Tuesday, July 2, 2013

Матерушка



Бодол минь тэнэж байна... Ургах гэж ядаж байгаа зулзаган модод, айсуй урин цагийг авчрахаар, гөлөглөхөөр зэхэж буй навчис, газрын хав халууныг дэлхийн хөрсөнд авчирч яваа нялх ногоо, өнгөрсөн жилийнх хэрнээ мөчрөөсөө хагдарч амжаагүй хавартай золгож буй үхлийн өнгө мэт зэвхий ганц навч, сүмийн оройд заларсан бодь гөрөөсний халуун зүрх, биелээгүй хүслийн минь дуудлага аятай тэнгэрт мөрөө үлдээсэн онгоцны утаа, салхивчаар урилгагүй зочлох зоригт салхин, өө тэгээд аль болгоныг нэрлэж дуусах билээ, юм бүхэнд л бодол минь тэнэж, бодлын минь тасархай хүрэлцэж, бодож байна, би. Бодол, төсөөлөл бус сүүдэр нь үзэгдсэн, биед шүргэсэн “жинхэнэ” үхэл ирсний дараа атгасан алтан утасныхаа үзүүрээс алдчих гээд байна... Бурхадад хандаж хэлэх тэрслүү үгс минь үзүүртэй мэсээр хүрэхийн төдийд л сад тавьчих гээд амар заяа үзүүлэхгүй нь. Аз жаргал гэгч чухам юу болох тухай, аз хэнийг нь түшиж, хэнээс нь нүүр буруулдаг тухай, үйлийн үр, төлөөс, мөнх бусын тухай асуултандаа хариулт авахын тулд тэнгэр тултал хашхичих орь дуу, чарлаан байна, надад. Өмнөөс нь үхэж чадахгүй ч үхчихмээр санагдах тийм их хайртай эрхэм хүнийхээ золгүй хувь тавилангийн шийтгэл юунаас үүдэлтэйг амьдралд хандаж бас асуумаар байна. Асуултандаа судрын, хэн нэгний үг биш “өөр” ид шидийн хүч хариулж хүчрэх тийм утгыг нэхнэ. Ухаан орсон цагаас минь амьдрал надад бүтэн амьдрал, инээмсэглэл, гэр бүл, эцгийгээ, эр нөхрөө хүндлэх гэх мэт үг, утга бүхий дуу аялсан нь хайрын тухай солгой дуу байсан юм шиг санагдах. Үнэ цэнтэй байсан үхлийн тухай бодол ийм хуурмаг, ийм хэврэг байхад үнэн гэж өөртөө бодсон, ухаан гэж итгэсэн юм бүхэн дайвалзах. Эргүүлэгтэй усанд хөл алдах шиг... Эхийн хэвлийд мэдэрсэн дулаан, ээжээс бусад нь бүгд солгой дуу аялсан байвал яана. Үнэрийг нь эцгийнхээ үнэрээс дотночлодог, хайртай тэр минь ч бас... Цонхоор харвал ертөнц амгалан болоод аниргүй, өрөө нам гүм, гэвч бүхний ард гарахаас өөр замгүй хувь тавилангийн тухай эргэцүүлэхдээ дотор минь шуурга дэгдэж байгааг ертөнц чамд хэрхэн  ойлгуулах билээ, би?! Нүдэнд үзэгдэх, нүднээ үл үзэгдэх цонхны цаана хэн нэгэн үхлийн тухай яг л миний өнгөрсөн шиг тэнэгхэн бодлыг цуглуулан, түүндээ итгэчихсэн яваа даа. Бодит! Бодит! Бодит хэмээх нөхцөл байдал, бодит хэмээх үгний нууцад нэвтэрч утгыг тайлвал ертөнцийн ухаан, үнэний төв цэгт хүрчихнэ. Нэг хос нь алтан шаргал, удаах хос нь гандмал сүмийн тэргүүнд залрагч бодь гөрөөс л хэлээгүй, үглээгүй үгсийг минь ойлгоод байх шиг. Газарт байгаа хэрнээ тэнгэртэй яагаад ийм ойр, тэнгэрт хэрхэн алсаас хүрч чадаад байгаа тэр тайлагдашгүй хүчийг бодь гөрөөснөөс суралцвал өөрөө заавал үхэж, эсвэл заавал үхэх үедээ  бус энэ л цаг үед үхлийн тухай ойлгож мэдэх гэсэн адгуу хүслээ гүйцэлдүүлж магад. Агаарт татаастай түмэн өнгийн утасны алийг нь би атгавал үхлийг жинхэнээсээ таних вэ? Асуултад бодь гөрөөс үл хариулах ч, би сонсож байгааг нь мэднэ. Эцсийн цэгтээ үхэл гэдэг үгэн дээр  нэгдэж байгаа хэдий ч өөр өөр хэлбэртэй олон үхлийн мөн чанарын ялгааны тухай би бодож байна. Бусдын уур хилэнд онилогдон, ухаанаар бус хүний хамгийн адгийн араншинд өртөн нүдүүлж үхэх, насны эцэст үр хүүхдээрээ толгойгоо түшүүлэн, амьсгал нь улам бүр холдон буй хормыг ухаан мэдрэмжээрээ бус арьсныхаа нүх сүв, бүр ясаараа хүртэл бүрэн мэдрэн үхэх хоёр ялгаатай биш гэж үү. Муугаасаа илүү сайн нь азгүй үхлээр үхдэг энэ ертөнцийн юу нь үнэн, юу нь худал болохыг танихын тулд өөрийн биеэр бүхнийг туулж, тэсч, ухаан суухаас өөр арга зам үгүй мэт. Хувь тавилангийн бидэнд бэлдэж тавьсан амттайхан дарс гэгч нь ердөө л энэ. Тэмц, тэгээд үлд. Дараа нь гэвч яана гэж...  Нэг асуултаас нөгөө асуултад бүдрэх энэ замын төгсгөл нь хаана бол? Ингээд бодохоор бодлыг минь үргээж орхисон үхэл гэгч нь гэрэл гэгээ, сэрэл, залуу нас, хамгийг өдөөгч нэгэн мэт. Өнгөрөгч хавар ногоорон, зулзган үнэрээ түгээн ургасан ч намар нь хагдраагүй, өвлийн цастай шуурганаар ч тэсч үлдсэн энэ ганц навч... Навч бүр намар унадаг жамтай гэж хэн хэлсэн юм бэ!?




1 comment:

  1. Үнэрийг нь эцгийнхээ үнэрээс дотночлодог, хайртай тэр минь ч бас...гээд би цааш vpгэлжлvvлэлгvй гацчихлаа.........сэтгэл урагдсан бололтой...аймар евдеж, хендvvpлээд, халуу шатаад бн... :((((((
    Сэтгэл дэх эрднийн чулуу болор дусал болоод уурших нь...
    Ффрффсфф нуудаг, гэнэт2 санадаг ч тэгж бодсондоо ичиж, нvvр урагдах гд халуу шатахад л нэг бушуухан цааш хав далдлан нуyж...
    Чиний бичсэн vгс яг л зvv шиг тэр хендvvpт шvpгэчих шиг... ;(((((

    ReplyDelete