Saturday, September 28, 2013

Нүүдэлчдийн урлагийн эх




Монголжуу төрхтэй, хэнэггүй хэрнээ этгээд хувцасласан, дундаж насны, өө тэгээд бас болоогүй үсээ хуссан, зэрвэс харвал эгээ л гэлмаа мэт тэгсэн хэрнээ ямраар ч юм бэ “орчин үелэг” эмэгтэй тайзан дээрээс барууны хүмүүст бүүвэйн дуу дуулж өгч байна гээд төсөөлдөө... 
Тийм ээ, тэр барууны хөгжмийн ертөнцөд анх ингэж хөл тавьсан. Энгийн нэгэн шөнийн клубээс эхлээд фестивал гээд дуулж болох бүхий л газруудад, нөхцөлд тэр дуулж хөөмэй, Тува улс гэдгийг мэдэх ч үгүй барууныхныг “утгатай уянгаар” гайхшируулж байв. Этгээд дуу авиа, өвөрмөц хоолойтой учир хожим Францын эрдэмтэд хоолойг нь судлан, рентгийн зураг хүртэл авч байсан удаатай. Заримдаа ертөнцийн хамгийн уянгалаг дуу хоолой, эсвэл хамгийн утгагүй чарлаан, өөрөөсөө өөр хэн нэгэн эргэн тойронд нь буйг мартсан мэт чөлөөт Sainkho Namtchylak /Намжилийн Сайнхүү/. Өдгөө Дорнын Бьорк, Эзэнт гүрний гайхамшиг, Нүүдэлчдийн урлагийн эх  хэмээн хөгжмийн ертөнцөд сод үзэгдэл болсон. Тэрбээр хөгжим гэдэг зөвхөн таашаал зэргээс нь хэтийдсэн сонсогчдын төвшинд нэлээдгүй дээгүүр зэрэглэлийн дуучин. Түүнийг хүмүүс бүхий л тэмдэг нэр, эргэлзээт үгс, бахдам магтаал, бас яаж дутах вэ хамгийн “бүдүүлэг” үгсээр ч тодорхойлох нь бий.
Бадарчин
Сайнхүү Австри улсын иргэншилтэй. Гэхдээ тэр “Нүүдэлчдийн урлагийн эх” хэмээн өөрийг нь өргөмжилсөн нэршил шиг орноос орон, хотоос хотод очин дуугаа дуулсаар, хөөмэйн гайхамгийг мэдрүүлсээр. Өрнөөс эхлэсэн түүний бадарчилал хожуу дорно зүг чиглэсэн. Эргэн хөрвөөх мэт. Гэсэн ч тэр дорнын гүн ухааныг нутгаасаа явахдаа л ухамсарлаж хаана ч тухайн улс орны сэтгэлгээд автахгүй өөрийн үзэл бодлоор бүтээлээ тууриваж байгаа нь тэр зөвхөн өөрийнхөө төлөө биш үндэс угсааныхаа төлөө дуулдаг гэдгийг илтгэнэ. Очсон газар бүрийнхээ уран бүтээлчидтэй хамтран ямар ч төвөггүй хөрвөөх чадвартайгаараа тэр бусдаас ялгардаг. Сайнхүүг их сургуульд байхад багш нар нь хоолойных өнгийг тодорхойлж чаддаггүй байсан гэдэг.  Өдгөө 57 настай  ч өнөөх л дүрсгүй, өөрийнхөөрөө, эрч хүчтэй, үргэлж санаандгүй зүйл хийдэг хэвээрээ. Бүр яг хэвээрээ шүү. Цаглашгүй шинийг сэдэгч, “хиймлээр” өөрсдийгөө сайхан харагдуулах уран салбарынхныгаа өдөөгч нэгэн байсаар л. Тэр зөвхөн дуулахыг л хүсдэг. Харж буй бүхнээ...


Хөгжим
Хэрэвзээ хэн нэгэн Сайнхүүг анх удаа сонсох гэж буй бол “Lost River” цомгоор нь л битгий эхлүүлээрэй! Ямар ч хөгжим, үггүй зөвхөн хүний дуу авианаас бүрдсэн уг цомог сонсогчоосоо нэлээдгүй тэвчээр басхүү сайн чанарын дуугаралттай чихэвч шаардана шүү. Харин тэвчээртэйгээр гүнд нь хүрсэн нэгэнд авиа бүр хөгжим байдгийг таниулна. Naket spirit, Stepmother city, Out Tuva зэрэг цомгууд таны хэзээ ч сонсож байгаагүй уянгалаг биш “уянга” байх болно гэдэгт итгэ. Тувагийн ардын хөгжим, уртын дуу, хөөмэй, хуур зэрэг үндэсний хөгжмийг Сайнхүү электроник хөгжимтэй хоршуулахдаа тэдгээр хөгжмийн өөр өөр урсгалын үндсэн язгуурыг алдуулахгүйгээр цэвэр зөвхөн “Сайнхүү” гэх шинэ хөгжим бүтээснээрээ чухаг. Түүний дуу хөгжимд шимтэн, ойлгохын хэрээр тэдгээр хачирхалтай авиа, дуулалт нь Сайнхүүгийн өөр байх гэсэн арга барил биш төрөлхийн, төвөггүйхэн ундарч буй эгшиг юм. Мөн дууных нь үг 
буддын гүн ухаан, байгаль дэлхийтэй холбогдсон  хүний харилцаа, хамаарал зэргийн тухай өгүүлэхийн зэрэгцээ бөөгийн тамлага, төвд лам нарын уншлагыг дуу хөгжимдөө эгшиг болгон ашигладаг.
Эхлэл
Сайнхо Намтчулак /Намжилын Сайнхүү/ 1957 онд тувад мэндэлжээ. Ээж, эмээгийх нь аяладаг бүүвэйн дуу түүнийг хөгжимд дурлуулж. Тэрбээр өдгөө ч тоглолт эхлэхийн өмнө бүүвэйн дуу аялаж үзэгчдийн сэтгэлд дулаан уур амьсгал бүрдүүлдэг аж. Ардын урлагт тэрбээр бие даан суралцсан гэхэд болно. Тэр тусмаа хөөмэйн урлагт мятрашгүй хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл байсны үндсэн дээр суралцсан гэдэг. Сайнхүү энэ бүхнийг ухамсар, мөн гентэй холбоотой хэмээдэг. Хөөмэй түүний хувьд “Дуу авианы сахиус” аж.  Сайхүү  үеэс үе дамжигдсан ардын урлагаа ингэж л хүндлэн, хий хоосноор магтан дээдлэх биш хөгжүүлэх, хадгалах үйлд буй бүхнээ зориулдаг нэгэн.



No comments:

Post a Comment