Tuesday, November 25, 2014

Татум



                                                                               
Борхүүгийн Мөнхбат
 /VOID студийн арт директор, компютер график дизайнер/
Өөрийн гэсэн компьютертэй болж тоглоом тоглох хүсэлдээ хөтлөгдөн ШУТИС-ийн компьютер графикийн ангийг сонгож, улмаар мэргэжилдээ дурлаж эхэлсэн Б.Мөнхбат өөрийгөө монголын видио урлаг, сурталчилгааны ертөнцөд нэгэн цагийг өнгөлсөн тугч болно гэж төсөөлөө ч үгүй биз ээ. Хувь тавилан бидний оролцоогүйгээр хэн нэгний бэлдсэн замнал биш, бидний хийсэн сонголтын үр дүн байдаг нь гарцаагүй. Тэрбээр өдгөө монголын тэргүүлэх зэргийн компаниудын брэнд бүтээгдэхүүнүүдийн сурталчилгааг бүтээдэг  VOID студийг амжилттай удирдаж байна. VOID нь хоосон гэх  утгатай үг бөгөөд тэрбээр энэ нэрийг оноож өгсөн тухайгаа “Хов хоосон юу ч байхгүй газар ямар байх вэ, мэдээж тас харанхуй, хязгааргүй байна. Ертөнц өөрөө хоосноос үүсч, хоосонд оршиж, эргээд хоосонд үгүй болдог. Тэгэхээр хоосон гэдэг маш том эхлэл, юуны ч эхлэл байж болно. Бид хийж буй бүтээл бүртээ хоосон хязгааргүй орон зай шиг юунд ч захирагдахгүй, чөлөөтэй сэтгэж,  тархиныхаа гүнээс гарсан санаагаа хэрэгжүүлнэ” хэмээсэн юм. 

Дэмбэрэлийн Оюунномин Амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр түүнийг дагаад олон шинэ салбар, мэргэжил бий болж байна. Энэ нь хүмүүст өөрөө өөртөө эзэн байх, өөрийнхөө юмыг хийх боломжийг нэмэгдүүлж, залуус хувийн бизнес эхлүүлэх сонирхолд улам хөтлөгдөх болж. Бизнес эхлүүлэхэд тухайн хүнд байвал зохих чанар юу вэ?
Борхүүгийн Мөнхбат Хүсэл мөрөөдлийнхөө цаана байгаа зүйлийг олж харсан, түүнд хүрэхийн тулд хийвэл зохих зүйлсээ маш сайн судалж, бодитойгоор хандаад чадна гэж үзсэн бол “зориг”. Тэнэг ч гэмээр тийм их зориг шүү. Тэгээд тэвчээр, шударга зан, өөрийнхөөрөө байх, өөрийгөө хүнд нөхцөлд оруулан зовоох, байрнаасаа үргэлж хөдлөх хэрэгтэй. Тэр бүхний хүчээр ард нь гарах тууштай зан бас чухал. Хүнд муу санахгүй, тархиа ч, зүрхээ ч ариун байлгах, дараа нь харилцаа.
Д.О. Сурталчилгаа бол нэг төрлийн урлаг, хүчтэй нөлөөлөл. Монголд тэр дундаа видио сурталчилгааг хүмүүст ойлгуулах, цаашлаад үнэлгээ бодитойгоор нэмэгдэх, компаниуд энэ бүхнийг ойлгох соёлыг бий болгоход танай студи багагүй хувь нэмэр оруулсан. Үүнийг таны амжилт гэж болно биз дээ?
Б.М. Амжилт гэдэг үгээр  улс төр, эсвэл нэр алдрын төлөөх үйлдлийг дүгнэдэг юм шиг санагддаг. Тийм болохоор би энэ үгэнд таатай ханддаггүй. Амжилт биш, миний бяцхан бизнесийн давшилт гэж л хэлмээр байна.  
Д.О. Давшилтанд тань төгсгөл байх уу?
Б.М. Би хийнэ гэсэн бүхнээ хийчихээд эрт тэтгэвэрт гарахыг хүсдэг. Хүмүүс хөгшрөөд тэтгэвэрт гардаг бол би 10 жилийн дараа гэхэд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, аялж, тайван амьдрахыг хүсч байна. Гудамжаар хөгжим сонсон алхаж, кофе уугаад л, юунд ч санаа зовохгүйгээр нам гүм амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 10 жилийн дотор хийнэ гэснээ тултал нь хийнэ ээ.
Д.О. Өөрийн нэр алдрыг өсгөхийн тулд хийж байгаа үйлдэл бусдад өгөөжтэй байх нь бий шүү дээ?
Б.М. Гараа хөдөлгөхгүй, амар хялбараар амьдралаа авч явах арга л гэж санагддаг. Гадаргуугаа өнгөцхөн чимж байгаагаа мэдэхгүй өөрийгөө мундаг гэж бодоод, тэр бодлоо алдар нэрээр тэжээж өөгшүүлдэг. Алдар нэр горилдог ч тэр хэмжээндээ хүрэхүйц чадалтай, ухаантай, хүнлэг байдаг бол муу юм алга л даа. Хийж байгаа зүйл нь тухайн салбартаа хөгжил авчрахын төлөө биш, бусдад таалагдах, олны танил болох, шагшин магтуулахын тулд амжилттай байх гэсэн хүмүүс өөрийгөө эвдэж, түүнийгээ ч мэдэлгүй сансарт амьдарсаар байдаг. Миний хувьд гэвэл, Монгол улсын хэмжээнд видео урлагт бодитой хөгжил авчрахгүй юм бол өнөөдөр реклам хийх хэрэггүй гэж боддог. Хийж байгаа ажлаа зөвхөн мөнгөөр хэмжиж, эд материалын хувьд өөртөө сэтгэл хангалуун амьдарч болно. Гэтэл өнгөрснөө эргэн хараад “Би юу хийж бүтээсэн юм бэ?” гэдэг асуулттай тулгармааргүй байна. Аливаа хүн оногдсон ажлаа тултал нь хийж чадвал тухайн салбар хурдан хөгжих атал ихэнх нь мөнгөний төлөө хийж байгаа зүйлийнхээ чанарыг алдагдуулж, замаасаа гаждаг. Амьдралын мөн чанарыг ойлгосон хүмүүс бол энгийн байдаг, энгийн рүү тэмүүлдэг. Алдар нэрийн төлөө, бусдад таалагдах гэж зүтгэдэггүй. Зүгээр л өмнөх ажлаа сэтгэлээсээ, сайн хийхийг л боддог. Гаднах бүх зүйл нь өөрчлөгдсөн байлаа ч дотоод мөн чанараа гээгээгүй хүмүүст би дуртай. Зөв суурь хүмүүжилтэй хүмүүс ямар ч тохиолдолд тэр гэрлээ гээдэггүй байх.
Д.О. Хүнлэг чанараа гээгээгүй хүнийг таньж чадах уу?
Б.М. Танина. Мэдэрдэг. Цаг хугацаа ч бас хэн бэ гэдгийг нь харуулна. Тэр болтол анхныхаа мэдрэмжид итгээд, тэр хүндээ сайхан сэтгэлээр хандаад явна. Магадгүй миний энэ чанарыг буруугаар ашиглавал тэр хүн танигдана, гэлээ гээд түүнд гомдохгүй. Хүн хүнлэг чанараа гээлгүй, насан туршдаа хадгалах нь л чухал байх. Өөрийгөө зөв чиглүүлж, зөв хөгжүүлэхгүй бол хүн бүрт заяагддаг тэр чанар гээгдэх аюултай.
Д.О. Оюутан байхаасаа л “Hero энтертайнментэд ажилласан гэхээр найруулагч Баатар танд багагүй нөлөөлсөн болов уу. Тэнд ажиллаж байсан цаг үеэс танд юу үлдсэн бэ?
Б.М. Баатар ахаас маш их зүйл сурсан. Миний аавын дараа нэрлэгдэх, амьдралд минь маш том үүдийг нээж өгсөн энэ хүн зөвхөн намайг хөгжихөд нөлөөлөөд зогсохгүй монголын видео урлагт том хувь нэмэр оруулсан хүн шүү дээ. Баатар найруулагч үгээрээ биш, үйлдлээрээ надад ихийг зааж өгсөн. 2008 онд сургуулиа төгсөөд би жил орчим ажиллаад “Hero”-гоос гарахад “Ахын дүү хана мөргөөд хэцүүдвэл хүссэн үедээ эргээд ирээрэй” гэж хэлсэнийг нь мартдаггүй.  Түүнээс хойш би яагаад ч юм очиж уулзаж чадахгүй л явна. Тэр хүнээс асар их зүйл сурсан болохоор нэг тийм өртэй юм шиг санагдаад, эмээгээд, очихоос санаа зовдог ч би насан туршдаа хүндэтгэнэ.
Д.О. Таныхаар, ямар зан чанар жинхэнэ эр хүнийг тодорхойлох вэ?
Б.М. Маш шударга, аливаад уужим, зөөлөн сэтгэлээр ханддаг, уучилж чаддаг чанар. Чадалтай байх ёстой, сул дорой биш.

Д.О. Мөнгөөр хэмжигдэх капиталыг эс тооцвол хүний анхдагч капитал нь ухаан, бас бусдаас ямар нэг зүйлийг илүү хийж чадах чадамж. Таны анхдагч капитал юу вэ?
Б.М. Хүнд муу санахгүй, уужим сэтгэлтэй байхад ээж минь намайг багаас л суралцуулсан. Би хүнийг гаргасан алдаан дээр нь ч ойлгож, хайрлахыг хичээдэг. Надад рекламыг ингэж хийгдэг гэж хэн ч зааж өгөөгүй. Гэхдээ чадахгүй юм гарч ирэхэд чадахгүй нь гээд орхилгүй, заавал ард нь гарч байж санаа амардаг. Миний туулж өнгөрүүлсэн амьдрал юмыг олон талаас нь боддог болоход намайг сургасан болов уу. Би их зөрүүд. Шуналтайдаа биш, зүгээр л жижигхэн, тэнэг зүйл байсан ч авахыг хүссэн бол авч байж л санаа амардаг маань ажлын талбарт тусгалаа олохдоо хийнэ гэснээ заавал сэтгэлдээ нийцтэл чанартай хийх, эхлүүлснээ дуусгах дадал болдог ч байж магад.
Д.О. Ажлын зарим нэг онцлог хувь хүний хөгжил, хандлага, зан байдалд нөлөөлөх юм уу?
Б.М. Нэг л мэдэхэд жижиг гэлтгүй бүх юмыг олон талаас нь боддог, байх ёстой юм байрандаа, ямар ч өөгүй байх ёстой гэсэн зарчимтай болчихож. Урлагаас авдаг мэдрэмжийг ахуйн жижиг сажиг зүйлсээс ч мэдрэхийг хүсэх болжээ. Нэг талаас надад байдаг төрөлхийн зан чанар ажлыг минь урагшлуулж, нөгөө талаас ажил маань надад байх ёстой зан чанарыг өгч, энэ бүхэн нэгдэн нийлдэг байх.
Д.О. VOID студи бол таны бизнес. Бизнестээ баримталдаг хамгийн гол зарчим тань юу вэ?
Б.М. Ямар хүн үүнийг хүлээж авч, бизнест нь сайнаар нөлөөлөх вэ гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй. Яаж хийхээ мэдэхгүй гацах үе заримдаа тохиодог ч би хийх л ёстой гэсэн жанжин шугам байж л байдаг. Би үүнийг л хийж байж үүнтэй ижил ажлыг хийж чадах учраас хийх л ёстой гэсэн шаардлага өөртөө тавьдаг. Тэгэхийн тулд судалгаа хийнэ. Би яах ёстой, надаас юу шалтгаалж байна вэ гэдгийг боддог. Туйлын зөв талаас нь бүгдийг тооцоолно, дараа нь болохгүй бүх талаас нь тооцоолно. Тэгээд аль нь илүү байна вэ, тэр үед л эцсийн шийдвэрээ гаргах нь чухал. Тэдгээрийн алийг нь шийдэх боломжтой, алийг нь шийдэх боломжгүй вэ гэдгийг бас тунгаах хэрэгтэй. Хэрэв би туслах ажилтан байсан бол хараад л сууж байна, харин студиэ авч яваа хүний хувьд хараад сууж байх эрхгүй. Гэхдээ зөвхөн мөнгөний төлөө, өнөө маргаашийн гачигдалгүй амьдралын төлөө биш, өмнөх ажлаа чанартай хийж салбартаа хөгжил авчрах хэрэгтэй болов уу.
Д.О. Танай студийн үндсэн чиглэл бол видио сурталчилгаа. Аливаа компанийн маркетингийн баг бүтээгдэхүүнээ сурталчлахын төлөө ажилладаг. Тэр багаас гаргасан анхны санааг боловсруулж, биежүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх дамжлага нь реклам бүтээгчдийн ажил уу?
Б.М. Маш богинохон хугацаанд хүний бүхий л мэдрэмжийг  татаж, дээд цэгт нь хүргэж хамгийн чухал мессежээ хүргэх нь видио сурталчилгааны зорилго. Тийм болохоор хэрэглэгчдийн сонирхол, яаж хийвэл тухайн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх вэ гээд олон хүчин зүйлийн талаарх судалгаан дээр үндэслэж реклам хийдэг. Видио сурталчилгаа бүтээгчид хүнд хүрэхгүй байтал хэтэрхий гаж сэтгээд, хийж байгаа юмаа мундаг гэж хөөрөх ёсгүй. Үсээ ургуулаад өөрийгөө тунхаглачихсан, тэнгэртэй холбогддог мэтээр ярьж, хүмүүст түүнийгээ итгүүлдэг зарим нэг зураач шиг байж болохгүй л дээ. Сурталчилгаа бол хэрэглээний урлаг. Тэгэхээр VOID зөвхөн видио сурталчилгаа хийдэг студи, бизнесийн байгууллага биш видио урлаг,  хөдөлгөөнт урлаг, компьютер графикийг хөгжүүлж байгаа уран бүтээлч юм. Би хийж үзээгүй зүйлээ л хийхийг хүсдэг. Ингэснээр илүү хөгжиж, илүү таашаал авна.  
Д.О. Энэ бүхний эхлэл рүү очье.  Хүн болгон аливаа зүйлд өөр өөрөөр ханддаг шиг хувийн студитэй болох гэсэн анхдагч санаанууд ч бас өөр өөр байдаг байх. Таны хувьд?
Б.М.Hero”-гоос гараад гурван найзынхаа хамт QUAD студийг байгуулсан.  Юуны тулд, яаж ажиллаж байгаагаа мэдэхгүй, нэг харахад ажил дээрээ олон шалтгааны улмаас ганцаараа үлдчихсэн хонож л байдаг. Тэр үед миний бие өвдөөд, эмнэлэгт ажлаас хол, бодол минь агаартай байх үед их олон зүйлийг ойлгосон доо. Өөртөө багтаж ядсан том мөрөөдөл маань намайг хөтөлсөн. Тэр мөрөөдөл нь  анимэйшн хийх юм. Даалгавраа хийж хийчихээд маргааш нь муу авах, хийхгүй ирээд онц авчихдаг шиг бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагддаггүй юм билээ. Мөрөөдлөө биелүүлэхэд надад хөрөнгө, баг, сайн техник хэрэгтэйг ойлгосон. Дансанд байгаа мөнгө гэдэг тухайн хүний утгатай амьдарсны, хөдөлмөрлөж бүтээсний баталгаа огтоос биш. Тийм болохоор би мөнгөний төлөө биш мөрөөдлөө биелүүлэхийн тулд VOID студийг анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, алхам алхамаар мөрөөдөлдөө хүрэх замаа засч байна. Сайн боловсон хүчнийг өндөр цалингаар ажиллуулж чадахгүй учраас авьяастай, түүнийгээ хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй залуусыг боловсруулж багаа бүрдүүлэх нь зөв гэж би бодсон. Тийм багтай ч болж чадсан.  Энэ бүхэн аз. Би азанд итгэдэг. Би ухаантай байх гэж, бүгдийг чаддаг байх гэж хичээгээгүй. Зүгээр л өөрийнхөөрөө, илэн далангүй байж, бүх юманд шударгаар ханддаг.
Д.О. Зарим тохиолдолд эхлүүлсэн юмаа дуусгаж чаддаггүйн алдаа юунд байдаг юм бол?
Б.М. Тууштай биш байна. Ямар ч  өөгүй, алдаагүй, төгс зүйлийг хүсээд байдаг. Гэтэл төгс зүйл гэдэг чинь замбараагүй, эмх цэгцгүй зүйлээс л эхэлдэг шүү дээ.
Д.О. Бодож төлөвлөж байгаа зүйлс, шинэ санаагаа илэн далангүй хуваалцдаг чанар таны нээлттэй зангийн нэг илрэл бололтой. Ямар цаг үед хаана, хэнд, юу хэрэгтэй байгааг бусдаас хэдэн нүүдлийн өмнө олж харж, өрсөж хэрэгжүүлэх чадварыг бизнес мэдрэмж гэх болов уу. Хэн нэгэн санааг тань хуулбарлахаас эмээдэггүй юу?
Б.М. Энэ чинь бүтээлч сэтгэлгээ шүү дээ. Санаагаа нуугаад, үүнээсээ болоод айдастай амьдардаг уран бүтээлчид цөөнгүй. Чиний санааг чамаас өөр хэн ч яг чам шиг хэрэгжүүлж, хөгжүүлж чадахгүй. Өөрт төрсөн гайхамшигт санааг бусдаас нуух нь тэр хүний сонголт хэдий ч, тэр нь айдас болоод, шаналгаад байхад түүнээсээ салахгүй байж болохгүй. Эсвэл ямар нэг мухар сүсгээс болдог юм уу, бүү мэд. Хүнээс гарах санаа бол дундаршгүй том далай. Нэг санаа олчихоод түүндээ баригдаад, айдаст автаад, дараагийн санаагаа төрөх боломжийг хаагаад байж болохгүй шүү дээ. Чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Би л хувьдаа ямар нэг юманд тэгтлээ итгэж, туйлширч, мухраар сүсэглэж, баригдмал байхыг хүсдэггүй. Хийж байгаа зүйлдээ ч “яг одоо...” гэж ханддаг.
Д.О. Бизнес эхлүүлэхэд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр гэдэг чухал. Олон хүн энэ асуудлыг шийдэж чадаагүйгээс, шийдэх боломжгүй гэж үзсэнээс мөрөөдлөө орхидог. Харин та үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Б.М. Өөрийн гэсэн дансгүй, барьцаа гэх юу ч үгүй байж маш их хэмжээний зээл аваад, нэлээд өртэй эхэлж байлаа. Гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс маань эмээж хандаж байсан нь надад их дарамт болж байсан. Би гэхдээ мэдээж тооцоолсон л доо. Тэр тооцоо цаасан дээр бичигдсэн биш, дотроо л бодсон тооцоо байсан. Хоёр компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан маань  аз ивээсэн эхлэл байлаа. Чанартай бүтээл хийвэл хүнд хүрнэ. Нэг сайн реклам төрөхөд түүнийг дагаад хоёр захиалагч шинээр гарч ирдэг. Бид хурдтай ажиллаж, бас харилцагчид биднийг зорьж байсан болохоор хүнд нөхцөл удаан үргэлжлээгүй.
Д.О. Хүнд хэцүү үед тэр бүхнийг давах хөшүүрэг нь юу байв?
Б.М. Ээж минь байна, надад итгэж байгаа олон хүн байна. Гэр бүл, ах нар, цусан төрөл болох хамаатан садныхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд бэрхшээл бүхнийг давахаас өөр сонголт надад байхгүй. Яагаад ч юм багаасаа л “Би л хийх ёстой” гэсэн бодолтой байв. Намайг нэгдүгээр ангид байхад аав маань нас барсан юм. Аав минь морь уядаг, мориор гоёдог, шударга, жинхэнэ монгол эр хүн байсан. Атаархсан сэтгэл, ухаангүй уур хилэнгээ захирч чадаагүй нэгэн аавын минь аминд хүрэх тэр бүхнийг  нүдээрээ харсан болохоор би хангалттай зовлон үзсэн. Тийм зүйлийг нүдээрээ үзчихээд, дараа нь шархыг нь сэтгэлээрээ туулчихсан атал тэрнээс дор шантрах, гутрах  зүйл амьдралд байна гэж үү. Би одоо бол тэгж их шантраад, сэтгэлээр унаад байдаггүй.  Ээжийнхээ ухаан, сайн хамаатнуудынхаа ачаар бид тэр бүгдийг давж гарсан даа. Аавыг байхад би хангалттай жаргасан гэж боддог. Гэхдээ амьдрал баян, эрээнтэй бараантай. Зовлон гэгчийг би найман наснаасаа эхэлж үзсэн, туулсан. Гэхдээ тэр бүхний ард гарахдаа хүнлэг чанар, өөрт байгаа гэрэл гэгээгээ авч үлдэж чадсан юм болов уу. Өсвөр насан дээрээ би  хичээл хийдэггүй, компьютер л тоглодог хүүхэд байв. Гэрээсээ хол байсан маань ч энэ бүхэнд нөлөөлсөн байх.  Нэг хэсэгтээ тиймэрхүү байдалтай байсаар ёсдүгээр ангиасаа хичээлээ хийж эхэлсэн дээ.
Д.О. Ямар нэг тохиол болоо юу?
Б.М. Ээжийгээ өрөвдсөн. Би юм хийх ёстой, надад ухрах, муу байх эрх байхгүй гэдгийг улам хүчтэй ойлгосон. Ар гэр, амьдралаа харахаар надад алдах эрх байгаагүй. Хэдий болтол ээжийнхээ зовж олсон мөнгийг компьютер тоглоомд үрэх вэ гэж бодсон. Цаг хожвол ялна, цаг алдвал доошоо унах учраас би зөвхөн маш хурдацтайгаар урагшлахгүй л бол болохгүй болчихсон байсан. Би багын л зурах дуртай, цаас, харандааг илүүд үздэг хүүхэд байлаа. Нэг их сайн зурдаггүй ч санаагаа бол хүнд ойлгогдохоор зурчихна. Би Өвөрхангай аймагт төрсөн. Дунд сургуулиа төгсөх жил аймагтаа конкурст оноогоороо нэгт жагсаад, хүссэн сургууль, ангидаа орох эрхтэй болов. Тэгээд архитекторын ангид орох гэж байсан ч тухайн үед компьютер графикийн ангийг сонгочихсон юм. Сонгосон шалтгаан нь, өөрийн гэсэн компьютертэй болж, тоглоом тоглохыг л хүссэн өчүүхэн бодол байсан. Ердөө л энэ. Нэгдүгээр курст урлагийн түүх, анхан шатны хичээлүүд миний сонирхлыг татаж эхэлсэн. Тэгээд л дурлаж, энэ олон урлагийн төрлөөс аль нь миний явах зам бэ гээд хайж, энэ гайхалтай урлагийг өөрийнхөө мэдэрч байгаа тэр өнцөг,  илэрхийллээрээ хүнд хүртээмжтэй, бодит зүйл болгож байна.
Д.О. Дэлхийн хэмжээний брэнд бүтээгдэхүүний рекламд тогтсон хэм хэмжээ гэж бий. Танай студи хэд хэдэн тийм томоохон компанийн рекламыг хийдэг. Үүнийг зарим хүн хуулбар гэж харна. Нөгөөтээгүүр, гадны ямар нэг реклам таалагдаад, яг түүнийгээ хийлгэнэ гэх захиалагчид ч бий. Энэ нөхцөлд танайх хэрхэн ажилладаг вэ?
Б.М. Гадны томоохон брэндээс өгөгдлүүд ирнэ. Бид тэдний стандартад нийцсэн зохиол бичиж, хайрцаглагдсан өгөгдөлд хайрцаглагдаагүй баялаг санаатай реклам хийх болдог. Энэ хэмжээгээрээ бид хөгждөг. Зарим нэг бүтээлд хуулбар байгааг үгүйсгэхгүй. Захиалагчаас үүнийг л хийлгэмээр байна гэсэн санал ирдэг. Манай талаас тэрхүү рекламны үндсэн санааг авч, төсөөтэй байдлаар тэдний жишигт нийцүүлж хийдэг. Энэ нь ямар ч санаа гаргаж чадахгүйдээ биш, уг рекламыг хийснээр бид бас хөгжиж байдаг. Ер нь тэгээд энэ дэлхий дээр давхцахгүй санаа гэж байхгүй шүү дээ. Реклам л хийгээд байгаа болохоор Мөнхбат гэдэг хүн зэврээд байна уу гэхээр үгүй юм билээ. Би бүтээл болгоноосоо хөгжиж байна, рекламны ертөнцөд дээд цэг гэж байхгүй, хөгжсөөр байх болно. Учир нь энэ их мэдээлэл дунд хүнд юмыг яаж хүргэх вэ гэдэг ур ухаанаас эхлээд рекламыг бүтээдэг техник технологи, арга барил улам л баялаг болж байна.  
Д.О. Хамтарч ажиллахаас татгалзах тохиолдол, эсвэл иймэрхүү төрлийн рекламыг хэзээ ч хийхгүй гэх зарчим бий юу?
Б.М. Захиалагчаас хамаарч сурталчилгааны үр дүн болгон өөр шүү дээ.  Машин хүсчихээд, хийж байх явцад юу ч хэлээгүй мөртлөө хийгээд дууссаны дараа пуужин нэхдэг захиалагч л хамгийн түвэгтэй дээ. Мөн хүсээгүй зүйлийг минь хийлгэх хүсэлтээс, хамгийн гол нь биднээс ямар ч бүтээлч сэтгэлгээ шаардагдахгүй тийм зүйлийн захиалгаас татгалздаг. Мөнгөн дүнгээс шалтгаалж харилцагчдадаа өөрөөр хандаж, мөнгөн дүнгээс болж хүсээгүй зүйлээ би хэзээ ч хийгээгүй, хийх ч үгүй. Тэр тусмаа шог гараатай реклам хэзээ ч хийхгүй. Инээд наргиан хэдийгээр сайхан зүйл ч хошин шогийн жүжигчдийг хооронд нь маазруулаад хийчихсэн рекламны утга учрыг би ойлгодоггүй. Аливаа юм хэм хэмжээтэй, хэмжээндээ байж л үнэ цэнтэй. Зарим нэг маркетингийн ажилтан “Реклам хийлгэвэл надад хэдэн хувийг нь өгөх юм?” гэж асуудаг. Би ийм саналыг хэзээ ч хүлээж авч байгаагүй. Нөгөө талаас, залуу хүнээс ямар санаа гарна, түүнийг дэмжих чадвартай харилцагчид байдаг. Тэд ч бас шинийг эрэлхийлж, чанартай зүйл хүсч байдаг.
Д.О. Хүн туршлагадаа үндэслээд алдаа гаргах нь, ямар нэгэн жижигхэн зүйлийг ч орхигдуулах нь багасдаг. Эцсийн бүтээгдэхүүн болгохдоо хэтэрхий их засчихсан байх вий гэдгээс эмээдэг үү?
Б.М. Хийх тусам энгийн жижиг алдаанууд багасдаг. Гэхдээ миний хувьд урьд нь хийж үзээгүйгээ хийдэг болохоор алдаа гарна аа. Хэтэрхий сайхнаар төсөөлчихөөд, яг хийхээр нэг л биш харагдаад байвал түүнийгээ сайжруулна. Харин жаахан таагүй нь, цаг, сэтгэл гаргаж засч сайжруулан, чимхлүүр юм нэмж хийсний дараа үүнийг ойлгодоггүй зарим захиалагчид байдаг л даа.
Д.О. Танай багийнханыг ажиглаад байхад, бас та нарын ажлаа хийж байгааг харахад хамт олон гэхээсээ илүү гүн "хайр"-аар холбогдсон мэт. Ийм харилцаа үүсгэсэн багийн гишүүдтэйгээ ажиллахад удирдлагын хяналтаа алдах тохиолдол гардаг уу?.
Б.М. Надад итгэдэг болохоор тэд миний удирдлаган дор сайн ажилладаг байх. Би юу ч болж байсан хяналтаа алддаггүй. Тэгээд бас би багийхнаасаа суралцдаг.
Д.О. Танай багийн ажиллах онцлог?
Б.М. Авьяаслаг хамт олонтой байгаадаа баярладаг, амьдралдаа тохиосон том азыг алдахгүйг хичээдэг. Гэхдээ ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг байлгаад байх шаардлагагүй, шударгаар хална. Чадахгүй байгаа хэрнээ юуг чадахгүй байгаагаа ойлгож, чаддаг болохын төлөө эрмэлздэг хүнийг хайж олохыг хүсдэг. Миний хувьд тухайн хүн хаана, ямар сургууль, ямар дүнтэй төгссөн нь огт чухал биш. Харин зөв бөгөөд мэргэжилдээ тууштай байж чадах хүмүүсээр л багаа бүрдүүлэхийг хичээдэг. Бид цэвэр оюуны хөдөлмөр эрхэлдэг учраас ажиллах орчинд их анхаарна. Ажлын цаг гэж бидэнд байдаггүй, захиалгаа цагт нь, чанартай дуусгахын тулд манай баг хэдэн өдрөөр ч нойргүй хонох нь олон тул дууссан үед нь хангалттай амраахыг л боддог.
Д.О. Өрсөлдөөнийг та юу гэж үздэг вэ?
Б.М. Өрсөлдөөн байгаасай гэж хүсдэг. Өрсөлдөөн байхгүй бол ханачихна шүү дээ. Эд материалын хувьд биш, хийсвэр талаас нь хөгжүүлэх тухайд ярьж байна л даа. Би хэн нэгнээс илүү гэж бодож болохгүй, тийм байх ч боломжгүй. Сайн санаа заавал тоног төхөөрөмж сайтай, туршлагатай баг, хүнээс гардаг гэсэн хууль байхгүй, хэзээ ч, хэнээс ч гарч болох зүйл. Харилцагч компаниуд маань хөгжиж байгаа нь, өндөр боловсролтой боловсон хүчнээр цусаа сэлбэж байгаа нь бидэнд бас хөгжих шаардлагыг үүсгэдэг. Наад зах нь, толгой компаниас англи хэлээр захидал ирлээ гэхэд бид хэл мэдэхгүй гээд сууж байж болохгүй биз дээ. 
Д.О. Ярилцах явцдаа таныг шашингүй үзэлтэн гэж ойлголоо. Гэхдээ шашинд биш юмаа гэхэд та юунд хамгийн ихээр итгэдэг вэ?
Б.М. Ээждээ. Цорын ганц хувиршгүй хайр. Намайг гэсэн сэтгэл нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Ээж маань намайг хамгийн сайн ойлгодог хүн. Мөн эхнэр маань байна. Нойр хоолгүй, халамжлах ч завгүй байхад намайг хайрладаг. Бага байхдаа би хүссэн бүхнээ бүтээж, бий болгож чадсан гэж боддог. Одоо тэр бүгдийгээ хайрлаж, зэврээхгүй байхсан гэж л хичээж байна.
Д.О. Та “Бид монгол агуулга” ТТБ-ын гишүүн. Яг энэ цаг үед мэргэжлээрээ ажиллаж байгаа хамгийн чадварлаг, мэргэжилдээ дуртай залуус энэ байгууллагад харьяалагддаг гэх. Гэхдээ уг байгууллага ямар зорилготойг, ямар үйл ажиллагаа явуулаад байгааг би ойлгодоггүй...?
Б.М. Энэ байгууллага хөдөлгөөнд орох ёстой. Ямар нэг ашиг сонирхлын бус байгууллага, хамт олон, уран бүтээлч гэж хэзээ ч байдаггүй, байж ч болохгүй. Ямар ч уран бүтээлч өөрийнхөө хөдөлмөрийг бодитоор үнэлүүлж байх хэрэгтэй. Ашиггүй байтал түүнд хамаг цагаа үрэх нь харамсалтай хэрэг. Би урьд нь хэлснээ дахиад давтъя. Аливаа уран бүтээл салбартаа хөгжил авчрахгүй юм бол үнэхээр утгагүй хэрэг.  Тийм болохоор “Бид монгол агуулга” бодит үр дүнд хүрж, цаашид ихийг хийж бүтээнэ. 
Д.О. Одоо та ямар асуулт тавиасай гэж хүсч байна вэ?
Б.М. Байхгүй. Энэ чиний ажил.

Гоодаль сэтгүүл 2013.12 сарын дугаар. 

Салхины мөр

Асар олон хүн амтай хятадын зах зээлд уран бүтээлчид нийтэд танигдана гэдэг бидний төсөөлж буйгаас ч бэрх. Хүнд бэрх ийм зах зээлд нэг бүтээл гаргаад тэр нь олныг хамран мөнгөтэй болж болох ч цагийн уртад тэсч үлдэнэ, халдашгүй дархлааг бий болгоно гэдэг амаргүй. Араас нь шил даран гарч ирэх уран бүтээлчид тэнд минут тутамд төрж байдаг. Тэгвэл, гэнэтийн тэсрэлтээр биш, хятадын хөгжмийн зах зээлд аядуухнаар өөрийгөө танилцуулан, world music хэмээх тодотгол дор нүүдэлчдийн урлагийг сурталчлан, Хятадыг төдийгүй Ази, цаашлаад барууныг уярааж буй хамтлаг бол “Хаяа” юм.
 Дайчин Тана, 



1969 онд Хорчин аймгийн Жирмэн нутагт мэндэлсэн, удам дамжсан морин хуурч Бүрэнтөгс хожим нэгдүгээр зэрэглэлийн морин хуурч, Үндэстний төв сургуулийн профессор, багш болоод зогсохгүй зөвхөн өөрт нь л шавь орох гэж хятадын муж бүрээс зорин ирдэг оюутны тоогоороо хөгжмийн ертөнцөд хэдийнэ домог болжээ. Тэрбээр Хөх хотод мэндэлсэн өөрийн найз бөмбөрчин, хөөмэйч Буянг, мөн гарын шавь нараа хамтлагтаа элсүүлэн, өдгөө Өвөр Монголоос хятадын зах зээлд хамгийн их алдаршиж буй “Хаяа” хамтлагийг анх 2004 онд байгуулжээ. Сайнхо, Урнаа гээд бидэнтэй угсаа гарвал нэгтэй алдарт дуучид, өрнөөс Хятадад зочлох жазз уран бүтээлчид тэнд тоглолтоо хийхдээ бүх төрлийн хөгжмийг чадварлаг эзэмшсэн гэдгээрээ нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөмбөрчин, хөөмэйч Буянтай хамтардаг аж. Тэд хамтлагаа байгуулахдаа монголын эртний дуу хуурын үнэт өв, хэмнэлийг цэврээр нь дуугаргахын зэрэгцээ орчин цагийн хөгжмийг бүтээхээр зорьжээ. Түүнчлэн, “Хаяа” хамтлагийн гишүүн зөвхөн нэг хөгжим тоглодог бус, олон төрлийн хөгжим тоглодог, дуулдаг байх ёстой гэсэн шаардлагыг нэн тэргүүнд тавьж, авьяас билгийн ундарга болсон хүмүүсийг нэгэн дор цуглуулсан байна. Явцын дунд тус хамтлагийн хэд хэдэн гишүүн солигдсон бөгөөд 2006 онд гоцлол дуучин, бүжигчин Дайчин Тана, гитарчин, морин хуурч, дуучин Шивээ нар орж ирснээр өнөөгийн бүрэлдэхүүн бүрэлдэж, хамтлаг өөрийн өнгө аясыг илүүтэй олж, анхны цомгоо таван жилийн дараа буюу 2009 онд Wolf Totem нэрээр гаргаж байв. 1981 онд Хорчин аймгийн Жирмэн нутагт мэндэлсэн, удам дамжсан морин хуурч Шивээ нь гитар, бөмбөр, төгөлдөр хуурыг ч мэргэжлийн түвшинд тоглодог аж. Эхний цомгоо гаргах хүртлээ тэд ямар ч тайзыг гололгүй, үзэгчдэд дуу хуураа тууштайгаар хүргэсээр байв. Эдгээр он жилүүдэд тэд цомгоо гаргая гэхээсээ илүү ур чадвараа дээшлүүлэхийг чухалчилж, туршлага хуримтлуулсан байна. Хэдий тийм ч Буян “Бид маш залуу хамтлаг. Уран бүтээлч хүн жилээс жилд туршлага хуримтлуулсаар бүрэн боловсордог. Тиймээс бид сайн бүтээл хийлээ гэж хэзээ ч сэтгэл ханахгүйгээр, урьдынхаасаа илүү сайн бүтээл хийхийн төлөө үргэлж тэмүүлж байх ёстой” хэмээнэ. Wolf totem цомгийн нэгэн дууг найруулагч Жан Имоу кинондоо ашигласнаар цомгийн борлуулалтыг багагүй нэмэгдүүлж, азийн, тэр дундаа тайваний хөгжмийн зах зээлд сонсогчидтой болоход нь түлхэц өгчээ. Анхны гоцлол дуучин Цэнгэл хамтлагаасаа гарч, Тана голлох үүрэг хүлээн, дууныхаа үг, аялгууг зохиох болсноор, мөн даралтат хөгжмийг үндсэн хөгжмийн бүрэлдэхүүнээс хассанаар “Хаяа” рок поп хамтлаг шиг сонсогдохоо больсон юм. Та 2009 онд гаргасан Wolf totem цомгоос нь өмнөх жилүүдэд бүтээсэн тэдний хөгжмийн сүнсийг анзаарах болно. Харин дараа онд нь гарсан хоёр дахь цомог The Silent Sky нь “Хаяа” хамтлагийг хамгийн их алдаршуулжээ. The Silent Sky цомог нь тэдний хөгжмийн хэлийг илүү тодорхой харуулсан бөгөөд жинхэнэ утгаараа world music болж чадсан билээ. Энэ үеэс дуучин Тана хамтлагийнхаа нүүр царай болж, түүний уянгалаг, басхүү хүчтэй хоолой, тайзан дээрх бүжгийн үзүүлбэрүүд “Хаяа”-г илэрхийлдэг гол хүчин зүйлсийн нэг, тус хамтлагийн бэлгэ тэмдэг болсон юм. Энэ тухайд Тана “Хөгжим сонсоно гэдэг бүх дэлхийг сонсоно гэсэн үг. Тэгэхээр хөгжмийг хүмүүст хүргэж байгаа хүн нь бүх дэлхийг өөртөө багтааж, яг л хээр талд уужим амьсгалах мэт таашаалтайгаар, эрх чөлөөтэйгөөр дуулах ёстой. Хүн хөдөө хээр хамгаас эрх чөлөөтэй байж, үүний сацуу юуны ч юм бэ  өмнө хүчин мөхөстөж, хүндэтгэл үзүүлдэг шиг санагддаг. Тайзан дээр гарч буй эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх ёстой. Хүчтэй хоолойны чадал, сайн дуулалт, үүн дээр нэмээд тухайн эмэгтэй үзэсгэлэнтэй байвал сая нэг төгс болно” гэв. Үүнээс гадна тэрбээр төвөдийн эрх чөлөөний тухай уран бүтээл хийхээс ч зүрхшээгээгүй юм. 


Тус хамтлагийн хувьд бүтээлээ туурвих нэгээхэн чухаг онцлог нь, цомогт орж буй дуунууд өөр хоорондоо адилгүй аялгуу, үг хэллэгтэй ч эцэст нь бүхэлдээ нэг том сэдвийн тухай эргэцүүлэл, эмзэглэл, бодрол байдаг. Энэ нь тэдний бүхий л цомгийн үнэт чанар юм. Мөн тайзан дээр тоглохдоо нэг дуунаас нөгөө дуу гэлгүй, бүжгийн үзүүлбэр, домог яриагаар тоглолтоо чимдэг билээ. Бүтээл туурвилууд нь даяарчлал, эх нутаг гээд сэдвийн хувьд өргөн ч үндсэн дуугаралтад нь буддын маани хөгжөөх тарни, бөөгийн тамлага, ерөөл магтаалын өнгө аяс ихээхэн бий. 1981 онд Хөхнуур мужийн Хайши тойргийн Дэлхий хотод төрсөн, өвөр монгол-төвөдийн эрлийз, Тайж нар отгийн Авгас овогт Танын ээж нь нутагтаа алдартай дуучин байжээ. Тиймээс ч  дуу хуурт дуртай нэгэн болоход нь нөлөөлсөн гэдэг. Мөн өссөн нутаг ус, орчин нь түүнд хятад, монгол, төвөд, хинди хэл сурах боломжийг олгож, хожим тэрбээр эдгээр хэлээр дуулдаг болсон байна. 2011 онд Эрик буюу Баатар хэмээх, 1980 онд Францад мэндэлсэн, долоон настайгаасаа хөгжмийн сургуульд суралцсан нэгэн “Хаяа”-д орсноор тус хамтлагийн хөгжим дахин шинээр төрөх мэт болжээ. Beijing Contemporary Music Institute-д багшлахаар Бээжинд ирсэн Баатар өдгөө “Хаяа” хамтлагийн дуу бичлэгийн инженер, тайзны хөгжмийн техникчээр давхар ажиллаж байна. Базз хөгжим нэмсэн “Хаяа” 2012 онд “Migration” цомгоо гаргав. Энэ нь хөгжмийн хувьд ч, агуулга, илэрхийллийн хувьд ч “Хаяа”-гийн бүхий л санаа сэдлийг бүрэн илэрхийлсэн цомог болсон юм. Үндэстний хөгжмийг ард түмнийхээ ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхий, даяарчлалын тухай эмзэглэлээр тэд илэрхийлж байв. “Хаяа”-гийн дууны аялгуунууд уянгалаг, ямар ч нэмэлт хачир үгүй, үндэсний хөгжим мэт боловч найруулга нь орчин цагийн хөгжмөөр баяждаг учраас ямар ч насны сонсогчдын сэтгэлд нийцэж, уяраадаг байна. “Бид уран бүтээлээ туурвихдаа дууны үгийг чухалчилдаггүй. Бүр огт агуулгагүй байх нь ч бий. Учир нь бидний хөгжим үгээр илэрч хэлбэржих бодолтой биш, мэдрэмж, илэрхийлэл нь тийм гэх тэмдэггүй зүрх сэтгэлтэй ярилцах, түүнд хүрч очих л эгшиг байдаг билээ” хэмээн Бүрэнтөгс ярьсан юм.

 Дэмбэрэлийн Оюунномин