Sunday, February 16, 2014

Чичилт нь цохилтоос хүчтэй

“Хүн туулай хоёр өөр үхлээр үхдэг гэдэг худал. Гагцхүү байлдааны талбарт баатарлагаар амь үрэгдэж буй цэрэг эрс л туулайнаас өөрөөр үхэх эрхтэй. Бусад нь бултаараа яг туулай шиг үхдэг юм” Кэнзабүри Оэ



Хэрэв хэн нэгэн чамайг доромжилж, сул доройг чинь мэдрүүлсэн бол түүнээс өшөөгөө заавал авах хэрэгтэй. Энэ нь, тэдэнд сул дорой харагдаж байгаагаа үзэн ядалтаар давж гарахын нэр. Дотор чинь байж ядан буцлах өшөө авалтын сэтгэл гэгч нь нүгэл огт биш, ердөө л бидний төрөлх араншин. Энэ бодлоосоо бид огт ичиж эмээх явдалгүй, хүн ёсны хувьд ердийн л нэг өгөгдөл. Гэхдээ үүнээс ч илүү зүйл бий. Хэрэв хэн нэгэн харийн хүн улс үндэстнийг чинь доромжилж, ялж, уландаа гишгэсэн бол чи өнөө л өшөө хорсол, үзэн ядалтаа  тултал нь мэдэрч, өөрийгөө дүүргэх ёстой. Үйлдэл чинь тэдний эсрэг биш ч гэлээ сэтгэл зүрх, оюун бодолдоо үхэн үхтлээ үзэн ядах нь л чиний хийж буй хамгийн хүчтэй дайн. Сул доройг чинь мэдрүүлсэн хүмүүс чиний үзэн ядалт, өөрийгөө давж гарсан тэмцлийн чинь өмнө бууж өгөх л болно. Гагцхүү үзэн ядалт, дотоод сэтгэлийн чинь тэмцэл төгсвөл энэ жинхэнэ ялагдал, дайны талбарт гутамшигтайгаар “цагаан туг” өргөж буй явдал юм.
Амттай, таатай, гэхдээ дотор жиндэм ийм үзэл бодолтой хүмүүс японы нэрт зохиолч Кэнзабүри Оэгийн зохиолд амьдардаг. Эсвэл хүн төрөлхтөн ийм л байх учиртайг Оэ зохиолоороо харуулсан мэт. 1935 оны нэгдүгээр сарын 31-нд Японы Сикоку аралд мэндэлсэн Кэнзобүри Оэ өнөө цагт эсэн мэнд амьдарч буй хамгийн хүндтэй зохиолчдын нэг яах аргагүй мөн билээ. Өдгөө Токио хотод амьдарч, уран бүтээлээ туурвисаар буй түүний эхнэр японы нэрт найруулагч Юдзо Итамигийн төрсөн эгч. Харин тэдний дундаас мэндэлсэн хүү Хикари нь хөгжмийн зохиолч. Оэ урлагийн гэр бүлд өсч, 18 настайгаасаа утга зохиолд зүрх сэтгэлээ зориулжээ. Дунд сургуулиа хаяж, хожим дэлхийн утга зохиолын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа “Америкчууд бол хүн биш ад зэтгэр, араатан хэмээн сургадаг байсан багш маань гэнэт эсрэг зүйл ярих болсонд л байв” хэмээн сургуулиа орхисон шалтгаанаа тайлбарласан удаатай. Түүний ихэнх зохиолын гол үйл явдал дэлхийн II дайны дараах Япон оронд өрнөх бөгөөд дүрүүд нь ч мөн дайны үед амьдарч, дайны дараах он жилүүдэд улс үндэстнийхээ мөхөх сэхэхийг шийднэ. Оэ зохиолынхоо гол баатраар ихэвчлэн залуус, хүүхдүүдийг сонгодог. Уламжлалаас эрс татгалзсан шинэ үеийн япон залуус, эсвэл эзэн хааныхаа сүр хүч, энэ үндэстний хойч үе гэдгээ яс махандаа шингэтэл ойлгосон балчир жаалуудын гайхалтай бодрол, нас биед хүрсэн хүний санаанд багтамгүй юмсын тухай ойлголт, ертөнцийг үзэх үзлээр тэрбээр зохиол бүтээлээ амилуулдаг юм. Түүний зохиолын дүрүүд хүний нүдэнд шууд өртөхөөргүй “сул дорой”, “хүчгүй” гэх тодорхойлолтод багтах хүмүүс. Гэхдээ тийм хүн л хэний ч төсөөлөмгүй шуургыг сэтгэл дотроо дэгдээж байдаг хойно. Тиймээс тэдгээр дүрүүд бол “хүчтэй” байх гэх ойлголтыг жинхэнэ ёсоор мэдэрдэг, бүтээдэг хүмүүс.
“Хожимдсон залуус” буюу англи хэлнээ “Цэцэг тасдсан залуусыг бууд” нэртэйгээр орчуулагдсан хамгийн алдартай романдаа тэрбээр дэлхийн II дайн хүн төрөлхтөнд уй гуниг авчрахаасаа илүүтэй хүн төрөлхтний оюун санаанд өөрчлөлт хийснийг хурцаар харуулсан билээ. Гэрэл гэгээтэй хэмээн итгэдэг байсан ертөнц, хүмүүс хэчнээн муу муухай болохыг дайны дараа ойлгосон хүмүүс зүрхэндээ юу тээж үлдсэнийг л Оэ зохиол бүтээлийнхээ гол санаа болгон өгүүлсэн байдаг. Дайны дараах тарчиг амьдрал, их бүтээн байгуулалт зэрэг хаа сайгүй бичигддэг зүйлсийг биш, япон үндэстний сэтгэлгээний онцлогийг харуулдагт л Оэгийн бичлэгийн ур ухаан, нарийн тансаг хэлхээ, агуулгын үнэ цэнэ оршдог. Романы гол дүр хүүхэд байхаасаа дайнд явахыг мөрөөдсөн нэгэн байсан ч төд удалгүй дайн дуусч, тэрбээр эзэн хааныхаа ялагдлыг насан туршдаа буруутгадаг. Гэхдээ гол баатрын дайнд явах хүсэл нь мөрөөдөл, эр зориг гэхээсээ илүү эзэн хааныхаа төлөө хийхийг хүссэн баатарлаг үйлс. Дайн дууссанд итгэж чадахгүй, дайнд оролцож чадалгүй ард нь үлдсэндээ насан туршдаа шаналж яваа нэгэн. Тэрбээр эзэн хааныг нь сул дорой байдалд хүргэсэн америкчуудыг үзэн ядаж, түүний ялагдалд дайнд оролцож чадаагүй өөрөө буруутай мэтээр эмзэглэж, эзэн хаанаа ялагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь л жинхэнэ ялагдал хэмээн бодно. Зохиолын турш гол дүрийн залуугийн нэр үл гарах бөгөөд энэ нь зохиолын баатар зөвхөн К, эсвэл Ю ч биш, нийт япон залуусыг төлөөлж буй дүр гэсэн санаа байв. Манайд 1981 онд “Хожимдсон залуус” нэртэйгээр хэвлэгдсэн тус роман японы уламжлалт бичлэгийн арга ухааныг нэвт шингээсэн ч уламжлалт дүрслэл, агуулгын хэлбэрээс эрс татгалзсан бүтээл юм. Оэг бичлэгийн арга барилаар нь барууныхан контемпорари уран бүтээлч гэж дүгнэдэг ч нутаг нэгтнүүд нь японы сонгодог зохиолын өнгө аясыг хадгалж ирсэн гэж үздэг. Энэ тухайд Оэ “Би үргэлж эх орон, нийгмийн тухай бичихийг хүсдэг байсан. Гэхдээ Японы сонгодог зохиол болон бидний хооронд дэндүү их ялгаа байна” хэмээн өгүүлжээ. Тэрбээр экзистенциалист философийг ихэд сонирхдог байсан төдийгүй баруун Европоор аялан, зохиолч Жан Поль Сартртай уулзахын тулд Франц орныг зорьж байжээ. Түүний бүтээлийг Алберт Камюгийн бүтээлтэй адилтгах нь ч бий. Оэ барууны утга зохиолыг судлан өөрийн бүтээлд тусгаж өгсөн нь дорнын уянгалаг зүйрлэл гэхээсээ илүү дүрийн бодрол, дотоод сэтгэлийн зөрчил, хувь хүн гадны нөлөөнд хавчигдавч түүнийг давж гарахын тулд чимээгүй хийж буй тэмцэл, мэдрэмж зэргээр зохиол бүтээлээ зангидаж өгсөн юм. Олон дүр, үйл явдлуудаар зохиолынхоо гол санааг илэрхийлэхээс тэр татгалзаж, гол дүрээ цөм болгон, түүнийг хүрээлэн буй бүхэн түүнд хэрхэн нөлөөлж буйг зохиолынхоо өрнөл, өгүүлэгдэхүүн болгосон байдаг. “Япончууд онол, бодит байдал хоёрын хоорондын холбоог алдчихсан. Миний бодлоор, утга зохиолын үнэ цэнэ, үүрэг энэхүү холбоог үүсгэхэд оршдог. Мөн хэзээ ч ёс суртахууны чухлыг мартаж болохгүй” хэмээжээ.  Оэгийн зохиолын өрнөл зөрчил мэт санагдана. Хэт их мэдрэмж нь агшин зуурын хамгийн худал зүйл ч гэлээ тэрхүү мэдрэмж л хүнийг хөдөлгөх хүчин зүйл юм гэж тэр авч үздэг. Өрөвч сэтгэл ч гэсэн чухамдаа нялуун зан гэж боддог Оэгийн зохиолын дүрүүд үнэн зүрхнээсээ жигшин харааж зүхмээр агаад үүнийхээ зэрэгцээ басхүү хайрламаар, сэтгэлд ойр төдийгүй бидний байх ёстой хэм хэмжүүрийг тэд ямар нэгэн байдлаар дотроо шингээсэн байдаг. Ерөөсөө Оэгийн ертөнцөд хамгийн эрүүл ухаантай хүмүүс амьдарч, хүн төрөлхтний алдаж орхигдуулж болохгүй ганц зүйл бол араатанлаг чанар гэдгийг ойлгуулна. Муу бодлыг хорьж, минийх биш гэж үгүйсгэхийн хэрээр зөвхөн бодол төдий байсан зүйл нь үйлдэл болж, илүү их хор хөнөөл учруулдаг учраас өөрт төрж буй бодол, хүсэл тачаалыг буруутган хорих биш, харин ойлгож танихын тулд хорихгүй байх нь л чухал гэдгийг түүний зохиол ухааруулж ойлгуулна. Оэгийн зохиолууд уншигчаа хэн нэгний хүйтэн хурц харцанд хордохуйц эмзэг хэрнээ амь тавьж буй хүний нүд рүү цоо ширтээд ямар ч зовнилгүйгээр хагацаж чадах хатуу нэгэн болгоно. Үгүй, ерөөсөө л тийм нэгэн байсныг нь сэрээж өгдөг биз. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хэцүү ч хүлээн зөвшөөрөгдсөний дараа тэрхүү нэр хүндийг үргэлжлүүлэн авч үлдэх нь бүр ч төвөгтэй зүйл болохыг Оэгийн зохиолоос олж мэднэ. Түүний ертөнц уншигчдадаа өөрийнхөөрөө байх, эрч чөлөөтэй байх боломжийг өгдөг ч төдий хэрээр амьсгалаа боогдуулах дарамтад унагадаг. Өвдсөндөө тэндээс гарахыг хүссэн ч өөрийнх нь байх л учиртай газар болохыг ойлгомогц үнэндээ өвдөлт гэж боддог байсан зүйл нь цохилт ч биш, ердөө чичилт төдий байсныг олж мэдэх. Эсвэл бүр гаднаас ирдэг чичилт цохилтоос хүчтэй болохыг ч бас мэдэрнэ. Оэгийн “Гэнэтийн хэлгүйрэл”, “Адгуус тэжээсэн нь” зэрэг зохиолын адгийн хог шаар мэт дүрүүд цаанаа л нэг дотно, амьсгал давхцуулам, зүрхний хэмнэл алдагдуулам... Түүний бас нэг чухаг бүтээл бол 1964 онд хэвлүүлсэн “Хувийн хэрэг” хэмээх зохиол юм. Үхэл, төгсгөл, сексийн тухай төсөөллөөр дүүрэн уг зохиолын гол дүрийг утга зохиолынхон Оэ өөрөө гэж үзэх нь ч бий. Оэ бол галзуурал, мартагдсан мэдрэмжийг сэрээгч, ахиад хэзээ ч тохиохгүй, хаанаас ч олж нээхгүй тийм нэгэн бодгаль. Түүний зохиол бүтээлээс юмс үнэндээ бидний бодлын хүчинд захирагдан утгаа өөрчилдгийг танин мэдэх нь гэгээрэл гэлтэй. Оэгийн зохиолууд урьд өмнө нь бидний хийсэн гаргалгааг зөвхөн өөрчлөх биш, бүрмөсөн “алчихдаг”. Тэгээд нэн шинэ бодрол, эргэцүүлэл төрүүлнэ. Гэхдээ энэ нь өвдөлт мэдрүүлэхгүй “зөөлөн” аллага байх болно. Түүний нэгэн зохиолын дүр бяцхан хүү эцгийгээ нас барсны дараа “Тэр одоо өвс ургамлын үндэс, өт хорхойн хатсан хүүр, хөрсний усанд угаагдах хүйтэн сайр чулуутай холилдон газар дор хэвтэж байгаа” хэмээн үхэгсдийн тухай хамгийн эрүүлээр, бодитойгоор бодно. Олонх хүний үхлийн тухай төсөөлөл нь там, диваажин гэх мэт хий хоосон зэрэглээ байдаг. Араас нь гашуудан буй олны уй гуниг, харууслыг ч мэдрэхгүй үхэгсэд ердөө л газрын хэвлий дор амьгүй биеийнхээ шимийг хуваалцан байгаа гэж үлдсэн нь бодох л хамгийн эрүүл ухаанд суралцаж буй явдал. Зүрх зогсож, бие цогцос газрын хэвлийд булшлагдахыг л зөвхөн үхэл гэх биш, үхлээс ч илүү үхэл бол хагацал. Оэгийн зохиол дахь хагацлын дараах үхэлд тэврүүлчихсэн мэт амьдрал, өрөөл бусдад ойлгуулж боломгүй тийм нэг шаналал нь хувь хүнд өөрийн гэсэн өмчлөх, бусдаас хараат бусаар эдлэх зүйл байдаг гэх таашаалыг төрүүлж буй тухай олонтоо өгүүлдэг. Тэрбээр зохиолоороо зөвхөн мэдрэмж л гагц бидний өөртөө хамааруулж болох, өрөөлд хүртээлгүй, хүртээх ч боломжгүй хувь хүний өмч гэдгийг, өөр бүх зүйл ерөөсөө биднийх биш гэсэн санаа дэвшүүлсэн. Оэг бага байхад эх нь нас барж, “Би ээжийнхээ үхлийн дараа энэ хорвоод юу ч минийх биш байдгийг хүчтэй мэдэрсэн. Бүх юм сарниж үгүй болно. Гагцхүү ганцаардал, гэнэтийн үхлийн дараах шаналал л минийх байлаа” хэмээн дурссан байдаг. 
Бүх юм зуурдынх бөгөөд сарниж үгүй болно. Гэхдээ энэ зуурдын үзэгдэл гэгч нь ертөнцийн мөнхийн зүй тогтол юм. Тэгэхээр бүх юм зуурдын, мөнхийн гэх хоёр ойлголтыг өөртөө шингээсэн аж. 


1 comment: