минь байна, надад итгэж байгаа олон хүн байна. Гэр бүл, ах нар, цусан төрөл болох хамаатан садныхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бэрхшээл бүхнийг давахаас өөр сонголт надад байхгүй. Яагаад ч юм багаасаа л “Би л хийх ёстой” гэсэн бодолтой байв. Намайг нэгдүгээр ангид байхад аав маань нас барсан юм. Аав минь морь уядаг, мориор гоёдог, шударга, жинхэнэ монгол эр хүн байсан. Атаархсан сэтгэл, ухаангүй уур хилэнгээ захирч чадаагүй нэгэн аавын минь аминд хүрэх тэр бүхнийг  нүдээрээ харсан болохоор би хангалттай зовлон үзсэн. Тийм зүйлийг нүдээрээ үзчихээд, дараа нь шархыг нь сэтгэлээрээ туулчихсан атал тэрнээс дор шантрах, гутрах  зүйл амьдралд байна гэж үү. Би одоо бол тэгж их шантраад, сэтгэлээр унаад байдаггүй.  Ээжийнхээ ухаан, сайн хамаатнуудынхаа ачаар бид тэр бүгдийг давж гарсан даа. Аавыг байхад би хангалттай жаргасан гэж боддог. Гэхдээ амьдрал баян, эрээнтэй бараантай. Зовлон гэгчийг би найман наснаасаа эхэлж үзсэн, туулсан. Гэхдээ тэр бүхний ард гарахдаа хүнлэг чанар, өөрт байгаа гэрэл гэгээгээ авч үлдэж чадсан юм болов уу. Өсвөр насан дээрээ би  хичээл хийдэггүй, компьютер л тоглодог хүүхэд байв. Гэрээсээ хол байсан маань ч энэ бүхэнд нөлөөлсөн байх.  Нэг хэсэгтээ тиймэрхүү байдалтай байсаар ёсдүгээр ангиасаа хичээлээ хийж эхэлсэн дээ.
Д.О. Ямар нэг тохиол болоо юу?
Б.М. Ээжийгээ өрөвдсөн. Би юм хийх ёстой, надад ухрах, муу байх эрх байхгүй гэдгийг улам хүчтэй ойлгосон. Ар гэр, амьдралаа харахаар надад алдах эрх байгаагүй. Хэдий болтол ээжийнхээ зовж олсон мөнгийг компьютер тоглоомд үрэх вэ гэж бодсон. Цаг хожвол ялна, цаг алдвал доошоо унах учраас би зөвхөн маш хурдацтайгаар урагшлахгүй л бол болохгүй болчихсон байсан. Би багын л зурах дуртай, цаас, харандааг илүүд үздэг хүүхэд байлаа. Нэг их сайн зурдаггүй ч санаагаа бол хүнд ойлгогдохоор зурчихна. Би Өвөрхангай аймагт төрсөн. Дунд сургуулиа төгсөх жил аймагтаа конкурст оноогоороо нэгт жагсаад, хүссэн сургууль, ангидаа орох эрхтэй болов. Тэгээд архитекторын ангид орох гэж байсан ч тухайн үед компьютер графикийн ангийг сонгочихсон юм. Сонгосон шалтгаан нь, өөрийн гэсэн компьютертэй болж, тоглоом тоглохыг л хүссэн өчүүхэн бодол байсан. Ердөө л энэ. Нэгдүгээр курст урлагийн түүх, анхан шатны хичээлүүд миний сонирхлыг татаж эхэлсэн. Тэгээд л дурлаж, энэ олон урлагийн төрлөөс аль нь миний явах зам бэ гээд хайж, энэ гайхалтай урлагийг өөрийнхөө мэдэрч байгаа тэр өнцөг,  илэрхийллээрээ хүнд хүртээмжтэй, бодит зүйл болгож байна.
Д.О. Дэлхийн хэмжээний брэнд бүтээгдэхүүний рекламд тогтсон хэм хэмжээ гэж бий. Танай студи хэд хэдэн тийм томоохон компанийн рекламыг хийдэг. Үүнийг зарим хүн хуулбар гэж харна. Нөгөөтээгүүр, гадны ямар нэг реклам таалагдаад, яг түүнийгээ хийлгэнэ гэх захиалагчид ч бий. Энэ нөхцөлд танайх хэрхэн ажилладаг вэ?
Б.М. Гадны томоохон брэндээс өгөгдлүүд ирнэ. Бид тэдний стандартад нийцсэн зохиол бичиж, хайрцаглагдсан өгөгдөлд хайрцаглагдаагүй баялаг санаатай реклам хийх болдог. Энэ хэмжээгээрээ бид хөгждөг. Зарим нэг бүтээлд хуулбар байгааг үгүйсгэхгүй. Захиалагчаас үүнийг л хийлгэмээр байна гэсэн санал ирдэг. Манай талаас тэрхүү рекламны үндсэн санааг авч, төсөөтэй байдлаар тэдний жишигт нийцүүлж хийдэг. Энэ нь ямар ч санаа гаргаж чадахгүйдээ биш, уг рекламыг хийснээр бид бас хөгжиж байдаг. Ер нь тэгээд энэ дэлхий дээр давхцахгүй санаа гэж байхгүй шүү дээ. Реклам л хийгээд байгаа болохоор Мөнхбат гэдэг хүн зэврээд байна уу гэхээр үгүй юм билээ. Би бүтээл болгоноосоо хөгжиж байна, рекламны ертөнцөд дээд цэг гэж байхгүй, хөгжсөөр байх болно. Учир нь энэ их мэдээлэл дунд хүнд юмыг яаж хүргэх вэ гэдэг ур ухаанаас эхлээд рекламыг бүтээдэг техник технологи, арга барил улам л баялаг болж байна.  
Д.О. Хамтарч ажиллахаас татгалзах тохиолдол, эсвэл иймэрхүү төрлийн рекламыг хэзээ ч хийхгүй гэх зарчим бий юу?
Б.М. Захиалагчаас хамаарч сурталчилгааны үр дүн болгон өөр шүү дээ.  Машин хүсчихээд, хийж байх явцад юу ч хэлээгүй мөртлөө хийгээд дууссаны дараа пуужин нэхдэг захиалагч л хамгийн түвэгтэй дээ. Мөн хүсээгүй зүйлийг минь хийлгэх хүсэлтээс, хамгийн гол нь биднээс ямар ч бүтээлч сэтгэлгээ шаардагдахгүй тийм зүйлийн захиалгаас татгалздаг. Мөнгөн дүнгээс шалтгаалж харилцагчдадаа өөрөөр хандаж, мөнгөн дүнгээс болж хүсээгүй зүйлээ би хэзээ ч хийгээгүй, хийх ч үгүй. Тэр тусмаа шог гараатай реклам хэзээ ч хийхгүй. Инээд наргиан хэдийгээр сайхан зүйл ч хошин шогийн жүжигчдийг хооронд нь маазруулаад хийчихсэн рекламны утга учрыг би ойлгодоггүй. Аливаа юм хэм хэмжээтэй, хэмжээндээ байж л үнэ цэнтэй. Зарим нэг маркетингийн ажилтан “Реклам хийлгэвэл надад хэдэн хувийг нь өгөх юм?” гэж асуудаг. Би ийм саналыг хэзээ ч хүлээж авч байгаагүй. Нөгөө талаас, залуу хүнээс ямар санаа гарна, түүнийг дэмжих чадвартай харилцагчид байдаг. Тэд ч бас шинийг эрэлхийлж, чанартай зүйл хүсч байдаг.
Д.О. Хүн туршлагадаа үндэслээд алдаа гаргах нь, ямар нэгэн жижигхэн зүйлийг ч орхигдуулах нь багасдаг. Эцсийн бүтээгдэхүүн болгохдоо хэтэрхий их засчихсан байх вий гэдгээс эмээдэг үү?
Б.М. Хийх тусам энгийн жижиг алдаанууд багасдаг. Гэхдээ миний хувьд урьд нь хийж үзээгүйгээ хийдэг болохоор алдаа гарна аа. Хэтэрхий сайхнаар төсөөлчихөөд, яг хийхээр нэг л биш харагдаад байвал түүнийгээ сайжруулна. Харин жаахан таагүй нь, цаг, сэтгэл гаргаж засч сайжруулан, чимхлүүр юм нэмж хийсний дараа үүнийг ойлгодоггүй зарим захиалагчид байдаг л даа.
Д.О. Танай багийнханыг ажиглаад байхад, бас та нарын ажлаа хийж байгааг харахад хамт олон гэхээсээ илүү гүн "хайр"-аар холбогдсон мэт. Ийм харилцаа үүсгэсэн багийн гишүүдтэйгээ ажиллахад удирдлагын хяналтаа алдах тохиолдол гардаг уу?.
Б.М. Надад итгэдэг болохоор тэд миний удирдлаган дор сайн ажилладаг байх. Би юу ч болж байсан хяналтаа алддаггүй. Тэгээд бас би багийхнаасаа суралцдаг.
Д.О. Танай багийн ажиллах онцлог?
Б.М. Авьяаслаг хамт олонтой байгаадаа баярладаг, амьдралдаа тохиосон том азыг алдахгүйг хичээдэг. Гэхдээ ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг байлгаад байх шаардлагагүй, шударгаар хална. Чадахгүй байгаа хэрнээ юуг чадахгүй байгаагаа ойлгож, чаддаг болохын төлөө эрмэлздэг хүнийг хайж олохыг хүсдэг. Миний хувьд тухайн хүн хаана, ямар сургууль, ямар дүнтэй төгссөн нь огт чухал биш. Харин зөв бөгөөд мэргэжилдээ тууштай байж чадах хүмүүсээр л багаа бүрдүүлэхийг хичээдэг. Бид цэвэр оюуны хөдөлмөр эрхэлдэг учраас ажиллах орчинд их анхаарна. Ажлын цаг гэж бидэнд байдаггүй, захиалгаа цагт нь, чанартай дуусгахын тулд манай баг хэдэн өдрөөр ч нойргүй хонох нь олон тул дууссан үед нь хангалттай амраахыг л боддог.
Д.О. Өрсөлдөөнийг та юу гэж үздэг вэ?
Б.М. Өрсөлдөөн байгаасай гэж хүсдэг. Өрсөлдөөн байхгүй бол ханачихна шүү дээ. Эд материалын хувьд биш, хийсвэр талаас нь хөгжүүлэх тухайд ярьж байна л даа. Би хэн нэгнээс илүү гэж бодож болохгүй, тийм байх ч боломжгүй. Сайн санаа заавал тоног төхөөрөмж сайтай, туршлагатай баг, хүнээс гардаг гэсэн хууль байхгүй, хэзээ ч, хэнээс ч гарч болох зүйл. Харилцагч компаниуд маань хөгжиж байгаа нь, өндөр боловсролтой боловсон хүчнээр цусаа сэлбэж байгаа нь бидэнд бас хөгжих шаардлагыг үүсгэдэг. Наад зах нь, толгой компаниас англи хэлээр захидал ирлээ гэхэд бид хэл мэдэхгүй гээд сууж байж болохгүй биз дээ. 
Д.О. Ярилцах явцдаа таныг шашингүй үзэлтэн гэж ойлголоо. Гэхдээ шашинд биш юмаа гэхэд та юунд хамгийн ихээр итгэдэг вэ?
Б.М. Ээждээ. Цорын ганц хувиршгүй хайр. Намайг гэсэн сэтгэл нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ээж маань намайг хамгийн сайн ойлгодог хүн. Мөн эхнэр маань байна. Нойр хоолгүй, халамжлах ч завгүй байхад намайг хайрладаг. Бага байхдаа би хүссэн бүхнээ бүтээж, бий болгож чадсан гэж боддог. Одоо тэр бүгдийгээ хайрлаж, зэврээхгүй байхсан гэж л хичээж байна.
Д.О. Та “Бид монгол агуулга” ТТБ-ын гишүүн. Яг энэ цаг үед мэргэжлээрээ ажиллаж байгаа хамгийн чадварлаг, мэргэжилдээ дуртай залуус энэ байгууллагад харьяалагддаг гэх. Гэхдээ уг байгууллага ямар зорилготойг, ямар үйл ажиллагаа явуулаад байгааг би ойлгодоггүй...?
Б.М. Энэ байгууллага хөдөлгөөнд орох ёстой. Ямар нэг ашиг сонирхлын бус байгууллага, хамт олон, уран бүтээлч гэж хэзээ ч байдаггүй, байж ч болохгүй. Ямар ч уран бүтээлч өөрийнхөө хөдөлмөрийг бодитоор үнэлүүлж байх хэрэгтэй. Ашиггүй байтал түүнд хамаг цагаа үрэх нь харамсалтай хэрэг. Би урьд нь хэлснээ дахиад давтъя. Аливаа уран бүтээл салбартаа хөгжил авчрахгүй юм бол үнэхээр утгагүй хэрэг.  Тийм болохоор “Бид монгол агуулга” бодит үр дүнд хүрж, цаашид ихийг хийж бүтээнэ. 
Д.О. Одоо та ямар асуулт тавиасай гэж хүсч байна вэ?
Б.М. Байхгүй. Энэ чиний ажил.

Гоодаль сэтгүүл 2013.12 сарын дугаар.