Tuesday, June 18, 2013

Галзуу ирланд эрээс хүртэх оюун санааны дур тавилт

Амьдрал тэр чигтээ хүлээлт биш гэж үү. Үхэл хагацлыг, бурханыг, ид шидийн мэт тохиолыг, хэзээд л утгагүй байдаг мөнхрөлийг хүлээсээр дуусдаг юм шиг. Тийм биш гэж бодсон ч үхэхгүй юм шигээр амьдралд хандах хандлага, амьдралд хоргодох сэтгэл ул мөргүй алга болдоггүй. Хэрэв тийм бол бид туйлын зорилго, насан туршид тархинд оршсоор л байдаг тэнэглэлээ үгүйсгэн нууж жүжиглэдэг. Ерөөсөө үнэнийг үгүйсгэнэ гэдэг нэг зүйлд туйлдаа хүртэл итгэх итгэл, хэзээд л тохиох зүйлсийг няцаана гэдэг байгалиас өгөгдсөн хүн байх өгөгдөл юм. Бид ичиж эмээх зүйл үгүй адгуусан шинж чанараа нуух гэж түүртсээр цаг хугацааг элээдэг бол яана. Тэгэхээр амьдрал бол театр. Төгсгөлийн замд ирэхэд итгэж явсан бүхэн чинь худал хуурмаг хэмээн тохуурхдаг харгислал. Ирландын нэрт зохиолч Сэмюэл Бэккетийн бичсэн жүжгээс үүдэлтэй урлагт бий болсон онцгой нэг үзэгдлийг “Хүлээхүй” буюу “Харгислалын театр” хэмээн нэрлэх нь бий. Энэ нэр амьдрал хэмээх үйл явцын байж болох хамгийн сайн тодотгол юм шиг санагдана. Яг үүн шиг хүн төрөлхтний мөн чанарыг увайгүй, гэхдээ үнэн мөнөөр илчилж харуулсан цөөн суутны нэг бол дээр дурдсан Сэмюэл Бэккет. Тэрбээр XX зууны хамгийн сонгодог жүжгийн зохиолыг бичээд зогссонгүй, тайз дэлгэцийн урлаг, хүн төрөлхтний сэтгэлгээ, оюун санааны ертөнцөд нэн шинэ хэлбэрийг бий болгосон чухаг хүн юм. Ирланд гаралтай ч зохиол бүтээлээ францаар туурвидаг, бүтээл нь англи хэлтний утга зохиолд хамаарагддаг энэ эрхэм 1906 онд ирландын нэгэн жижиг тосгонд мэндэлжээ. Урлагийн жинхэнэ мөн чанар, туйлын зорилго нь гоо сайхныг шагшин магтаж, уран тансаг үг, дүрслэлээр үзэгчдэд таашаал өгөхөд бус бодит амьдрал, хувиршгүй үнэнийг харуулахад л оршдог. Энэ бүх үнэт чанар Бэккетийн бүтээлд нэвт шингэсэн байдаг. Гутранги үзэл, егөөдлөөр хүн төрөлхтний хувь тавиланг элэглэн, хэчнээн өчүүхэн болохыг нь гайхалтай урнаар үзүүлсэн тэрбээр XX зууны хамгийн нүргээнт хашгираан байсан юм. Түүний цуурай одоо ч намдаагүй, хүн төрөлхтний унтаа оюун санааг сэрээсээр байна. Галзуу ирланд, солиотой гайхамшиг хэмээн урлагийнхныг дуу алдуулж байсан Бэккет гэрээр боловсрол эзэмшиж, хожим нь Дублин хотын утга зохиолын сургуулийг төгсжээ. Парисын их сургуульд англи хэлтний утга зохиолын хичээл заадаг байхдаа нэрт зохиолч Жеймс Жойстой танилцан нарийн бичгийн даргаар нь ажилладаг байв. Жойсын дэргэд ямар ч үнэ хөлсгүйгээр ажиллаж байсан он жилүүдэд Бэккет түүнээс суралцахаас илүүтэй дотны анд нь байсан гэх хэдий ч зохиолчийнхоо хувьд төлөвшин, бичих ур ухаанаа олж авахад нь Жойс ихээхэн нөлөөлсөн гэдэг. Хожим түүний бичсэн Жойс, Пруст нарын тухай эссэ нь уншигч, судлаачдын талархлыг хүлээсэн юм. Жойс Норвегийн жүжгийн зохиолч Ибсэнд дуртай байсан нь Бэккетийг жүжгийн зохиол бичихэд нөлөөлсөн гэх нь ч бий. Хэн нэгэнд таалагдаж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд Бэккет жүжгийн зохиол бичдэг болсон байлаа ч утга зохиолын ертөнц түүний гэнэн занд талархах хэрэгтэй. 1930 оны эхэн үе Бэккетийн хувьд сэргэн мандалт, уналтын завсрын үе байв. Зохиолч М.Прустийн тухай “Пруст”, мөн “Чичлэх нь цохилтоос хүчтэй” түүвэр зохиолын номоо гарган урлагийнхны анхаарлыг татаж эхэлсэн ч хувийн амьдралд нь хагацал зовлон тохиож, үүнд цочирдон сэтгэл санааны гүн хямралд орсон байна. 1933 онд эцгээ алдсан тэрбээр Лондонг зорьж сэтгэл зүйн эмчилгээнд хүртэл хамрагдаж байжээ. Сэтгэл санааны хүндхэн үеийг туулсны дараагаар “Мерфи” романаа бичиж эхэлсэн байна. Аливаа зохиолыг хэмжээ, бичлэгийн төрөл гэх тогтсон хэлбэрээр нь роман, өгүүлэг, тууж хэмээн нэрлэдгийг галзуу ирланд эр илтээр үгүйсгэн, өөрийн бичсэн богино хэмжээний зохиолоо ч роман гэж нэрлэж байв. Түүний тэрслүү зан хэвлэн нийтлэгчид болон утга зохиолынхонд төдийлөн таалагдсангүй. Тэд хэдийгээр Бэккетийг хүлээн зөвшөөрдөггүй байсан ч Бэккет тэднийг өдөөгч нэгэн байв. Түүний үргэлжилсэн үг, жүжгийн зохиол нь хоёр тусдаа том ухагдахуун. Хэдий тийм ч үргэлжилсэн үгийн зохиол нь абсурд жүжгийн бичлэгийн гаж гэж болохоор найруулга зүйгээр бичигдсэн байдаг. 1935 онд Бэккет оросын нэрт найруулагч Сергей Эйзенштейнд кино урлагийн их сургуульд элсүүлэхийг хүссэн захидал илгээсэн ч хариу ирээгүй гэдэг. Бэккетийн бүтэлгүйтэл ч абсурд театрын хувьд завшаан болсон юм. Тэрбээр улс төр огтоос сонирхдоггүй байсан ч нацист Германаар аялан, еврейчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийг жигшин буруушааж, францын эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцон, дайны жилүүдэд хүн үхлийн өмнө ирэхээрээ хэн ч биш, юу ч биш байдгийг өөртөө нээжээ. Эцгээ алдсанаас сэтгэлээр унан эмчилгээнд хамрагдах хүртлээ доройтож байсан Бэккет дайны дараа “Үхэл гэдэг аймшигтай зүйл биш, харин үхлийн өмнө өчүүхэн болох хүн төрөлхтөн өрөвдөлтэй” хэмээн бодох болж. Уг үзэл бодол нь түүний зохиолын тулгуур үзэл болж байв. Дэлхийн II дайны дараа зохиол бүтээлээ францаар туурвих болсон тэрбээр зохиолоо тун нямбай хяналтан дор англи хэлнээ өөрөө хөрвүүлдэг байв. Үзэл бодлоо тууштай хамгаалсаар ирсэн Бэккет 40 насандаа хувь хүнийхээ хувьд ч, зохиолчийнхоо хувьд ч бүрэн гүйцэд боловсорсон байв. Яг энэ л үедээ алдарт “Моллой”, “Малоны үхэл”, “Нэргvй этгээд” хэмээх гурамсан романаа бичиж, Жойсын суралцагч бус, бие даасан зохиолч болохоо нотолсон юм. Гурамсан романаас өмнө бичсэн түүний бүхий л бүтээлээс Жойсын ур ухаан, туурвил зүй ханхалж байна хэмээн судлаачид үздэг байв. Ерөөсөө түүний бүтээлийг ямар нэг “ист”, “изм”-ээр тайлбарлан, утга зохиолын онолоор задлан, сэтгэлгээний аль нэгэн хэлбэрт оруулна гэдэг байж боломгүй зүйл төдийгүй тун маргаантай асуудал. Түүний бүтээлийг зүйрлэвэл уйтгартай аязтай ч чихэнд сонсголонтой хөгжим, өнгө зүс муутай ч онгон ариун араншингаар сэтгэл татах эмэгтэй, хүйтэн хөшүүн хойрго юм шиг олны дунд ганцаар чимээгүй байх нь анхаарал татах эр шиг... Тодорхойлоход төвөгтэй, туйлын үнэн мөн чанар нь энэ хэмээн барих барьцгүй, адармаатай. Бэккетийн бүтээлийг ойлгох гэж тархиа гашилгаж, эцэст нь ямар нэгэн гаргалгаанд хүрэх нь оюун санааны дур тавилт! Унтаа байсан тархи тааламжтай мэдрэмж, танин мэдрэхүйд дуу алдах нь тансаглал гэлтэй. Орчин цагийн утга зохиол болон театрын урлагт төрсөн онцгой нэгэн үзэгдэл бол абсурд жүжиг байв. Бэккетийг абсурд театрын гол төлөөлөгч, бүр үндэслэгч хэмээн нэрлэх нь бий. Антонин Арто, Эжен Ионеско, Горолд Пинтер нар гол төлөөлөгчид нь болох абсурд жүжиг 1940-1960-аад оны үед хөгжлийнхөө оргилд хүрсэн бөгөөд өрөөл нэгэнд үл ойлгогдох хувь хүний оюун санаа, дотоод сэтгэлийн зөрчлийг тайзнаа амилуулахыг мөн чанараа болгон үүнийг л мэдрүүлж, ойлгуулахыг зорьж байв. Оргил үе хэмээсэн нь нийт үзэгчдэд танигдсан гэдэг утгаар бус тухайн үед абсурд жүжгийн чухаг бүтээлүүд төрөн гарсанд оршино. Хуурмаг, утгагүй гэсэн утгатай абсурд хэмээх латин үгийг Камю, Сартр нарын экзистенциалист филисофич, зохиолчид анх урлаг, утга зохиолд хэвшүүлсэн билээ. Тиймдээ ч абсурд жүжгийг экзистенциализмтай холбох нь бий. Тухайн үед абсурд хэмээх нэр томъёо, ойлголтыг ихээр хэрэглэдэг байсан А.Камю зохиолынхоо дүрүүдийг абсурд хүн хэмээн нэрийддэг байв. Үзэгчдэд ойлгомжгүй ч гэсэн инээдэмтэй, харанхуй бүдүүлэг тодотголоор урлагийн ертөнцөд гадуурхагдаж байсан асбурд театрын гайхамшгийг “Годог хүлээхүй” нийтэд таниулж өгсөн юм.  Бэккет уг зохиолоо 1949-1952 оны хооронд бичиж, анх 1953 онд францын тайзнаа тавьсан аж. Тайзнаа тавигдах байдлаараа ч тэр бүхий л шинжээрээ абсурд жүжиг эрс өөр байсан тул абсурд театр хэмээн онцгойлон нэрлэх болсон байна. Хэдийгээр “Годог хүлээхүй”-гээс өмнө абсурд жүжгийн хэд хэдэн чухаг бүтээл төрөн гарсан ч уг жүжиг XX зууны хамгийн сонгодог жүжгээр нэрлэгддэг билээ. Өдгөө улс үндэстнүүдийн мэргэжлийн театруудын чансааг шалгадаг болсон уг жүжиг тайзнаа тавигдсан даруйдаа багагүй шуугиан тарьж, түүнээс хойш абсурдизм цуутайгаар тархаж, хөдөлшгүйгээр оршсоор байна. Утгагүйтэл, туйлшралаар дүүрэн дүрүүдийнх нь яриа, илэрхийлэл “мэргэжлийн” хошин жүжиг мэт санагдана. Тиймээс ч хоёр үзэгдэлтэй уг жүжгийг tragicomedy буюу эмгэнэлт хошигнол төрөлд багтаадаг. Хошигнол, инээдэм гэдэг гүндээ хүн төрөлхтний оршихуйн жинхэнэ дүр төрхийг нууж байдаг цөөхөн зүйлийн нэг. Жүжгийн гол дүрүүд оршин буй нь тодорхойгүй, магадгүй ор байхгүй ч байж мэдэх Годо гэгчийг хүлээнэ. Урлаг, утга зохиолын хүрээнийхэн Годо-г Поццогийн дүрээр гарч ирдэг, бүр зарим нь Godot гэдэг үг God буюу бурханыг далдуур заасан егөө утгатай гэж таамагладаг ч энэ бүхнийг Бэккет үгүйсгэсэн. Тэрбээр “Годо гэх нэртэй холбоотой ийм олон утгагүй маргаан дэгдэхийг мэдсэнсэн бол үл үзэгдэгчээ хэзээ ч ингэж нэрлэхгүй байх байсан” хэмээн нэгэнтээ халагласан удаатай. Бэккетийн өөрийнх нь тайлбарласнаар Годо нь ирландын go deo буюу үүрд мөнх, төгсөшгүй мэт цаг хугацаа гэсэн үгнээс эхтэй аж. Уг жүжиг бүхэлдээ төдийгүй ганц дүр нь л гэхэд маргаан дэгдээж, одоо ч эцсийн дүгнэлтэд хүрээгүй байгаагаараа хэчнээн өргөн цар хүрээг хамарсныг илтгэнэ. Өдөр бүр нэгэн хэвийн, өнөөдөр гэдэг өнгөрснөөс тасарч амжаагүй мэт, тэгсэн атлаа өчигдрөөс, оршин буй нь цаг хугацаанаас ангид мэт энэ жүжиг яг л хүний амьдрал шиг харгис хүлээлтээр төгсөнө. Бэккетийн цаг хугацааны тухай ойлголт түүний бүтээлд тусахдаа зохиолын харагдах байдал, үйл явдлын зангилаа болон хувирдаг. Түүнчлэн бүтээлд нь хүн хүндээ хамааралтай байх, түүнээс үүдэх сул дорой шинж нь хүний хүн байх мөн чанарыг алдагдуулж буй тухай өгүүлдэг юм. Түүний бүтээл тогтсон аар саархан сэтгэлгээ, ахуйн заагаас хэтийдэн гарч нийт хүн төрөлхтний оршихуйн асуудал руу өнгийдөг бөгөөд уг үнэт санаа нь жүжгийн зохиолд илүү тусгалаа олсон билээ. Бэккетийн бүтээлээс хүн хэдийгээр зохион байгуулалттай, оюун санааг хашсан бүх нөхцөлийн эсрэг байвч гэр бүл, хэн нэгний хэн нэгэн байх зэрэг нийгмийн үл үзэгдэх, нөхөрсөг шоронд хувь эрх чөлөөгөө боомилуулах тавилантайг ойлгож, танин мэднэ. Амьдралын харгис төгсгөл, хүн төрөлхтний үл зөвшөөрөгддөг атлаа хувиршгүй үнэн гутранги үзэл хийгээд сул дорой шинж, тэр бүр анзаарагддаггүй өдөр тутмын амьдралын залхаг хэмнэл, оюун санааны хоосролыг “Жаргалтай өдрүүд”, “Тоглоом өндөрлөхүй”, “Краппсын сүүлчийн дуу хураагч” зэрэг жүжгээс нь тольдож болно. Гоо сайхан, танин мэдэхүй, гүн ухаан, хүний сэтгэлийн толь зэрэг бүхий л сэтгэлгээний хэлбэрийг өөртөө шингээж, тэдгээр нь урлагаар дамжин хэрхэн илэрч болдгийг үзүүлж чадсан зохиолч бол Бэккет юм. Нөгөө талаар Бэккетийн бүтээлд шимтэнэ гэдэг өөрийгөө толинд нүцгэн харах, бусдад үзүүлэхийг хүсдэггүй сул дорой төрхөө илчлэх шиг ичгүүр төрүүлэх ч талтай. Эсвэл “Ийм л байж шүү дээ” гэх хоржоонтой, инээд хүргэм гаргалгаа тархинаасаа цуурайтахыг сонсох нь танд эгдүүцэл төрүүлж ч мэднэ. Бэккетийн бүтээл таашаал, гоо сайхан гэх мэт чанаруудтай төдийлөн хамааралгүй. Эндээс мэдрэх мэдрэмжид сайхныг олж харах билгийн нүд, зүрх сэтгэл огтоос хүртээлгүй санагдах нь ч бий. Гагц оюун санаа, гаргалгаа, танин мэдэх, үргэлжийн мөнхөд эрж хайсаар буй туйлын үнэн гэх зүйлс л хамааралтай байж ч мэдэх. Гэхдээ зохиолын гүнд хүрэхийн тулд өөрийгөө чагнах, дотоод сэтгэлээ сонсох нь нэн чухал. Бэккетийн бүтээлүүдээс үзэгчид, уншигчид үнэнийг сонсох боломжгүй бөгөөд харин эдгээр зохиолоор дамжин өөрөө өөрөөсөө асуулт асууж, өөрөө үнэнд нэвтрэх чанарыг агуулдгаараа нэн чухаг. Түүний “Жаргалтай өдрүүд” хэмээх жүжигт амьдаараа булшлагдсан Виний гэдэг эмэгтэйн дүр гарна. Винийгийн амьдрал өглөө бүр нэгэн хэвийн, тогтсон хэв маягаар эхлэх хэдий ч тэрбээр “Ахиад л нэгэн сайхан өдөр” хэмээн баясна. Нэгдүгээр үзэгдэлд Виний бүсэлхийгээ хүртэл шороонд булшлагдсан байх ч аажим аажмаар доош шигдсээр байна. Энэ нь өдөр тутмын залхаг амьдралдаа автаж буй, мөн үхлийг бэлгэдсэн байв. Нэгэн хэвийн, онцын гойд зүйлгүй өдөр хоногуудад ямар ч утга үгүй, амьдралын туйлын цэг яахын аргагүй үхэл гэдгийг зохиогч илэрхийлжээ. Тайзнаа харагдах байдлаараа түүний жүжгүүд хошин өнгө аястай. Түүнчлэн Бэккетийн жүжигт өрөөл татуу дүрүүд их тохиолдоно. Үүгээрээ Бэккет эрх чөлөө гэдэг зөвхөн хүний дотор, сэтгэлгээнд л буй, сэтгэлгээний эрх чөлөөг олж авч чадаагүй хүн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй адил өгөгдсөн нийгмийн хэмжүүрт хадагдсаар дуусдаг гэдгийг илэрхийлэхийг зорьсон бөгөөд үүнийгээ өнөөх л хошигнол, утгагүй үг хэллэг, егөөдлөөр харуулж байв. 1960-аад оноос эхлэн Бэккет өөрөө жүжгээ найруулан голдуу франц, германы тайзнаа тавьж байлаа. Судлаачид 1970-1980 оны үед Бэккет бүтээлийнхээ хошин өнгө аясын тунг багасгаж, утга уянгын өнгө аясыг илүү харуулах болсон ч гутранги үзэл нь улам бүр нэвчих болсон гэж үздэг. Өөрийг нь хамгийн их алдаршуулсан жүжгийн зохиолоо бичсэний дараа ч Бэккет үргэлжилсэн үгийн зохиолоо туурвисаар байсан юм.
Нобелийн шагналт энэ галзуу ирланд эр 1989 онд ертөнцийг орхисон ч түүний оршихуй өнөө хэр үргэлжилсээр л... 2001 онд тайз дэлгэцийн нэртэй найруулагч, жүжигчид Бэккетийн 19 жүжгийг дэлгэцийн бүтээл болгох “Beckett film on Project” төсөл эхлүүлсэн нь тун амжилттай хэрэгжсэн билээ. Түүний зохиолд нэвтэрснээр та шавар шавхай туучиж, тэвчишгүй үзэн ядалт, утгагүйтлийг мэдэрч, тогтож суухын аргагүй хиймэл зүйлс өмнө тань дэлгэгдэх хэдий ч эцэст нь тэр бүгдийн цаана сайн сайхан зүйлс хүлээн буй. Гэвч энэ нь зөвхөн оюун санаанд л харагдаж болох төгс төгөлдөр ертөнц. Эс бөгөөс ямар нэгэн зүйл сэтгэлийг тань догдлуулж, сандаргаж, үнэт зүйлсээс тань барин авах мэт адгалт төрүүлэх ч төгсгөлд нь утгагүй, увайгүй, инээд хүрэм бүхнийг таны өмнө дэлгэж, абсурд гэгч чухам юу болохыг зүрхэнд тань шивнэнэ.


Гоодаль сэтгүүлийн 2010 оны дөрөвдүгээр сарын дугаарт нийтлэгдсэн болно.

No comments:

Post a Comment