Wednesday, April 1, 2015

Гоо сайхны хязгаар хийгээд Нури


2014 онд Каннын кино наадмын тэргүүн шагнал “Алтан далдуу модны мөчир”-ийг турк найруулагч Нури Билгэ Жейланы “Өвлийн ичээ” /Winter Sleep/ кино хүртсэн. Уг киног үзсэн үзэгчдийг ерөнхийд нь хоёр хувааж болох юм. Эхнийх нь Нуригийн бүтээлд шимтдэг төдийгүй шүүмжилдэг үзэгчид бол удаах нь анх удаа түүний киног үзэж шүтсэн үзэгчид. Түүнчлэн, эхний үзэгчдийг зөвхөн эл кинонд хэрхэн хандсанаар нь бус, ерөнхийд нь дахин хоёр хувааж болно. Нуригийн бүхий л бүтээлийг шүтэн бишрэгчид, түүний эхэн үеийн бүтээлд илүү хайртай төдийгүй өөрчлөгдөж буй Нуриг анхааралтай ажиглан, магадгүй түүнтэй хамт түүний өөрчлөлтийг мэдрэн хувьсаж буй үзэгчид гэж.


Нури кино урлагт анх хөл тавихдаа кино бүтээх талаар ямар ч мэдлэггүй, мэргэжлийн бус цөөн хүнтэй багаар эхэлсэн ч кино бүтээхэд ямар ч дүрэм үгүйг, бас асар их хөрөнгө мөнгө хэрэггүйг, түүнчлэн ямар ч сэдвээр кино бүтээж болдгийг баталсан юм. Харин 1997 онд анхны бүрэн хэмжээний киногоо хийж, түүнээс хойш өнөөг хүртэл найруулагчаар ажиллахдаа өөрийн туршлага, туршлагаас олж авсан мэдлэг, кино урлагийн талаарх бүхий л ойлголтоо цогцоор нь “Өвлийн ичээ”-дээ гаргаж чаджээ. Маргаангүй энэ цаг үеийн суут найруулагч гэдгээ тэрбээр эхний бүтээлээсээ л харуулсан. Гэхдээ л та, нэг талаас өөрийн арга барилд бүрэн суралцсан, нөгөө талаас бүтээлийнхээ анхдагч санааг ямар хэлээр үзэгчдэд хүргэж, кино хальснаа буулгахаа бүрэн ойлгосон найруулагчийг “Өвлийн ичээ”-гээс харах болно. Тэрбээр нэгэнтээ “Би юу хийхээ мэддэг мэргэжлийн жүжигчдэд дургүй” хэмээсэн бол 2007 оны бүтээл “Гурван сармагчин” /Three monkeys / киноноосоо хойш мэргэжлийн жүжигчидтэй хамтран ажиллаж эхэлсэн. Түүний эхэн үеийн бүтээл дэх жүжигчдийн ямар ч харилцан яриагүй, чимээгүй тоглолт, мэргэжлийн бус хүмүүсийн ямар нэгэн жүжиглэлтгүй энгийн, сэтгэл татам байдал, дэлгэцнээ хөврөх гайхамшигт дүрслэлд татагддаг үзэгчид Нуриг өөрчлөгдөх нь хэмээн эмээж байсан биз ээ. Гэвч энэ бүхний эцэст тэрбээр мэргэжлийн болон мэргэжлийн бус жүжигчдийг кинондоо чадварлаг тоглуулж, жүжигчний авьяас чадвараас үл хамааран найруулагч дүрээ хүссэн хэмжээндээ бүтээлгэж болдгийг “Өвлийн ичээ”-гээрээ баталлаа. Нури 2002 оноос буюу “Алс” /Uzak/ бүтээлээсээ хойш хүмүүний дотоод зөрчил, сэтгэл доторх үгээр илэрхийлшгүй мэдрэмжүүд бидний зан аашаар илрэн гадаад харилцаатай холбогдох явц буюу хүмүүс хоорондын харилцааны тухай кино бүтээх болсон юм. Бусдад үгээр илэрхийлж болдоггүй, бүр боломгүй, гагцхүү дотоод сэтгэлд л өрнөдөг үйл явдлыг кино хальснаа буулгаснаараа “Өвлийн ичээ” туульс, найраглалийн шинжтэй бүтээл болжээ. “Өвлийн ичээ” киногоороо Нури гэр бүлийн амьдралын зөрчил, хувь хүний “би” гэх үзэл, эсвэл сэхээтнүүдийн бардамнал, ядуу тарчиг амьдралын тухай огт харуулаагүй. Тэрбээр хүн хоорондын харилцааг харуулахдаа бодит үнэнийг дэлгэж, үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйг үзүүлснээс биш, зөв, зөрчилгүй харилцааны тухай дүрэм, аливаа гарцын тухай огт номлоогүй юм. Ерөөс киног үзэгч өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч, өөрийн олж харсан гоо сайханд баясдаг ч сайн үзэгчийн дүгнэлт найруулагчийн санаанаас төдийлөн зөрдөггүй билээ. Энэ нь, Нуригийн “Өвлийн ичээ”-г хэрхэн дүгнэснээр кинонд дурлагсдын боловсролыг, гоо сайхны талаарх ойлголтыг мэдэж авч болно гэсэн үг. Түүний эхэн үеийн кинонуудад эгэл жирийн турк гэр бүл, энгийн тосгоны тухай өгүүлдэг бол энэ удаад язгууртан гэр бүлийг гол дүрээ болгосныг найруулагчийн хувийн амьдралын өөрчлөлтүүдтэй шууд холбон тайлбарлаж болно. Учир нь, тосгоны хүү байсан Нури өдгөө туркийн хамгийн алдартай найруулагч, нийгэмд нэр хүндтэй нэгэн болсон билээ. Ямар ч уран бүтээлч өөрийн амьдрал, амьдарч буй орчноосоо олж харж буй үнэн хийгээд худлын тухай л туурвидаг нь гарцаагүй үнэн. Бүхий л дүрээ ижил түвшинд аваачих тул хэн нэг нь бусдаасаа илүү сул дорой, эсвэл бусдаасаа илүү жигшмээр сэтгэгдэл төрүүлдэггүй нь найруулагчийн амьдралын философийн нэгээхэн тусгал, бас үндсэн хэллэг нь юм. Нуригийн хувьд хүн төрөлхтөн ямар хувцас өмсдөг, ямар угсаа гарвалтай байгаагаас үл хамааран хүнийг хүн болгодог аз жаргал, амар амгалан, гуниг гутрал, сэтгэлийн мухардал зэрэг нь нэг л зүйл юм гэдгийг “Өвлийн ичээ” өгүүлнэ. Бидний нэр, албан тушаалын зөрүү, эд баялгийн хэмжээнээс хамааран өөр өөр баяр, гуниг байдаггүй аж. Энэ бүх тавиланг, хувиршгүй үнэнг тэрбээр жүжигчдийн чимээгүй, дотогшоо гэмээр тоглолт, өөрийн үндсэн арга барил болох зураглалаар харуулахын зэрэгцээ энгийн агаад гүн утга бүхий харилцан яриагаар илэрхийлжээ. Ингэснээр найруулагч кино бүтээх хоёр хэлээр үзэгчтэй харилцаж, гурван цаг 16 минут үргэлжлэх киноныхоо өчүүхэн хэсэгт ч тэрхүү хоёр хэлний алийг нь ч тааруухан гүйцэлдүүлээгүй нь гайхалтай. Энэ нь найруулагчийн хэчнээн чамбай болохыг, бас киногоо нэгэн бүхэл болгож чаддагийг нотлов. Нури урьд нь гэрэл зурагчин байсан бөгөөд үүний нөлөө бүхий л кинон дээр нь чухал хэллэг болж харагддаг. Гэхдээ түүний киног зөвхөн гайхалтай зураглал гэж үзвэл эндүүрэл. Хурц гэж хэлж болохоор үйл явдлууд, жүжигчдийн сэтгэл хөдлөл ихтэй тоглолтууд киноны тайлал мэт боловч эдгээр хэсэг нь дүрүүдийнхээ сэтгэл зүй, мөн чанарыг илүүтэй тодотгох гэсэн нэгэн шийдэл. Гол дүрүүдийн ядууст хандаж буй ноён зан, өөрийн дутууг гүйцээн өглөгч хандах сэтгэлийг Нуригийн гол санаа гэж ойлгох нь явцуу. Учир нь, нэг талаас тэдгээр дүрийн үйлдэл нь тэдний мөн чанар биш бөгөөд ерөөс Нуригийн киног бүхэлд нь ойлгох нь зөв юм. Эцэст нь хэлэхэд, гурван цаг 16 минутын хугацаа бол кино урлагаар илэрхийлж болох Нуригийн үнэт сургаал, бодит үнэнг дүрслэлийн  урлагаар харуулсан хязгаар байсан гэдэгт л итгэнэм.


 Гоодаль сэтгүүл дугаар 68. Дэмбэрэлийн Оюунномин

No comments:

Post a Comment