Жан
Жюльен бол хатууг зөөлнөөр ялж, гашуун егөөдлөөр үнэнийг хоржоонтойгоор мэдрүүлжболдог гэдгийг хамгийн урнаар, бас өөрийнхөөрөө, хөгжөөнтэйгөөр баталсан уран
бүтээлчдийн нэг. Хошигнол гэдэг зөвхөн инээдэм наргиан биш онч мэргэн үг,
судрын үгс, философийн санаа шиг баялаг ухагдахууныг өөртөө тээж, амьдрах
ухаанд суралцуулж, үнэнийг эелдгээр, гэхдээ хамгийн зэвүүнээр ойлгуулдгийг
/магадгүй үнэнийг илчилдгийг/ та түүний бүтээлээс олж харна. Pitchfork,
The Guardian, The New York Times, зэрэг нэр хүнд бүхий
хэвлэлийнхэнтэй хамтран ажилладаг түүнтэй Гоодаль ярилцлаа. Жан
Жюльен бол уран бүтээлээ амжилттай туурвиж яваа, хамгийн ухаалаг хошигнолоор энэ
цаг үеийн төрхийг илэрхийлж буй уран бүтээлч билээ.
Дэмбэрэлийн Оюунномин. Таныг хүмүүс хошин
шогийн мэдрэмжтэй гэдэг үү?
Жан
Жулиян. Тийм ээ. Миний гадаад
төрх хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлдэг байх. Бас ярьж байгаа зүйлсийг маань тэгж
хүлээж авдаг тал ч бий.
Д.О.
Таны бүтээлүүдэд аливаа
асуудлыг хар бараанаар биш, хошин өнгө аястайгаар егөөдсөн байх нь олонтоо. Та
энэ тухайд юу гэж хэлэх вэ?
Ж.Ж. Би үүнийг егөөдөлт мөн эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг
үнэн нь гэвэл, би аливаа асуудлын сөрөг талыг харуулахдаа, энэ нь хүмүүсийн
амьдрах хэв маяг, хүний гэх үндсэн шинжээс нь холдуулсан байвал хатуу ширүүнээр
дүрсэлдэггүй. Учир нь, би ч гэсэн хүмүүс буюу тэдний л нэг шүү дээ.
Д.О. Та бүтээлийнхээ сэдлийг
хэрхэн олж авдаг вэ?
Ж.Ж. Ажиглалтаас. Магадгүй би ажиглалтад маш их цаг хугацаа,
хүч хөдөлмөр, тухайн бүтээлийн бүтэх хугацаа, санааны ихэнхийг зарцуулдаг.
Заримдаа тийм ч их цаг, хүч зарцуулалгүй гудамжинд алхаж байхдаа санаа олох нь
бий. Ямар нэг санаа миний дотор төрөхдөө “Хэрвээ тэгвэл яах вэ” гэсэн асуултын
шижмээр явсаар бүтээл болдог.
Д.О.
Таны бодлоор illustrator, painter, designer, animator зэрэг урлагийн төрлүүд
ямар хэлбэр рүү явж байна вэ?
Ж.Ж. Сайхан асуулт байна. Хүмүүс компьютерийг график дүрслэл зурах хэрэгсэл
болгон ашиглаж эхлэхэд технологийн түгшүүр төрж байсан болов уу. Учир нь, урлагийн
бүтээл бүтэх хуучны арга барилыг дэлхий ертөнц мартах вий гэж бүгд сэтгэл зовниж
байсан. Гэвч, энэ бүхэн асуудал биш, энэ хоёр зүйл нэгэн зэрэг оршин тогтнож
чадна гэдгийг бид баталсан шүү дээ. Ертөнц дээрх аливаа зүйлтэй харилцахдаа
гаргадаг төрөлхийн, хэрэгт дуртай зангаасаа болж хүмүүс тухайн зүйлийг
тодорхойлохоосоо илүүтэйгээр тэр зүйлийг бусдад хэлэх өөр өөр аргуудыг үргэлж
хайсаар ирсэн. Хүний тархи, нүд хоёр хүрээлэн буй орчноо яг нарийн тодорхойлохын
тулд тасралтгүй харилцан ярилцаж байдаг. Урлаг нэг бол түүх өгүүлж, түүхийг
баримтжуулахыг, эсвэл үнэнээр тоглож бодит биш, сонирхолтой, этгээд зүйлсээс
авах мэдрэмжийг өөрчлөх боломжийг олгодог юм. Үүний хоёр дахь нь бидний бүтээх
чадвараас илүүтэй бүтээлч чадварыг хөгжүүлж өгдөг. Энэ нь зөв гэж би бодож
байна. Магадгүй над шиг ийм бодолтой уран бүтээлчид цаг үргэлж хайрцагнаас
гадуур сэтгэж байхыг сануулахыг зорьдог. Би урлагийн хэлбэр хувьсаж,
технологийн хувьд сайжирна гэж боддог. Гэвч үеийн үед урлагийн гол цөм болох
бүтээлч байдал үргэлж эрхэм байсаар байх болно.
Д.О. Уран
бүтээл туурвихад хамгийн хэцүү нь юу бол?
Ж.Ж. Сахилга баттай байх.
Д.О.
Таны хүндэлж явдаг уран бүтээлч?
Ж.Ж. Jean-Jacques Sempе. Түүний бүтээлүүдийн хошин үг хэллэг, аливаа зүйлийг хүн
болгон ойлгож хүлээн авч чадахуйц дүрслэн үзүүлдэг чадвар нь үргэлж намайг
гайхшируулдаг. Тэрбээр
бүтээлдээ хоцрогдсон хээ чимэглэлийг басамжилсан байдлаар дүрсэлдэг нь уншигчдад
үргэлж ойлгомжтой, бас зохиомжтой байдаг. Миний хувьд, нэгдсэн шинж чанар гэх зүйлийг бүтээлдээ
харуулахыг маш их хүсдэг. Ингэснээр миний бүтээлд цаг үеийн хамаарал, ялгаа гэдэг
юм үгүй болж, аль ч цаг үеэс ирсэн ямар ч боловсролтой хүн миний дүрслэлийн
санааг ойлгож чадах юм.
Д.О.
Та франц хүн. Харин одоо Лондонд амьдарч байна. Тэгэхээр, энэ улсын талаар
ямар бодолтой явдаг вэ?
Ж.Ж. Би зөвхөн Лондонгийн тухай л ярьж чадна. Учир нь, нэг
хотоор нь бүхэл бүтэн улсыг дүгнэх нь боломжгүй зүйл. Гадны хүн ч гэлээ Лондон намайг
гайхалтай сайхан хүлээж авсан. Энэ хот надад өөрийн минь төрөлх нутгаас ч илүү талбарыг
өгсөн. Бүтээлч
байдал ба соёлд тэмүүлсэн гайхалтай тэмүүлэл энэ хотод байдаг нь надад маш их
урам зориг өгдөг. Хэрвээ чи ямар нэг зүйл хийж бүтээж олонд танигдахыг хүсч
байгаа бол Лондонд үүнийг хийх арга үргэлж олддог юм. Гэхдээ энд өрсөлдөөн ширүүн.
Гэвч уг өрсөлдөөн хүмүүсийг хооронд нь улам илүү холбож өгдөг юм.
Д.О. Хийж буй
бүтээлээрээ үзэгчдэд нөлөөлж, тэдний үнэн гэж итгэсэн зүйлсийг заримдаа няцаадаг
уран бүтээлчид бий. Таны зарим нэг бүтээл надад тэгж санагдах юм. Би буруу
бодож байна уу?
Ж.Ж. Би энэ асуултыг бүрэн ойлгосон эсэхээ сайн мэдэхгүй байна.
Хэрвээ миний зарим зураг одоогийн нийгмийн үнэ цэнийг шүүмжилсэн гэж бодож
байгаа бол тийм ээ, бараг л үнэн. Би чөлөөт ертөнцөд бүхий л насаараа амьдарсандаа өөрийгөө
азтай гэж боддог. Би хүн бүхнийг ингэж амьдрах боломжтой байгаасай гэж хүсдэг.
Дарангуйлал, хэт туйлшрал, дарлал зэрэг нь маш хортой үзэгдэл юм. Тиймдээ ч
үүнийг өнөөгийнх шиг нийгэмд амархан халдварлуулах боломжтой гэдгийг түүх олонтоо
баталсан. Урагш алхахын тулд хэлэлцэж, хуваалцаж, ухаалаг байх нь бидний үүрэг шүү
дээ. Тэр тусмаа уран бүтээлч хүний үүрэг.
Д.О. Та нэр
хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зураг зурж өгдөг. Тухайн хэвлэлийн газраас ирсэн нийтлэлийн
агуулгад тааруулж зураг зурах нь өөрийн бодсоноо хийхээс хэр их ялгаатай вэ?
Ж.Ж.
Бусад хүмүүсийн санаа
болон мэдрэмжээс тусламж авах нь сайхан байдаг. Надад бусадтай ажиллах,
өөрийнхөөрөө ажиллах хоёр хоёулаа таалагддаг. Би бүтээлүүдээ зөвхөн нэг л
сонинд хэвлүүлэх материал гэж боддоггүй. Нэг талаас, зөвхөн өөрийн бүтээл дээр
ажиллана гэдэг тухайн хүнд эрх чөлөөг өгч байдаг ч нөгөө талаас, чи нэг л
тойрогтоо тойроод л яваад байх аюултай. Бусадтай ажилласнаар чи өөрийн эрх
чөлөөнөөс жаахныг золиослох ч илүү хол явчихсан байдаг.
Д.О. Мянган жилийн дараа таны мэргэжил ямар
болж, таны хийж буй эдгээр илэрхийлэл хэрхэн өөрчлөгдөх бол?
Ж.Ж. Маш
сонирхолтой асуулт байна. Эрдэм шинжилгээний ажлынхаа үндсэн шинжээс нь хамаараад зөвхөн ухаалаг утас, таблетад сонирхолтой
зураачийн нэр зүүхээс маш их сэргийлж байна. Эдгээр нь манай ертөнцийн нэгээхэн хэсэг ч гэсэн миний хувьд эзэмшихийг хүсдэг урт хугацааны консепт гэж бас бий. Түр зуурын агшнаас үл хамааран би төсөөллийг
санаатай холбож чадна гэдэгтээ итгэлтэй байна.□
www.jeanjullien.com
Гоодаль сэтгүүл Дэмбэрэлийн Оюунномин