Monday, March 24, 2014

Facebook or Failbook?

НИЙСЛЭЛ хөтөч сэтгүүл.  2012 оны 3-дугаар сар.
by Маралгуа


Би тийм ч нийтэч хүн биш. Гэхдээ facebook-ийн 184 найзтай. Тэднийхээ тэн хагасыг зүс танина, үлдсэн хэсэг нь намайг үл танина. Хэдий тийм боловч би таньдаг, таньдаггүй тэдгээр “дотны” нөхөддөө зориулан бүхэл бүтэн 30 зургийг profile-даа сонгохын тулд хичээнгүйлэн цаг зарсан. /Өө, битгий буруугаар ойлгоорой, ex-дээ сайхан харагдахын тулд биш шүү, өөртөө л таалагдахын тулд. / Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг бол facebook-ийн хариу үйлдэлд ердөө л 23 цаг хангалттай байдаг юм билээ. Хамгийн хачирхалтай нь Mark Zuckerberg-ийн зохиосон Матрикс”-ын хүүхдүүд энэхүү энгийн зүтгэл, photoshop-ын бүтээлийг маань тэр дор нь өндрөөр үнэлж, гурван ч secret group-ынхээ хүндэт гишүүн болгохоор ятгаж дөнгөсөн юм даа. Миний өөрийн гараар “будаж өнгөлсөнwallдолоо хоногт дээд тал нь дөрвөн хандалт ирдэг. Тэглээ гээд би post, link, comment болгон дээр like дарж оршин буйгаа зарлан тунхаглахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, намайг facebook-ийн шуугиант ертөнцөд тун чимээгүйхэн амьдардаг нэгэн гэж ойлгож болно. Тэгсэн мөртлөө би энэхүү хэт хөдөлгөөнтэй орчны юунд ч баригдамгүй хэмнэлээс татгалзаж, “хүн шиг” амьдарч нэг л чадахгүй байгаа юм даа. Яагаад? “Facebook” хэмээх “хар тамхи” чинь эцсийн эцэст хувьсгалын ажил, хувийн амьдралын failbook юм биш байгаа? Одоо ганцхан update-ээ шалгачихаад, одоо ганцхан “цагаа бүртгүүлчихээд” энэ тухай ну-хац-тай бодно оо.
Facebook effect гэж юу вэ?
“Тохиолдол бүхэн учир шалтгаантай, түүнээс зугтах арга үгүй” хэмээх хууль бол “Butterfly Effect” киноны баримтлах гол зарчим байсныг санаж байна уу? Тэгвэл “Тохиолдол бүхний шалтгаан facebook, түүнээс зугтах газар үгүй” хэмээх гаргалгаа бол “Facebook effect”-ийн бахархах гол амжилт болоод байна. Байз байз, үнэхээр ч энэхүү “Номон нүүрт”-д “нүүрээ барж”, “Ном дор нь мөргөхөөс” өөр аргагүй хэд хэдэн давуу тал бий юм шүү.
Facebook бол үзэл санааны ҮНЭГҮЙ их дэлгүүр:
Сав шим ертөнцийн сайхан санаа, хорт бодол болгон facebook-ийн хуудаснаа нэгэнт заларвал буян нь маанийн ерөөл мэт мянга дахин үржиж, нүгэл нь тахлын халдвар мэт хоромхоноо тархдаг. Кибер ертөнцөд нэг л удаа хашгирсан хөндий цуурай замхрахын тулд нэлээд олон түүхий тархины үрчлээсийг тоолдог бол дүйвээнд нь та чамгүй “чухал” найзуудынхаа ухааны хаалгыг тогших боломжтой. Ерөөс “Дэлхий сөнөлөө, яана аа, манайхаан?”, “Монголчуудын цус холилдоод дууслаа”, “Газраа гадныханд үхсэн ч бүү зар” гэх өмчирхөл, өширхөл, их зөгнөл хэнд хэрэгтэй юм бэ? Тиймээс үзэл санааны их дэлгүүрийн хэрэглэгчид үнэ хямдарсан бараанаас бөөндөхдөө чанарыг нь эхлээд сайтар шалгахад суралцах учиртай. Тухайлбал, Post оруулсан эх сурвалж нь хэн болох, тэрхүү хуулийн этгээд Алькайда бүлэглэлийн гишүүн юм биш биз, солгой юу, баруун гартан уу, Н.Энхбаярын хамаатан мөн эсэх, тэрчлэн “амны ариун цэвэр”-ээ хэр сахидгийг нь хүртэл тандсан ч яадаг юм. Анхны хичээл: Мэргэжлийн хяналтын албанд биш мониторинг хийх мэргэн оюундаа найдаж бай!
Facebook бол дайны талбар:
Энгийнээр тайлбарлая. Хэрэглэгч  A, харилцагч B-д хандан “Мартаар найз охиндоо ямар цэцэг авч өгвөл зүгээр вэ” гэж асуусан байна. Мэдээж харилцагч В “Сарнай хамгийн сонгодог сонголт” болохыг сануулжээ. Гэтэл овоо босгоогүй байхад шаагилдаж суусан шувуунууд болох C, D, E, F.........W, X, Y, Z нар хэрэглэгч А-гийн өөдөө шидсэн чулууг өлгөн авч, нэг нэгэн рүүгээ дүүгүүрдэх бөгөөд энэ нь яваандаа “Улаан сарнайгаар яадаг юм”, “Цагаан нь дээр шүү дээ”,  “Үгүй ээ, гоодаль зүгээр”, “Ер нь цэцэг өгөх хэрэг байна уу”, “Яахаараа заавал муусайн эмэгтэйчүүд дандаа бэлэг авч байдаг юм, эрчүүд бид хөөрхий байна” гэсэн утгатай жендерийн асуудал болон хувирна. Онилсон байгүй буудалцаан цаашид улам ширүүсэхэд гайхах зүйлгүй. Тэд бол Чингисийн үр сад! Сүүлдээ дайтагч “Ам баатрууд” юун тухай маргалдаж байгаагаа мартах бөгөөд маргалдаж байгаагаа л ЯАСАН ч үл мартана. Энэхүү цусгүй дайны талбарт дарьгүй зэвсгээр галлах үед санах дараагийн хичээл бол “Амиа аврах шилдэг арга бол арван хуруугаар хурдан шивэх дадлыг эзэмшсэн байх явдал юм.”
Facebook бол PR-ын сургууль:
Хүн эхээс нэг төрдөг. Facebook-ээс дахин нэг “төрдөг. Ялгаатай нь эхээс мэндлэх үедээ ихэнх хүн хэн болохоо сонгох эрх мэдэлгүй байдаг бол facebook-ийн хэвлийгээс унах үедээ бүх хүн хэн болохоо шийдэх засгийн эрхийг гартаа авчихсан байдаг. Үгүй ядаж л хэнийг хуулбарлахаа мэддэг болчихсон байдаг. Ironman, Batman, Superman, Yes man, No man, I-don’t-know-man, I-Am-Cool-Man,man!, Cinderella man гээд л... /Билгийн мэлмийтэй зарим нь хүн байхаас уйдсандаа Shrek, Шилэн анахай, Сүүлчийн цас, Анхны бороо, Бор еэвэн, Том алим болон төрөл арилжихыг илүүд үздэг байна./ Харвардын хэмжээний PR-ын мэдлэг олгодог мөртлөө төлбөр нэхдэггүй энэхүү буяны байгууллагын өргөн үүдийг нэгэнт татаж, өндөр босгыг нэг л давсан бол дараах дүрмийг санаж явах учиртай. Хүссэн дүрдээ дураараа хувирах шидэт баг бэлэглэснийхээ хариуд сургууль чамаас 100 хувийн ирц, 101 хувийн идэвх шаардана. Хоцорч болохгүй, тасалж бол бүр ч болохгүй. Тиймээс санаж явах удаах хичээл: “Арьсаа солиулж”, дүрээ өөрчлөхийг хүсвэл Майкл Жексоны мэс заслын эмчид хандах нь нервт гамтай.
Facebook бол муур багш:
“Цэнхэр дээл”-тэй, ноомой төрхтэй муур багш маань хэрэгт дуртай хэдэн бүлтийсэн шавиа тойруулан суулгаад анхны лекцээ орно. Лекцийн сэдэв: “Мэдээллийн технологи болон мэдлэгт facebook-ийн дусал нэмэр”. Хөөрсөн хулганууд хөл дэвхцэн баярлана. “Яасан сонирхолтой, ямар хөгжилтэй юм бэ...”. Харин маргаашнаас нь “Бултаараа хэлэлцвэл буруугүй”, “Хэний охин өсч, хэний айраг исээ вэ”,  “Мянга сонссоноос нэг үз”, “Дурлахгүйгээр чаатлая”, “Нэг нь нийтийн төлөө, нийт нь facebook-ийн төлөө”, “Facebook бол ертөнцийг харах НОМТ цонх юм” гэх мэтийн үзэл сурталжсан сэдвээр шавь нарынхаа нүдийг цэлмэтэл угаана. Ингээд л муур багшийнхаа амарлингуй аврагч төрхөд сүсэглэсэн сая сая хэрэглэгчид facebook хэмээх цаг хугацааны казинод хамаг энерги, ажлын бүтээмж, эрүүл мэндээрээ дэнчин тавин, ганцаардлыг ялж, сатаарлыг олохын тулд өдөржин шөнөжин мөрийтэй тоглодог юм даа. Ажлын үеэр, амралтын өдөр, цайны цаг, баярын үдшээр ч ялгаагүй муур багш маань “Check me, check me хэмээн ханцуйнаас татаж, “Сур, сур бас дахин сур” хэмээн ширүүхэн номлодог. Сураад байгаа хэрнээ л эрдмийн оргилд хүрээгүй явна. Ай даа, багш та keyboard тачигнасан их өргөөний эзэн, facebook та олон нийтийн боловсролын оройгүй сүм билээ...  Муур багшийн сургаал: “Сурган хүмүүжүүлэгч болгон сайн санаатан байх албагүй”.
Facebook бол итгэлцлийн дүүжин гүүр:
Facebook-ийн ачаар хүн төрөлхтний түүхэнд урьд хожид тохиож байгаагүй их итгэлцлийн эрин үе эхэлсэн гэхэд буруудахгүй. Нүүр нүүрээ харалцаагүй /бүр нүүргүй ч байж мэдэх/, нэрийг нь ч зөв уншиж чадахгүй гадаад, дотоодын найзууддаа бид тун өөриймсөг ханддаг нь гайхмаар хэрэг шүү. Тэр ч бүү хэл тэдэндээ төрсөн өдрийн мэнд марталгүй хүргэж, зурагных нь дор “You look sexy. Big like. Lol” хэмээн албатай юм шиг бичнэ. Хэрэв гудамжинд нэг нөхөр тааралдаад “Чи өнөөдөр үнэхээр тачаангуй харагдаж байна шүү, надад таалагдлаа” хэмээн цаасан пуужин өмсүүлснийхээ дараа даапаалаад ч байгаа юм шиг, худал магтсандаа бантаад ч байгаа юм шиг ихэд инээвэл /Lol/ бид тэрхүү ёс суртахуунгүй үл таних эрийг тэр дор нь гаж донтон хэмээн тодорхойлох бөгөөд “Баярлалаа” хэмээн уярангуй хариулахын оронд зугтахын түүс болох нь бодит байдалд илүү нийцдэг. Харин facebook-т мөрдөгддөг дүрэм бол өөр. Бид wall дээр маань comment бичдэг хэн ч байж мэдэх /хүн биш ч байж болох/ танилуудаа хүндэлдэг бөгөөд хачирхалтай нь тэдний хэлсэн болгонд итгэн, хариу урвал үзүүлдэг. Тиймээс facebook-ийг дэлхий дахины найрамдалт харилцааны гүүр, хоёр дахь НҮБ гэсэн ч яадаг юм. Мэдээж, НҮБ-аас ялгаатай нь бид хоногийн 24 цагийн турш өчүүхэн төдий асуудлыг ч жижиг гэж гололгүй авч хэлэлцдэг. Тухайлбал, өндгийг аль талаас нь хагалбал зохистой вэ гэх мэт. Энэ хэсгээс сурах дараагийн хичээл: Ер нь ямар ч бүлгэмийн гишүүд хуралдаж л байхдаа жаргалтай, үр дүн нь хамаагүй /76-гаа одоо л ойлгож байна/. Хүмүүс эрсдэлтэй дүүжин гүүрээр дэнжигнэн алхах дуртай /Аан, ийм учраас л бүсгүйчүүд Зорро, Хүн аалз мэтийн багтай залууст дурладаг юм байна шүү дээ.../.
Facebook бол шорон:
Төсөөлөөд үз дээ. Нэгдүгээрт, танд profile picture бий. /Кодтой самбар тэвэрсэн гунигтай төрхийг энэ удаа түр мартая/. Хоёрдугаарт, “хоригдох” хугацаандаа та wall дээрээ сэтгэгдэл, дууны үг, шүлэг эрээчиж, зураг зурахаас өөр зүйл хийдэггүй. Гуравдугаарт, та “хана”-тай харилцсаар уйдсан тул бусад камерт юу болж байгааг үргэлж мэдэхийг хүснэ. Дөрөвдүгээрт, таныг яагаа ч үгүй байхад шоронгийн өөр нэгэн хам тан руу poke хийвэл гомдох зүйлгүй, учир нь шорон бол хатуу самар. Тавдугаарт, та суллагдахыг мөрөөдөх боловч зовлон нэгт нөхдийнхөө хамт бүх насаараа хоригдох ял авчихсан байдаг, facebook-т давж заалдах хуулийн цоорхой даанч байхгүй. Зургадугаарт, “наранд түр хугацаагаар гарах” цорын ганц арга бол өвдөх. Учир нь ихэнх эмнэлгийн WI-FI ажилладаггүй юм. Удаах хичээл: Нэгэнт “шорон”-д орсон бол атаман нь бол. Үгүй бол гэмт хэрэг бүү хий.
Facebook бол дурсгалын цомог:
Хүн юу тарина, түүнийхээ үрийг хурааж авдаг гэдэг. Харин би хэчнээн хичээгээд ч арван жилийнхээ улаан туузтай “хөдөө” зураг, Америкт нэгэнтээ аальгүйтэж авахуулсан party-ны “бүү үзэгд” кадр, арчих гээд арилж өгдөггүй бүтэлгүй дурсамжийн “Бурхан минь, би хэн байсан юм бэ” цомгоо бүтнээр нь бүх дэлхийд /бүх дэлхий хэмээх ойлголтод хадмынхан, хамтран ажиллагсад, сайн дурын байгууллагын намбатай ах эгч нар маань орно гэдгийг анхаарна уу/ үзүүлэх нүгэл үйлдсэнээ санахгүй байгаа юм. Болохгүй зурагнуудыг минь “болоод өнгөрсөн юм чинь, яадаг юм” хэмээн tag-ласан найзуудыгаа буруутгалтай нь ч биш. Гээд яах билээ. Тэгээд л би facebook хэмээх хэзээ ч хуучирдаггүй, урагддаггүй /зарим хуудас нь салаад унаасай гэж яасан их хүсэх/ дурсгалын цомгийнхоо арын хуудсанд “Сүүлчийн хичээл: Facebook-ээс ургац хураахыг хүсвэл олсны ургамал тарь. Хураасан олсоороо хаагддаггүй зарим нэг амыг боо” гэж бичлээ.
Facebook үү, Failbook үү? Та өөрөө шийд. Хэдий түүнийг бид failbook хэмээн нэрийдсэн ч, өлсөөгүй хэрнээ дотор нь юу байгааг шалгахын тулд хүүхэд хөргөгчөө байн байн онгойлгодог шиг өдөр болгон facebook рүү ЗҮГЭЭР Л ордог хэрэглэгчдийн тоо буурахгүй тул юуны ялгаа. Одоо ганцхан update-ээ шалгачихаад, одоо ганцхан “цагаа бүртгүүлчихээд” ... Facebook-ээ гэж...