Thursday, August 29, 2013

Чи...!

Үзээгүй, хараагүй бүхнээ би үзэн яддаг. Мишима  /Алтан сүм/


Чи бол хайр, чи бол миний намар, намрын тухай бодлууд, өөрийгөө бусдаас өөр гэдэгт одоо ч гэнэхнээр итгэдэг  насыг минь мөнхлөгч.  Далавчтай, далд мэлмийтэй, салхи бүрээс үг сонсдог гэдэгтээ итгэдэг байсан хүүхэд насны минь хамгийн ухаалаг, чин үнэн, тодоос тод дурсамж. Чи бол хүч! Цас орохыг хараад уйлснаа, тэгээд яагаад ч юм өөртөө таалагдсанаа би ганцхан чамд л хэлж чадна шүү дээ. Чи тийм эмзэг. Тэр нэгэн намар гараас минь хөтлөөд зам дагуу хар эрчээрээ гүйж, үл мэдэг чичирсэн хоолойгоор шүлэг уншиж, “Даарч байна уу?” гээд хүзүүнд минь ороолтоо зүүж өгсөн чи, харанхуй ойд төөрөөд айж явахад хаа холоос хүний дуу цуурайтах шиг аврал минь байсан. Чи бол гэрэл. Хурц биш, шөнийн цох шиг гэрэлтэгч минь. Хэн хэн маань юу ч алга болдоггүйг нотлох гэж, танин мэдэх гэж аялж байгаа. Олон маргаашид, олон жаргалтай, олон шаналант өдрүүдэд чи үргэлж надтай цуг байхыг би мэднэ. Гэхдээ... Энэ бүхнээс өөр нэг зүйл бий. Би чамд дурласан. Анх бид танилцахад 16-хан настай жаахан охид байлаа. Чи тийм жаахан хэрнээ тэчъяал, дур хүслийн тухай юу ч мэдэхгүй намайг хачин ойлгомжгүй ертөнцтэй анх танилцуулснаа мэдэх үү? Бүгчим өрөөнөөс агаарт гарах шиг цочир байсансан. Чи миний хэчнээн дурлалыг надтай хамт туулж, хуваалцаж, өсч торнилоо доо. Гэхдээ чамд дурласан дурлал тэр бүхэнд байсаар л байсныг чи мэдэх эрхтэй хүн. Би өөр хэн нэгэн эмэгтэйтэй хэзээ нэгэн цагт уулзахдаа яарч, догдолж, хар эрчээрээ гүйх болов уу? Мэдэхгүй. Үгүй ч байж мэднэ. Өөр хэн нэгэн эмэгтэйг хараад сандарч тэвдэж, хүсэмжилж, гарт нь, хүзүүнд нь, биеийнх нь аль нэг хэсэгт хүрэхийг тэгтлээ их хүсэх болов уу. Мэдэхгүй. Үгүй ч байж мэднэ. Өдрийн турш ганцхан чамайг л бодож, хэлж мэдэхгүй, ичгүүр төрөм хүсэл чээж давчдуулна. Тэр үед би ойлгоогүй ч одоо ойлгосон. Өсвөр насны бяцхан охины сониуч, өөрөө ч мэдэхгүй сэрлээр чам руу тэмүүлсэн хүсэл одоо ч буцалсаар байна. Энэ бүхэн дөнгөж эхэлж байх үед нэг хүний “Жинхэнэ хүслийг таньж мэдэхэд чи хэтэрхий залуу байна” гэж хэлсэн нь одоо надад огтоос үнэн биш болж. Бусдын шооч харцанд өртдөг шиг тэнэг хүсэл энэ биш. Эхлээд энэ бүхэн жижиг зүйл байснаа аажмаар томорч, нүдийг минь тэр чигээр нь халхалчихав. Би бүх зүйлийг хангалттай танин мэдэж, учирч, туулж, даван гараагүй ч гэлээ тэр л ирээдүй, үй олон маргаашууд өнөөдөрт ямар хамаатай юм бэ?! Өчигдөр хийгээд өнөөдрийн минь хажууд барьцгүй, үнэ цэнгүй байгаа тэр л өдөр хоногуудад итгэж өнөөдрийн бүхнийг дахиж үгүйсгэхгүй, чамайг гэх дурлалаа үгүй хийхгүй. Одоо л алдчихвал гарт минь хэзээ ч баригдахгүй амьдрал чи гэдгийг мэдэх ч яг үнэндээ би айж байна. Ердийн нэгэн эмэгтэй сайн найзаас илүү тэнгэрлэгийг, хүслийг хэрхэн би чамд ойлгуулах вэ. Өөрийгөө чамд саймшруулах гэсэн хэрэг биш ээ. Чамайг тэр бүхнийг ойлгоод баясан хөөрөхийг би мэднэ. Чиний надаас мэдэрсэн тэр баясал, догдлол миний доторх эрийг жаргалтай болгодог гэвэл чи итгэхгүй байх. Биеийн минь доторх хоёр туйл нэг хүнийг их хайраар нэгэн зэрэг хайрлахдаа хоорондоо зөрчилдөж, аль нэг нь чамайг өмчлөхийг хүсдэг. Тэд бас бие биеэсээ чамайг харамладаг. Чи намайг “айж байна” гэж зөв хэлсэн. Чи найз минь хэвээр үүрд дэргэд минь байсан ч дурлалт чи үүрд мөнх надаас хол байна. Бидэнд ямар ч сонголт байхгүйг чи ойлгох хэрэгтэй. Чи надаас “Яагаад” гэж асууна. Би хариултыг нь мэдэхгүй. Гагцхүү би үнс нурам болтлоо шатах их хүслээ, дурлалаа хорьж цагдахгүйгээр зөвхөн мэдрэх л эрхтэй гэдгээ мэднэ. Үйлдэл болгох боломжгүй. Чи эрийг байтугай эмийг ч өөртөө татах тийм гоо үзэсгэлэн. Чи өөрөө ч үүнийгээ мэддэг. Би чамд мөнхийн зөрчил, үгүйсгэлийг гэхээсээ илүү өөр сайн эр, жинхэнэ эмэгтэй хүний амьдралыг хүсэхдээ л... Цаг хугацаа өнгөрөхөд олон учрал тохиовч намайг догдлуулахгүй. Тэр үед “Өө бурхан минь, намайг галзууруулах дөхөж байсан тэр бүхэн хаачаа вэ” гэж бодно. Тэгээд л, юу ч үлдээгүйг мэдрэхэд дотор муухайрам хэдий ч хамгийн гүнээсээ юу ч өөрчлөгдөөгүйг ойлгон эмзэглэх, баярлахын дунд арьсаа зумартал хавчуулагдана. Гэхдээ гагц чи л хэзээ ч ердийн нэгэн учрал болохгүй. Чиний хэлдгээр, ай даа бид ядаж л залуу байгаа минь юутай эрхэм бэ! Юм бүхэн чухал биш дээ, гагцхүү чамайг би 16 насандаа анх харсан шигээ, тэр л хүрэн бор урт үс, цэнгэг ялдам хэрнээ гүн харцтай дэггүй охин хэвээр чинь яаж сэтгэлдээ үүрд хадгалж үлдээх вэ? Бүхнээс илүүтэй хадгалж үлдэх нь л миний хувьд эрхэм байна, хонгор Лолита минь! Чиний асуулт бүхэнд энэ хариулт болог.

No comments:

Post a Comment