Wednesday, November 20, 2013

Харгис үнэний магтуу

*Нийтлэлд дурдсан жүжгийн хэсгүүдийг Ц.Цэнгэлийн орчуулгаар, орчуулагчийн зөвшөөрөлтэйгөөр ашигласан болно.


“Миссис Смит Би дахиж онгойлгохгүй шүү.
Мистер Смит Гэхдээ цаана чинь хэн нэгэн хүн байна шүү дээ!
Миссис Смит Түрүүн хэн ч байгаагүй, сая ч гэсэн. Гэтэл чи яагаад хэн нэгэн хүн одоо тэнд байгаа гэж бодоо вэ?
Мистер Смит Хонх цохисон болохоор.
Миссис Смит Энэ чинь нотолгоо биш шүү.
Мистер Мартин Яагаад? Хэрвээ хаалганы хонх дуугарч л байгаа бол хэн нэг хүн тэнд зогсоод онгойлгуулах гэж цохиж байна гэсэн үг биз дээ.
Миссис Мартин Заавал ч биш...” /“Хожгор дуучин” жүжгийн хэсгээс/*
Хаалганы хонх дуугарвал хэн нэгэн цаана нь байгаа гэсэн үг үү? Эсвэл хаалганы хонх дуугарах нь хаалганы цаана хэн нэгэн бий гэсэн нотолгоо болж чадахгүй юу? Олонх нь хаалганы ард хэн нэгэн байгаа учраас л хонх дуугарна гэх байх. Хэрэв бидний эргэн тойрны хүмүүс иймэрхүү зүйлс дээр маргадаг бол тэднийг “эрүүл бус” гэх нь ойлгомжтой. Гэтэл үнэн хэрэгтээ бид өөрсдөө “эрүүл бус” гэх нэр зүүж өгсөн тэдгээр хүмүүстэйгээ яг адил, огт хэрэггүй зүйлсийн тухай ярьж, толгойгоо гашилгадаггүй гэж үү? Өдөр тутмын аахар шаахар зүйлс, үзэгдэл төдий юм болгонд санаа сэтгэлээ зовоох нь эгээ л Смит, Мартин нарын дээрх маргаан шиг утгагүй юм. Үхлийн талаарх бидний зовнил, тулгарч буй асуудлын учрыг олох гэсэн оролдлого хонх дуугарвал цаана нь хүн байгаа, байхгүй гэж маргалдаж буй тэдний маргаантай үнэн хэрэгтээ агаар нэг. Огт хэрэггүй зүйлсэд зовниж, асуултаасаа хариулт хайх бидний үйлдлийг энгийн зүйл дээр маргалдаж, түүнийгээ эгээ л юмсын мөн чанарын тухай ярьж буй сургагч, өөрийнхөө дэвшүүлсэн санааг батлах гэж буй эрдэмтэн адил улайран ярих дүрүүдээс ялгарах юмгүй гэдгийг румыны нэрт зохиолч Эжен Ионеско “Хожгор дуучин” /The Bald Soprano/ бүтээлээрээ харуулсан билээ. Утга зохиол, тэр тусмаа абсурд театрын ертөнцөд өөрийн нэрийг дахин давтагдашгүй, гоц гойд бүтээлүүдээрээ тамгалж чадсан энэ эрхэм 1904-1994 он хүртэл амьдарсан юм. Хүүхэд насаа францад өнгөрүүлсэн Ионескогийн бүтээлээс франц бичлэгийн хэв маяг, загварыг огт олж харахгүй. Анх шүлэг, яруу найргаар уран бүтээлийн гараагаа эхэлж байсан тэрбээр мөн сэтгүүлчээр ажиллаж байсан гэдэг. Түүнийг зохиол бүтээлээ ид туурвиж байсан 1940-өөд оны сүүл, 1960-аад оны эхэн үед абсурд театр ид мандаж, хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн. Ионеско урлагийн ертөнцөд гоц үзэгдэл болсон абсурд театрын түүхнээ онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Чухамдаа Ионеско, Жан Жэнэ, Харолд Пинтэр зэрэг зохиолчдын нөлөөгөөр абсурд театр эрийн цээнд хүрч, хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Ионеског зохиолч Виктор Гюготой адилтгах нь бий ч, утга санаагаа илэрхийлэх бичлэгийн хэлбэр нь огт адилгүй. Өглөөгүүр зохиолоо бичдэг зуршилтай Ионеског орчин цагийн утга зохиолын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээдэг ч тэр “Би авангард урсгалыг театрт эрс шинэчлэлт хийхэд бус, мартагдсан зүйлсийг дахин бүтээхэд чиглэгдсэн гэдэгт итгэдэг. Гэхдээ өөрийгөө энэ бүхнийг хийнэ гэж боддоггүй. Харин бусад нь театрын мөнхийн, сонгодог мөн чанарыг үзэгчдэд үзүүлж чадна байх” хэмээн даруухан зан гаргадаг байжээ. Гэлээ ч Ионескогийн бүтээл, ялангуяа жүжгийн зохиол нь яах аргагүй чанар чансаагаараа, хэзээ ч цаг үеэсээ хоцрохгүй мөнх наслалтаараа, аль ч зуунд мөнхийн үнэнийг шингээсэн агуулгаараа тэргүүнд тавигдах нь дамжиггүй. Өдгөө түүний хамгийн чухал бүтээлүүд болох “Хожгор дуучин”, “Сандал”, “Хирс”, “Хоёр хүний дэмийрэл” зэрэг жүжгийг орчуулагч Ц.Цэнгэл монгол хэлнээ хөрвүүлээд байна. Хэрэв абсурд театрын томоохон төлөөлөгчдийн нэг Сэмюэл Бэккет “Годог хүлээхүй” жүжгээ бичээгүй бол өдгөө Ионескогийн 1948 онд бичсэн “Хожгор дуучин” хамгийн ихээр алдарших байв. Тэрбээр сэтгэц мэдрэлийн эмнэлгийн өвчтөний харилцан яриаг цааснаа буулгасан мэт үг хэллэгээр дүрүүдийнхээ мөн чанарыг гаргаж, хүрээлэн буй орчин, механикжсан нийгэм дүрүүдийг нь гарах гарцгүй болтол хашиж буйг, энэ бүхнээс хэтийдэн гарах, эсвэл эвлэрэх гэсэн хоёр туйл зөрчил үүсгэж, зөрчлийн улмаас дүрүүд хүн байхын утга учрыг эрэлхийлж буйгаар зохиол бүтээлээ туурвидаг нь зохиогчийн уран хийгээд “башир” арга юм. 1950 онд анх тайзнаа тавигдсан уг жүжгийн гол санааг ганц утгаар тодорхойлох боломжгүй. Ердөө л хамрын ханиад туссан хүний тухай сонсоод “Гайхалтай түүх байна” хэмээн дуу алдах дүрүүд нь эд хөрөнгөөр дулдуйдаж, бүхнийг бүтээгчдийн тухай сонссон хэн нэгний харуусал шиг утгагүй зүйлд баясах. Гэвч цаг бол “Зөрчил тэмцлийн сүнс шүгэлчихсэн эд юм” хэмээн бодох дүрүүд нь сэтгэлгээний хувьд загварт баригдаагүй хүмүүс гэдгийг илтгэнэ. Бие биетэйгээ огт танихгүй хүмүүс шиг уулзалдах эхнэр нөхөр... Ертөнц дээр анх удаа нэг нэгнээ харж байгаа юм шиг загнах нь санаатайгаар биш, тэд угаасаа л тийм. Өөрсдийн амьдралын тухай ярьж, яг адилхан газар амьдарч, яг л адилхан хүүхэдтэй болохоо мэдэлцэж гайхацгаана, гэхдээ үүндээ огт цочирдохгүй тайван хандах. Энэ нь, бид өдөр бүр уулзаж, харилцаанд орох ч өрөөл бусдыг хэзээ ч бүрэн төгс таньж чадахгүй гэсэн санааг илэрхийлсэн болов уу. Зохиолд ямар ч хэрэггүй гэмээр үг хэллэгүүд, утгагүйдэл нэгэн цул болж гол санааг босгодог нь зохиогчийн туурвихуйн ухаан, бичлэгийн үнэт чанар юм. Салангид үедээ огт чухал биш үзэл санаа, өгүүлбэр, үг хэллэг, дүрүүд нь нэгэн цул болохдоо нэг санааг ч биш, бүр хэд хэдэн санаа, агуулгыг төгс илэрхийлж чаддаг. Ерөөсөө түүний зохиол бүтээлийг тайлбарлана гэдэг галзуу хүний л хийж чадах ажил байх. Тайлбарлах боломжгүй гэх тодотгол нь өөрөө абсурд жүжиг сэтгэлгээний хувьд хэр өндөр түвшнийх болохыг нотолдог. Хэрэвзээ ухаж ойлгуулах гэж үзвэл зохиолын өгүүлбэр бүрийг задлан шинжлэх хэрэгтэй болох вий. Ионескогийн бүтээлийг Бэккэттэй төсөөтэй гэх ч үнэн чанартаа огт өөр болох нь зохиолын өрнөлөөс харагддаг. Зохиолын бүтэц, тэнэгдүү гэмээр дүрүүд, эхлэл төгсгөл зэрэг нь адил мэт боловч Ионеско жүжгийнхээ төгсгөлөөр Бэккэтийг шиг дүрүүд нь гарах гарцгүй гэдгийг бус “өгөгдөл”, хувирашгүй тогтсон үзэгдлийг туулахаас өөр замгүй гэдгийг харуулдаг. Түүнчлэн Бэккет цаг хугацааны эмх замбараагүй байдал, эхлэл төгсгөлгүй шинжээрээ зохиолынхоо өрнөл, цаашлаад гол утгагүй “утгыг” харуулдаг бол Ионескогийн хувьд цаг хугацааг төдийлөн онцолдоггүй. Ионеско хэд хэдэн жүжгийн зохиол бичсэнээс хамгийн сор бүтээлээр “Хирс” жүжиг нь нэрлэгддэг. “Хирс” жүжиг зөвхөн театрын төдийгүй орчин цагийн утга зохиолын чиг хандлагыг тодорхойлж, үндэс суурийг нь нэгэнт тавьжээ. Нэг талаараа түүний бүтээл зохиогчоосоо урсан гарсан мэт боловч уншигчдад мэдэгдэхгүй үйл явдлын өрнөл, зохиол доторх зөрчил, нэг утга санаанаас нөгөө утга руу шилжих огцом зохион байгуулалт, бичлэгийн ур ухаан нь үнэхээр бишрэн шүтмээр нарийн тансаг, түүнийхээ хэрээр төвөгтэй. “Хирс” жүжиг нь 


Ионескогийн бүтээлүүдээс хамгийн сонгодогт тооцогддог ч зохиогч 1951 онд бичсэн “Сандал” жүжгээ илүүд үзэж, “Хөгшин эр хаалга нь хаагдсан цэцэрлэгийг, бага балчир насаа тун бүдэгхэн, яг л бөхөж байгаа лааны гэрэл шиг бүдэг бадагхан санана. Энэ нь миний хувьд алдагдсан диваажин юм. Хэдий чухал биш ч энэ хэсэг надад төгсгөлөөс ч илүү чухал санагддаг” хэмээжээ.
Өвгөн Цаана чинь...Парисын цаад талд... юу байсан бол?
Эмгэн Тэнд чинь юу байлаа даа, бас хэн?
Өвгөн Сайхан газар, үстэй дээлгүй л явна шүү.
Эмгэн Тийм халуун уу? Биш ээ, нэг л биш байна.
Өвгөн Өөр бас юу байлаа? Энэ толгой дотор холион бантан...
Эмгэн Бодох гэж битгий хүчил ээ, аягүй бол...
Өвгөн Бүх юм тэртээ хол... чадашгүй... Энэ чинь хаа байлаа даа?
Эмгэн Юу?
Өвгөн Яах вэ дээ, нөгөө юу... нөгөө юу... энэ чинь хаа билээ дээ, бас хэн билээ дээ... Үг олох гэж зүдчих юм... Гэхдээ бүгдийг хэлэх шаардлага байна.
Эмгэн Энэ чинь чиний ариун үүрэг. Мэдээний тухай дуугүй байх эрх чамд байхгүй, чи хүмүүст хэлэх ёстой, тэд хүлээж байгаа... чамайг орчлон ертөнц хүлээж байна...” /“Сандал” жүжгийн хэсгээс/*
Жүжгийн дүрүүдийн харилцан яриа ямар ч логик дараалал, утга санаа илэрхийлээгүй байх нь уншигчдыг төөрөлдүүлэх. Уг жүжиг нэлээд олон дүрийг хамрах боловч жүжгийн турш зөвхөн өвгөн, эмгэн, уран илтгэгч гэж нэрлэгдэх гурван дүр нь л тайзан дээр бодитоор, үзэгчдийн нүдэнд харагдахуйц байна. Гурван дүр нь бусад дүрүүдээ байгаа мэтээр харилцан ярьж, үйл хөдлөл үзүүлэх замаар жүжиг өрнөдөг. Гагцхүү жүжгийн төгсгөлд олны шуугиан, чимээ сонстож, хоолойгоо засах, хоорондоо шивнэлдэх авиа гардаг. Ерөөсөө абсурд жүжгийн амин сүнс нь зохиолоосоо илүүтэй, тайзны тавилтын өвөрмөц шийдэл. Тайзны этгээд тавилт, уламжлалаас гажсан, стандартгүй, санаатайгаар өөр байх гэсэн дэглэлтийн төгс хувилбар бол “Сандал” жүжиг билээ. Түүний бас нэг сонирхолтой жүжиг бол “Хоёр хүний дэмийрэл”. Уг жүжгийн гол баатруудад ч тэр нэр оноож өгөхөөс татгалзсан байдаг.
“Эрэгтэй Өөрийнхөө үхлээр үхэхийн оронд бусдын гарт үрэгдэхийг зарим хүн илүүд үзэх юм. Тэдэнд тэвчээр дутагдаж байгаа юм. Эсвэл энэ нь тэдэнд таашаал өгдөг байх.
Эмэгтэй Эсвэл тэд энэ нь тэдэнд таашаал өгдөггүйг нотлох гэдэг ч юм уу.
Эрэгтэй Эсвэл тэр нь ч амар байж болно. Хөгжилтэй.
Эмэгтэй Энийг чинь хамт олны сэтгэлгээ гэдэг юм.
Эрэгтэй Тэд бие биеэ харилцан алж байгаа юм.
Эмэгтэй Тэд нэг нэгнээ ээлжилж алж байгаа хэрэг. Нэг зэрэг ингэх боломжгүй... гэх мэтээр тодорхой шалтгаангүй, гэхдээ шалтгаантайгаар бие биедээ буруу өгөн маргах эр эм хоёр. Зохиолын үг хэллэг бусад зохиолтой нь адил энгийн мэт боловч ээдрээтэй, тархи задармаар хурц. Дүрүүд нь уншигч, үзэгчдээс хэлж болох дорд үзсэн, ухамсрыг нь басамжилсан бүхий л үгсээр булуулах ч эцэстээ тэдэнд уйтгар төрүүлэн, юмсыг шаналангуйгаар эргэцүүлэн бодох байдалд хүргэн тохуурхдаг. Тэр бүү хэл дүрүүд нь эмгэн хумс хуягтай, эсвэл хуяггүй талаар үнэн голоосоо, бие биеэ үзэн ядталаа маргах нь ёстой л жинхэнэ дэмийрэл. Үүнээс үзвэл түүний бүтээлийг гаж гэж хэлж болохоор ч энэ тодорхойлолт оновчгүй юм. Учир нь бүтээлийнх нь гүнд утга уянгын зүйл байдаг. Ионескогийн уйтгартай, залхаг санагдах бүтээл өөрөө уншигчаа гол цөм рүүгээ аажим аажмаар татан оруулж, нөгөөтээгүүр ямар ч төвөггүй, зовлонгүйгээр харгис үнэнд суралцуулж, таниулдагт л зохиогчийн гоц авьяас оршдог аж. Ионескогийн бүтээлийн гүнд хүрч, харгис үнэнд суралцах нь хамгийн их тэвчээр шаардах бясалгал байх болно. “Яагаад гэх асуулт намайг унтаж байхад ч, ажлаа хийж байхад ч дагадаг. Үхэл ирсэн цагт л чимээгүй болох биз. Учир нь тэр үед миний уруул хаагдана” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн Ионеско туурвисан бүтээлүүдээрээ уншигчдад өөрт нь тулгардаг байсан асуултыг үлдээж, түүнчлэн өөрийнхөө бүтээлээр дамжуулан хариултыг нь олох боломжийг олгосон юм.□


Д.Оюунномин 
“Гоодаль” сэтгүүлийн 2011 оны аравдугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно.

No comments:

Post a Comment