Monday, February 24, 2014

Нури Билгэ Жэйлан



Нури Билгэ Жэйлан /Туркийн кино найруулагч, гэрэл зурагчин/

Найруулагчийн талаар урлаг судлаач Ж.Бодьбаатартай ярилцсанаа хүргэе.

Гоодаль сэтгүүл . Дугаар 37  Жигжидсүрэнгийн Бодьбаатар /Урлаг судлаач/



Дэмбэрэлийн Оюунномин Нуригийн киног үзсэний дараа цас орж байгааг харахаар урьд нь харж байснаас огт өөр, илүү гүн мэдрэмж төрүүлэх юм...

Жигжидсүрэнгийн Бодьбаатар Нуригийн тухай ярих энэ өдөр цас ороод сонин шүү... Ер нь Нуригийн киноны тухай ярихад их хэцүү. Түүний киног үзсэний дараа чулуу хүртэл урьд нь харж байснаас огт өөр, амьтай, модод хүртэл онцгой, цас орж байгаа нь хүртэл өөр болчихдог юм. Үгээр илэрхийлэхэд эрсдэлтэй, зөвхөн сэтгэлийн чанад дахийг дүрслэлээр дэлгэцнээ хамгийн гайхалтай буулгадаг найруулагчдын нэг бол Нури. Тэр дүрслэлийг үгээр зүйрлэхээр дүрслэлийн амин сүнс нь хувирч үгүй болчих ч юм шиг...

Д.О. “Тосгон” /Kasaba/ киног нь үзэж байхдаа амьсгалаа авахаа мартчихсан юм шиг давчдаад ирсэн... Түгшүүртэй мөч, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал огт гарахгүй ч, тэр кинонд байгаа тайван байдалд яг л ховсдуулчихсан мэт...

Ж.Б. Магадгүй камераа хаана байрлуулах, ямар өнцгөөс авахаа хамгийн сайн мэддэг найруулагчдын нэг нь Нури байх. Гэхдээ түүний кинонуудыг зөвхөн гайхалтай зураглал төдий гэвэл киног нь бүрэн ойлгоогүй л байна гэсэн үг. Зураглалын хувьд гэрэл зурагчин байсных нь нөлөө илт анзаарагддаг. Надад лав түүний киног үзсэний дараа бидний мэдэх бодит байгаль, орчин арай л ондоо харагдаад эхлэх шиг санагддаг. Дараалалтай үйл явдал, зөрчил тэмцэл, урт харилцан яриа бараг байхгүй зэрэг нь утга илэрхийлээгүй мэт санагдах авч түүний кинонд утга бий. Нуригийн киног хоёр хэсэгт хувааж авч үзэж болно. Эхэн үеийн бүтээлүүд буюу “Тосгоны гурвал” кинонууд гол төлөв найруулагчийн бага, залуу насаа өнгөрөөсөн тосгоны амьдралын хэмнэл, тэнд амьдарч буй балчир, залуу, ахимаг насны хүмүүсийн дотоод ертөнцийн тусгал байдаг. Ялангуяа анхны богино хэмжээний кино нь Тарковскийн “Толь” киног өөрийн эрхгүй санагдуулдаг. Хэдийгээр Нуригийн кинонууд Тарковскийн кинонуудын дүрслэлийг их санагдуулж, байнга шахам зүйрлэгддэг ч минийхээр гол ялгаа нь Нури кинондоо Тарковский шиг “номлол” айлддаггүй. Тарковскийн кинонууд дахь дүрүүд амьдралыг эргэцүүлэн бясалгаж, харуусан гуньхарч, халаглан цөхөрдөг. Амьдрал гэгч Тарковскийн кинонд философийн ухагдахуун болж илэрдэг. Тэгвэл Нуригийн киноны дүрүүд амьдралд яг л байгаагаараа байж, бидний ах дүү, хамаатан садан мэт дотно санагддаг. Түүний кинонд амьдрал философийн ухагдахуун гэхээсээ илүүтэй хүний хувь тавилан мэт дүрслэгддэг. “Тосгон”, “Тавдугаар сарын уйтгар” /Clouds of may/ тэр чигтээ л Нуригийн болон гэр бүлийнх нь амьдрал байдаг. “Тавдугаар сарын уйтгар” киноны нэг дүрд тосгоны нэг хэвийн амьдралын хэмнэлээс залхаж, хот руу явахын хүслэн болсон залуу гардаг даа. Тэрхүү тосгоны эгэл нэгэн залууд тоглосон хүн нь үнэхээр амьдрал дээрээ Нуригийн нагац дүү бөгөөд яг л өөрийнхөө амьдралыг “тоглох” бус “харуулсан” байдаг. Харин хотоос ирсэн найруулагчийн дүр нь өөр хүн л “тоглосон” болохоос яг л Нуригийн alter ego нь байдаг. Хүн хоорондын харилцаа нь хүртэл цемент шигээ хөндий хүйтэн байдаг хотоос ирсэн хүнд бол тосгоны амьдралын хэмнэл түр зуур ч гэсэн амсхийн, сэтгэл санаагаа тайтгаруулах орон зай болдог. Хотын хүнд тосгоны амьдрал амралт болж байхад тосгоны уугуул залууд эсрэгээрээ, шорон л гэсэн үг. Нури “Тосгоны гурвал” цувралдаа тосгоны амьдралын хэмнэлийг романтизм болгоогүй. Тосгон салхинд хийсэх мододтойгоо, яст мэлхийтэйгээ, тэнд амьдрах хүмүүсийн дотоод ертөнцтэй яг л байгаагаараа “буудаг”.

Д.О. Турк гэлтгүй дорнын мөн чанар аливаа зүйлд хоёр утга бодож олдоггүй, “залхуувтар” гэж болохоор. Тэр байдлаа “ялагдал” юм шиг хүлээж авах хүмүүс ч бий байх л даа...

Ж.Б. Ер нь туркууд хувь тавиланд итгэдэг. Юу ч хийгээд хувь тавиланг өөрчилж чадахгүй гэсэн гүн итгэл, бас цөхрөл ажиглагддаг. Нэг талаасаа цөхрөнгүй, нихилизм мэт харагдавч нөгөө талаас хүний оршихуйн мөн чанарыг танин мэдэхүй ч гэж дүгнэж болно. Энэхүү тавиланч үзэл санаа туркийн соёл, урлагт нь хүртэл нэвт шингэсэн байдаг. Жишээлбэл, арабэск хэмээх хөгжмийн төрөл байна. Угтаа арабаас угшилтай гэх утгыг агуулдаг боловч цаашдаа утгынх нь агуулга тэлж амьдрал нь зовлон, амжилтгүйдэл, бүтэлгүйтлээр дүүрэн, нийгмээс гадуурхагдсан хүмүүст оноосон нэр болон хувирчээ. Хэдийгээр зарим элитистүүд арабэск хэмээх ойлголтыг нийгмийн доод давхаргын идэвхгүй, ялагдсан, арчаагүй хүмүүсийн соёл хэмээн ад үздэг ч дээд түвшний гэж хэлэгдэхүйц зохиол бүтээлүүдэд ч тэрхүү арабэск буюу тавиланч үзэл санаа туссан байдаг нь сонирхолтой. Тухайлбал, орчин цагийн туркийн утга зохиолын сор бүтээл болох Оуз Атайгийн бичсэн “Тулгуургүйчүүд” роман, Бэккеттэй зүйрлэгддэг Вюсат О Бэнэрийн богино өгүүлэл, романууд ил далдаар тавиланч арабэск хандлагатай байдаг. Ялангуяа Нуригийн сүүл үеийн “Гурван сармагчин” киноны дүрүүд, ялангуяа эмэгтэй дүр нь яг л арабэскийг санагдуулдаг. Нуригийн хоёр дахь үе гэж дүгнэж болохуйц “Алс” киноноос хойших түүний бүтээлүүдэд мэхлэлт, хууралт, гэм зэм, эргэлзээ гэх мэт хүний ертөнцийн адармаатай, харанхуй талууд илүүтэй тусах болсон. Тодруулбал, “Алс” кинонд “Тавдугаар сарын уйтгар” кинонд гардаг тосгоны залуу Стамбул хотод амьдардаг найруулагч ахындаа ирснээр эрс тэс тэрхүү хоёр ертөнц хэрхэн харилцаж, магадгүй харилцахгүй байгаа тухай гардаг. Хэдийгээр цус ургаар “ойр” боловч амьдралаас хүлээх хүлээлт, нөхцөл байдлаараа ямар “алс” оршиж буйг сэтгэл лугштал харуулдаг. Малгайлан орох цаснаар дагжин чичирч, Стамбулаар зорилгогүй хэсүүчлэх тосгоны залуу, тавиур дүүрэн номтой дулаан гэртээ Тарковскийн “Сталкер” болон порно кино нууцхан үзэх хотын ганцаардмал сэхээтэн гэх мэт мартагдахааргүй дүр төрх, дүрслэлээр дүүрэн кино... Хэдийгээр “Алс” киноны дүрүүд хоорондоо харилцахын аргагүй “алс” ч гэлээ энэ нь Ханэкэгийн кинонд гардагчлан өрнийн хүмүүсийн сэтгэлийн хүйтэн, хэрцгий байдлаар илэрдэггүй. Өөрөөр хэлбэл, өрнийнхний тодорхойлдогчлон орчин цагийн хүний амьдралд хандах абсурд, нийгэмтэй тулгарах alienation буюу хөндий хандлага мэтээр тусгагддаггүй. Барууны шүүмжлэгч нарын байнга зүйрлэдэг Тарковский, Бергманы киноны дүрүүд шиг нөхцөл байдалд үргэлж үнэлэлт өгч, үгүйсгэж, эргэлзэж байдаг цөхрөнгүй сэхээтний дүр Нуригийн кинонуудад байдаггүй. Харин Озу, Киаростами нарын дүрүүд шиг Нуригийн сэтгэлийн “хань” эгэл жирийн, ээдрээтэй амьдралын нугачаанд бүдэчсэн хүмүүсийн л амьдрал гардаг. Магадгүй энэ л чиний хэлээд байгаа “Дорнын мөн чанар” -ын илрэл юм болов уу? Тарковскийн ч тэр, Бергманы ч тэр дүрүүд романтик буюу хувь тавиланд сөхрөн, ялагдахаа магад мэдсээр байж зовлонт “үнэн”-ийг бодолдоо хайсаар явдаг сэтгэгчид байдаг. Нуригийн киноны дүрүүд хувь тавилангийн эрхшээлийг нэгэнтээ ойлгон мэдэрч, гурван сармагчин мэт харахгүй, сонсохгүй, ярихгүй байхыг илүүд үздэг.

Д.О. “Тосгон”-ны ангид хичээл орж байгаа хэсэгт гадаа шувуу жиргэж байгаа, ангид гарч байгаа бүхий л авиа, халуун зуухны таган дээр өлгөсөн оймсноос ус дуслах чимээ, тэгснээ Бахын аялгуу, тухайн орчинд байгаа бүхий л зүйлсийн дуу авианы зэрэгцэл хэрнээ нам гүм орчин...


Ж.Б. Шүлэг шиг хэсэг... Барууныхан түүний киноноос турк үндэстний соёлын хөгжим, дууг хүсдэг. Харин Нури үүнийг буруушаадаг. Өрнийн сонгодог хөгжмийг хүн төрөлхтөнд зориулсан реквием гэж боддог хэмээн тэр хэлсэн байдаг. Угаасаа кинондоо зориулж хөгжим бичүүлдэггүй. Киноны өөрийнх нь хэлээр хэлэх гэснээ хүргэж чаддаггүй найруулагч нар л хөгжим гэх мэт бусад хэрэгслийг ашигладаг байх. Киноны дүр машинд явж байхад цаана нь хөгжим явах, эсвэл гэртээ Моцарт сонсох гэх мэтээр... Магадгүй, хөгжим сонсоод төрөөгүй сэтгэгдэл, гүн мэдрэмжийг Нуригийн кино үзэгчид илүүтэй өгч чадахыг ч үгүйсгэхгүй.

Д.О. “Тавдугаар сарын уйтгар” киногоо А.Чеховт зориулав гэсэн байдаг. Чеховын бүтээлүүд их нөлөөлсөн шиг байгаа юм.

Ж.Б. Ер нь XIX зууны оросын утга зохиол туркүүдэд их нөлөөлсөн. Турк, Орос хоёрт адил хувь тохиолууд бий. Юу вэ гэвэл, тэд хоёулаа Европ руу ойртох гэж, баруунжихыг хүссэн ч хэзээ ч тэдэн шиг болж чадаагүй. Боломжгүй ч байх. Турк, Орос бол Европын хажууд “тосгон”. Аль аль нь л сэргэн мандалтын үеэс хойш барууны болох гэж хэчнээн үзээд чадахгүй л байна. Наанаа хэлбэр талаас нь хэчнээн дуурайвч цаана нь Европын хажууд “тосгонд” тооцогдох үндсэн хүчин зүйлс нь үлдээд байдаг. XIX зууны оросын утга зохиолын гол төлөөлөгч Чехов, Тургенев, Толстой, Достоевский гээд бүхэлдээ шахам энэхүү тосгон-суурин хот газар хоёрын тухай л бичсэн байдаг гэвэл хэтэрхий ерөнхий болчихгүй болов уу. Тосгоныг метафорчлон авч үзвэл ялагдал, хоцрогдол, уйтгараар голдуу төсөөлөгддөг. Харин хот бол шинэчлэл, ялалтын бэлгэ тэмдэг болдог. Тосгоныхон хэдий үгүйсгэсэн ч цаанаа бол хотынхонд атаархаж, тэнд тэдэн шиг амьдрахыг мөрөөддөг. Ялангуяа Нуригийн сүүлийн киног Чеховын шүүгдэгчийн тухай өгүүллэгээс сэдэвлэсэн гэж дүгнэсэн байна билээ. Нурид хамгийн их нөлөөлсөн зохиолч гэвэл Чехов л байх. Нэг тийм онигоо байдаг юм. Горький, Тургенев, Чехов гурав уулзаад зугаа болгон тэнгисийг ээлж дараагаар дүрсэлж л дээ. Горький “далай тэгж давалгаална, ингэж түрнэ” гэх маягаар дүрсэлж гэнэ. Тургенев болохоор “тэнгис эмэгтэй хүн шиг” гэсэн шүү зүйрлэж. Харин Чехов ердөө л “тэнгис бол уудам” гэжээ. Энэхүү онигоо Нуригийн киноны талаар миний хэлснийг бараг илэрхийлсэн болов уу.

Д.О. Тэгэхээр Турк, Орос хоёрыг холбодог зүйлийг үгүйсгэж болохгүй ч юм шиг. Ер нь Нуриг туркийн “шинэ давалгаа” гэхэд хилсдэхгүй байх...?


Ж.Б. Тэгж хэлэхэд үнэхээр хилсдэхгүй. Түүнээс өмнө Туркээс дэлхийн хэмжээнд танигдсан уран бүтээлч байсан. Илмаз Гюнэй гэж их алдартай найруулагч байсан ч зарим талаараа улс төрийн шалтгаанаар алдарт хүрсэн гэхэд болно. Харин Нури бол цэвэр өөрийн чармайлтаар Туркийн киног дэлхийд таниулж, нүүр царай нь болсон найруулагч. Түүнтэй нэгэн үеийн уран бүтээлчид болох Зэки Дэмиркубуз, Сэмих Капланолу нар бол туркийн кино урлагийг амилуулсан шинэ давалгааны үеийнхэн. Хамгийн сонирхолтой нь тэдний дийлэнх нь мэргэжлийн бус хүмүүс байдаг. Гэрэл зураг, үргэлжилсэн үг, яруу найргийн төрлөөс кино урлаг руу сүүлд орж ирсэн хүмүүс.


Д.О. Кино бүтээх талаар номын дуу сонсоогүй атал зохиолоо өөрөө бичдэг, бас өөрөө зураглаачаар ажилладаг, кинондоо мэргэжлийн бус хүмүүс тоглуулдаг гээд түүний сонголт Раитай төсөөтэй. Өөрөөр хэлбэл, нэг л залхуутай юм шиг удаан хэмнэл, зураглал нь Раи, Киаростамиг санагдуулаад байдаг юм.

Ж.Б. Нури мэргэжлийн болон, мэргэжлийн бус ямар ч жүжигчнийг маш сайн “тоглуулж” чаддагаараа их алдартай. Жүжигчний сонголтынхоо тухайд “Би ямар дүр бүтээхээ, юу хийхээ мэддэг хүмүүст дургүй” хэмээн тайлбарласан байдаг. Ер нь их нямбай, няхуур найруулагч гэх юм билээ. Эхэн үеийн кинонууддаа голдуу аав ээж, хамаатан саднаа “тоглуулсан” байдаг. “Алс” кинонд тоглосон хоёр жүжигчин нь мэргэжлийн бус хэрнээ Каннын кино наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг авсан. Нэг нь нөгөөх “Тосгон”-ы “сайн эр”, Нуригийн нагац дүү Мэхмэт Эмин Топрак. Тухайн жил Каннын наадмын шүүгчээр ажилласан жүжигчин Мег Райан Нурид хандан “Танай хоёр жүжигчин бидэнд жүжигчний хичээл заалаа” гэж хэлсэн гэдэг. Харамсалтай нь “Алс” киноны дараахан “тосгоны залуу” Мэхмэт автын ослоор нас барсан. Раи, Киаростами, Озу, Нури гэх мэт дорнын найруулагч нар дэлхийн кино урлагт ямар ч сэдвээр юуны ч тухай кино хийж болно гэдгийг харуулж, баталсан хүмүүс. Яахын аргагүй тэд кинон дахь минимализмыг цогцлоосон хүмүүс. Минийхээр Италийн нео-реализмын үеийн кинонуудаас /Де Сика, Роселлини г.м/ нөхцөлийн хувьд хамаагүй болхи хийцтэй ч гэсэн Раи, Озу, Нуригийн кино илүү реалист санагддаг. Мэдээж Нури үүнийг амьдралаараа нотолсон найруулагч. Анхны киногоо Оросоос авчирсан хуучин хальсаар хийж, өөрөө найруулж, зургийг нь авч, эцэг эхээ тоглуулж уран бүтээлийн замналаа эхэлсэн байх жишээтэй. Тэгсэн хэрнээ зураглал нь алдарт Тарковскийн кинонуудтай зүйрлэгдэхүйц хэмжээнд хийгдсэн байх нь гайхалтай.

Д.О. Одоо 52-той гэхээр ахиад өчнөөн бүтээл хийх нас байна. Түүний кино урлагт хүчтэй татагдсан шалтгаан нь юу байсан юм бол?

Ж.Б. Бергманы “Аниргүй” /Silince/ киног анх үзээд амьсгаа нь давхцах шахсан гэдэг. Сургуулиа төгссөний дараа Лондон, Нью-Йорк хотуудад амьдарч байхдаа өдөрт дор хаяж хоёр кино үздэг байсан гэсэн. Дараахан нь нэг найзынхаа кино хийх явцыг хараад би ч гэсэн хийж болохоор л юм байна гэж бодоод, кино хэрхэн хийх талаар хэдэн ном уншаад анхны бүтээлээ хийсэн нь “Ээрүүл” /Cocoon/. Нури бол кино урлагт байх боломжгүй зүйлийг бүтээж чадсан найруулагч. Учир нь тэр ямар ч мэргэжлийн баггүй, кино хийх талаар өөрөө юу ч мэдэхгүй, хөрөнгө мөнгөгүй хэрнээ бүхний ард гарсан. Аав, ээж, хамаатан саднаа кинондоо тоглуулаад л. Ер нь Нуригийн кинонд дүр бүтээсэн хүмүүсийг тоглосон, жүжиглэсэн гэж хэлэх боломжгүй. Тэд тоглоогүй, жүжиглээгүй, зүгээр л “байсан”. Озугийн бүтээлүүд ч их нөлөөлсөн юм билээ. Нуригийн кино бүр зураглал, чанарын хувьд үнэхээр алмайрахуйц ахицтай болж байна. Хараахан үзэж амжаагүй боловч олж уншсанаар бол сүүлийн киног нь шедевр, сонгодог бүтээл болсон гэж магтсан байна билээ.

Д.О. Нуригийн бүтээл Киаростами, Раи нарын бүтээлтэй хэмнэлийн хувьд адил. Гэхдээ бас огт өөр нэг адилтгал нь Тарковский, Бергман. Нуригийн бүтээлийг реалист гэж үздэг. Гэтэл яагаад гүнд нь нэвтрэхэд адармаатай  байгаад байна вэ?

Ж.Б. Тарковский бол магадгүй жинхэнэ орос хүн. Бурханд итгэх итгэл үнэмшлээ хараахан гээгээгүй гэнэн гэгээнтэн байх. Киноны дүрүүд нь яг л Достоевскийн Раскольников, Мишкин нар шиг хэдийгээр алуурчин, солиот мөртлөө цаанаа ариухан, гэгээн, энэрэнгүй, томоохон сэтгэгчид байдаг. Гэтэл Бергманы дүрүүд тийм биш. Бурханд итгэх үү, үгүй юу гэдгийн яг зааг дээр оршдог. Данийн сэтгэгч Сөрэн Киэркэгор мэт скэптик буюу эргэлзэнгүй дүрүүд. Өөрөөр хэлбэл, бурханы талаарх итгэл нь алдарсан авч түүндээ шаналсан гэнэн бус шаналант сэхээтнүүд байдаг. Харин Нуригийн дүрүүд өөрийнх нь шүтээн болсон Чеховын дүрүүдийг өөрийн эрхгүй санагдуулдаг. Чеховын дүрүүд Оросын барагдашгүй ой моддын дунд, бөглүү тосгонуудын дунд гэр бүлээрээ сууцгаагаад амьдралаа ярьдаг. Достоевскийн дүр шиг тийм байх ёстой, тэгэх ёстой гэдэггүй. Зүгээр л амьдралаа өгүүлдэг. Яг л Нуригийн кинонд гардаг шиг хотоос ирсэн сэхээтэн байрын нэг нь арай илүү номлонгуй аясаар ярьдаг. Бусад нь ч гэсэн салхинд найгах моддын дунд эгэл жирийнээр ярианд нь оролцдог. Горький реалист утга зохиолын томоохон төлөөлөгч боловч Чехов шиг реалист гэхэд эргэлзээтэй. Реализм гэдэг натурализм гэсэн үг огт биш. Нөхцөл байдал, орчин тойрон, гарч буй дүр хэдий чинээ натурлаг буюу бодит байна, төдий чинээ реалист байна гэж ойлговол эндүүрэл болно. Нуригийн кино зүйрлэвэл хайку шүлэг шиг. Хайкуд дүрслэгдэж буй зүйлс нь бидний мэдэх бодит зүйлс авч хэлэгдэж байгаа санаа, мэдрэмж нь цаанаа нэг далд, нарийн байдаг. Уг нь бол мод, ус, гол, цөөрөм, мэлхий, амьтны тухай л өгүүлээд байх шиг эхэндээ санагддаг. Маш энгийн, ямарваа сургаал, айлдвар, ёгтлол байхгүй, утгагүй ч юм шиг эхэндээ бодогддог. Гэвч нягтлан уншвал маш нарийн, өөрийн чинь хэлсэнчлэн адармаатай, тайлбарлах боломжгүй болоод явчихдаг. Чеховын богино өгүүллэгүүд ч гэсэн иймэрхүү янзтай байдаг. Зүгээр хөдөө тосгонд ямар ч утга авцалдаагүй зүйл болоод, энгийн хүмүүс л гараад байдаг эхэндээ. Гэвч удаан бодохоор тэр бүгд сэтгэл рүү лугшаад байгааг мэдрэх шиг болдог. Нуригийн кинонууд ч гэсэн надад яг ингэж буудаг. Орчин цагийн хүмүүн бидний оюун санаа, ойлгох явц ерөнхийдөө тайлбарлах, агуулгад хэт ач холбогдол өгөх болсноос болж ямарваа зүйлийг юу байна түүгээр нь дамжуулан ойлгох гэхээсээ илүүтэй арын текстийг унших үйлдэл, цаашлаад юмсыг тэмдэг, бичвэр хэмээн үзэх болж. Тийм болохоор эхэндээ энгийн харагдсан зүйлийг харагдсанаар нь хүлээж авахаас илүүтэй ард нь ямар утга байна вэ, заавал нэг утга, бичвэр, тэмдэг байх ёстой гээд хадуураад явчих шиг надад санагддаг. Бид юмс, үзэгдлийг ингэж таниад заншсан болохоор Нуригийн кино анхандаа ямар ч утга байхгүй юм шиг, яг л бодит амьдралд байдаг зүйлийг бидэнд харуулдаг болохоор сонирхолгүй мэт санагддаг байх. Харин жаахан бодоод ирэхээр бидний төдийлөн тоодоггүй тэрхүү бодит амьдралын мөчлөгүүд утга агуулж байсан, харин түүнийг нь бид өөрсдөө анзаараагүйгээ мэдрэх шиг болдог. Малгайлан орох цас, галд шажигнах моддын чимээ, салхинд найган хийсэх навчис, усанд урсах алим, зууханд дусах усны дусал, хөврөн өнгөрөх үүлс, салхинд хийсэх хөшиг гэх мэт үзэгдэл гэнэт энгийн хэрнээ энгийн бус, бодит мөртлөө бодит биш юм шиг болоод явчихдаг. Магадгүй хамгийн энгийн мэт зүйл хамгийн адармаатай байх нь... Малевичийн абстракт зураг Репиний зургаас илүү реалист гэвэл би л лав гайхахгүй.

Д.О. Бергманы киног үзээд швед хүн гэдэг нэг ойлголттой болно. Бергман ч гэлтгүй өөр ямар нэгэн найруулагчийн киног үзээд. Гэтэл Нуригийн киног үзсэний дараа турк хүмүүс бол... гэсэн надаас, эсвэл намайг хүрээлж байгаа хүмүүсээс өөр зүйл олж хардаггүй. Бүр юу ч боддоггүй. Монгол кино үзэж байгаа юм шиг гэж хэлбэл арай биш л дээ. Гэхдээ нэг тийм дотно байгаад байдаг юм.

Ж.Б. Нуригийн кинонд турк байдал харагддаг. Турк хүний амьдралд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл гэх мэт... Түүний кинонууд гунигтай, аажим боловч яг л турк хүний л гаргах авир гэж хэлмээр өгүүлэмж, харилцан яриа гардаг. Нэг талаасаа туркүүд егөөдөл, шогийн мэдрэмж маш сайтай, хөгжилтэй, тэр талын соёл нь ч асар их уламжлалтайгаас гадна амьдралынх нь хэв маяг болсон улс. Тэгсэн мөртлөө зовлон шаналалаас таашаал хүртэх хэмжээний хүмүүс. Гадныхан гайхаад байдаг юм. Гадуурхагддаг арабэск хөгжмийн үг нь тэр чигтээ бүтээгүй хайр, нурсан амьдрал, сөнөсөн хүний ертөнц. Туркэд Муслим Гюрсэс гэж нэг дуучин бий. Түүний галзуу бишрэгчид нь концертын туршид бритва гэх мэт зүйлсээр биеэ шалбалж, шархдуулж, цус нөжтэй нь холих жишээтэй. Би л лав аливаа дууг тэгж трансад орж, өөрийгөө зовоон барин сонсдог үзэгчдийг өөр газар хараагүй, дуулаа ч үгүй. Энэ новшийн ертөнц сөнөөсэй гээд л дуулаад байна. Архи уухдаа хүртэл тиймэрхүү гунигтай дуу сонсож уйлж, дуулж уудаг уламжлалтай ард түмэн шүү дээ. Жишээ нь “Гурван сармагчин” киноны эмэгтэй дүр яг л арабэск дүр. Илдиз Тилбэ гэгч бараг хагас галзуу шахам арабэск дуучны гунигтай дууг сонсдог нэг сцене байдаг юм. Гадны хүн бол төдийлөн ойлгохгүй байж магад. Дуунд гарч байгаа үг, эмэгтэй дүрийн хийж байгаа сонголт зэрэг нь яалт ч үгүй турк шинжтэй. Мэдээж, туркүүд бүхэлдээ тийм гэж дүгнэх боломжгүй. Гэхдээ Нуригийн кинонуудаас яалт ч үгүй турк гэх шинжүүд ажиглагддаг. “Гурван сармагчин” киногоороо Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал авахдаа Нури “Хүсэл шуналаараа хайрладаг, ганцаардсан, гайхалтай нутагтаа зориулъя” гэж хэлсэн нь туркчүүдийн сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн. Миний нэг найз үүнийг нь телевизээр сонсчихоод уйлж байсан юмдаг. Туркчүүдэд юу гэмээр юм бэ, нэг тийм ялагдал, гунихрал байдаг юм. Бид их соёлтой, түүхтэй, мундаг улс гэж байснаа тун удалгүй л Турк хэзээ ч өөдлөхгүй гээд яг эсрэгээр нь яриад эхэлнэ.

Д.О. Тосгоны гунигтай амьдралаасаа өөр бас нэг гунигтай амьдралаа дэлгэн үзүүлсэн кино бол түүний эхнэртэйгээ хамт тоглосон “Цаг агаар” /Iklimler/. Тосгоны хөвгүүн их хотод ирээд нэр хүндтэй гэрэл зурагчин, гэр бүлтэй болсон ч өнөөх л амьдрал...

Ж.Б. Нури бол ганцаардмал, меланхолик хүн. Өөрийнх нь хэлсэнчлэн нихилист ч гэж болно. Эхэн үеийн бүтээлээ хийж байхдаа тэр ганцаардлаа нуун далдалж байсан ч нэр алдартай болоод, киноны багийнхан нь нэмэгдээд, өөрийг нь хүрээлэх хүн олшроод ирэхээр ганцаараа байх нөхцөл, боломж нь улам бүр хумигдаж үгүй болсон. Тэрбээр киноныхоо зураг авалтыг хийх газрыг сонгохоор туркийн олон газраар гэрэл зураг авч явсан юм билээ. Тэгж явахдаа гэрэл зурагчин байсан үеэ буюу ганцаараа байснаа их санагалзсан гэдэг. “Цаг агаар”-т уг нь хос хоёрын ээдрээтэй харилцаа, сэтгэлийн адармаат байдлыг дөрвөн улиралтай хослуулан харуулдаг. Нэг талаас сэхээтэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын хэцүү харилцаа, харилцаагүйдлийн тухай ч юм шиг. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүний сэтгэл санааг төдийлөн хөнддөггүй. Тэнд Нуригийн амьдрал, эрэгтэй хүний эргэлзээний тухай л голдуу гардаг. Ер нь Нуригийн кинонуудад эмэгтэй хүний ертөнц гарах нь ховор. Нури “Цаг агаар” киногоороо өөрийн эргэлзээт бодол, гунигт амьдралыг хамгийн ил дэлгэж харуулсан болов уу. Тэрбээр “Кино урлаг бол өөрийн үнэн сэтгэл, шударга байдал, эсвэл худал хуурмагийг нуун далдлах хамгийн хэцүү урлагийн төрөл” гэж хэлсэн байдаг. Энэ кинон дээр Нуригийн дотоод ертөнцийн гүн дэх харанхуй, нихилист, адгууслаг талууд ил гарч ирдэг. Хоёр хүнийг хамтад нь байлгадаг үг, итгэлцэл, хайр юу ч байсан үнэн хэрэгтээ ямар эмзэг, зэрлэг болох тухай, яг л дөрвөн улирал шиг хүний сэтгэл хэрхэн хувиран хувьсаж байдаг тухай өгүүлдэг. Үзэхэд заримдаа таагүй ч, үнэхээр үгүйсгэхийн аргагүй байдлуудыг илэн далангүй илчилдэг.

Д.О. Гэхдээ уйдашгүй шүү дээ. Миний л хувьд Нуригийн киног үзсэний дараа хэдэн өдөр нүдэнд харагдаад, яг үзэж байхад, бас дууссаных нь дараах агшинд төрсөн мэдрэмж үргэлжлээд байдаг.

Ж.Б. Тэр чинь л жинхэнэ сайн киноны өгч байгаа зүйл байх л даа. Бид кино болон аливаа урлагийн бүтээлээс өөрийн хүлээж байсан зүйлийг л авахыг хүсдэг. Тэгээд бидний хүлээлтээс тэс өөр зүйл гараад ирэхээр балмагдаж, хэлэх үггүй болдог. Бидний төсөөлөл нуран унах тэр агшин л магад биднийг гайхшируулан саатуулдаг. Бидний хүлээлтээс өөр байсан болохоор яг таалагдсан гэх мэт сэтгэл зүйн дүгнэлт өгч чаддаггүй ч өөрийн эрхгүй бодогдоод байдаг шүү дээ. Хэдийгээр бодохыг хүсээгүй, таалагдаагүй ч гэлээ санаа бодлыг уймруулаад байдаг. Хүчтэй бүтээлийн нөлөө тэгж илэрдэг болов уу. Ер нь утга, ухагдахуун гэдэг урлагийн хэмжүүр лав биш байх. Жишээ нь, үнэхээр дэлхийн киноны том мастеруудын нэг гарцаагүй мөн боловч Годарын кинонууд надад заримдаа төдийлөн “буудаггүй”. Урлагийг тэр өөрийнхөө тунхаглал хэмээн үздэг тал бий. Жирийн үзэгч бол Годарын киног үзээд магад өөрийгөө юу ч мэдэхгүй тэнэг гэж дүгнэх байх. Учир нь философийн муугүй мэдлэг, соёлын өндөр боловсролгүй бол Годарын кинотой үзэгч харилцаж чадахгүй. Харин Нуригийн киног жирийн нэг үзэгч ч гэсэн чармайгаад үзвэл их, бага ямар нэг хэмжээгээр “харилцаж” чадна. Уг нь гунигтай хүний тухай, тэр байтугай уйтгарын тухай кино мөртлөө тэр нь надад лав уйтгартай санагддаггүй. Ялангуяа эхэн үеийн кинонууд нь намайг өөрөө хөтлөөд үзүүлээд байдаг. Мэдрэмж гэхээр их ерөнхий болоод байдаг юм. Сэтгэгдэл бүр ч биш. Үгээр илэрхийлэшгүй. Кино гэдэг өөрийн гэсэн хэлтэй, түүнийг үгээр биш үзэж л авах ёстой гэж сануулаад байх шиг.

Д.О. Хичкок, эсвэл Годарын киног үзсэний дараа утга санааг нь олох гэж бодно. Гэтэл Нуригийн киног үзэхээр юу ч бодохгүй, ямар нэг утга олж харах гэхгүй. Ер нь миний дуртай дорнын найруулагчид л лав өөрийнхөө бодож олсон нэг санааг надад тулгаж, аливаа зүйлийн зөв буруу, сайн муугийн тухай номлодоггүй. Тэгсэн хэрнээ хэлж мэдэхгүй, хөндлөнгийн хүнд ойлгуулж чадахгүй тийм сэтгэлийн байдалд би орчихдог. Юу ч бодохгүй, эргэцүүлэхгүй байна уу гэхээр бас тийм биш, дотор нэг чимээгүй бодрол хөврөөд байдаг.

Ж.Б. Годар үнэхээр сайн найруулагч. Годар бол кино урлагийн философич байхгүй юу. Шууд биш юм гэхэд нэг мессеж, санаа, тунхаг байгаад байдаг. Нуригийн кинонд ямар ч тийм тулгасан, тунхагласан зүйл байдаггүй. Тэнд хүн ариусч болно, өөрийгөө олж болно, төөрч ч болно. Бүр юу ч олохгүй, бодохгүй байж ч болно шүү дээ. Магадгүй хамгийн хэцүү зүйл тэр байж ч болох. Юу ч бодуулахгүй, ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй... Чиний хэлээд байгаа дорнын гэдэг чинь тэр ч юм бил үү. Буддизмд юу ч бодохгүй байх тухай заадаг байх аа? Тийм тунгалаг оршихуйн тухай... Киаростами нэг ярилцлагадаа “Би заримдаа үзэгчдийг миний киног үзэж байхдаа унтаасай гэж хүсдэг” гэж хэлсэн байсан. Угаасаа урлаг гэдгийг хөндлөнгийн хүнд ойлгуулах ямар шаардлага байна? Чи Нуригийн киноноос авах ёстой юмаа л авсан байна. Түүнийгээ надад ойлгуулъя гэсэн ч дутуу л ойлгогдоно. Би лав хувьдаа ямарваа нэг шүүмж, дүгнэлт өгсөн кинонд дургүй. Хүнд өөрийгөө илэрхийлэх олон сонголт бий шүү дээ. Тэр нь улс төр ч байж болно.

Д.О. Сүүлийн киноных нь зураглал үнэхээр “солиотой” харагдсан. Өмнөх кинонуудыг нь бодвол илүү олон дүр хамарсан байсан. Таны хувьд хэр зэрэг бүтээл болсон гэж бодож байна?

Ж.Б. Туркийн кино урлагийн түүхэнд байгаагүй бүтээл болсон гэж ярьж, бичиж байна. Урьд нь хийсэн кинонуудын зардлыг нийлүүлсэнтэй дүйцэхүйц зардлаар бүтсэн, олон жүжигчинтэй, хамгийн яриасаг кино нь болсон байна гэж уншсан. Туркийн нэг тосгонд гарсан хүн амины хэргийг мөрдөх мөрдөн байцаагч, эмч, шүүгч гэх мэт хүмүүсийн нэг шөнийн үйл явдлыг харуулсан юм уу даа. Мэдээж үйл явдал, өрнөл гэхээсээ илүү дүрүүдийн дотоод ертөнц, ээдрээ, харанхуй руу нь өнгийсөн кино болсон гэсэн. Киноны зураг авалт, үйл явдлын талаас илүү хувь нь шөнө өрнөдөг юм уу даа. Хэдийгээр хүний хийсэн гэм, нүглийн хойноос хөөцөлдөж байгаа боловч ажлын явцад, шөнө дундад өөрсдийн нүгэл, гэм зэмийг шүүн тунгааж байгаагаар өрнөдөг гэж бичсэн байсан.

Д.О. Нуригийн киног ер нь ийм тийм гэсэн урьдчилсан хүлээлт, төсөөлөлгүйгээр үзсэн нь дээр байх. Бодол санаагаа цэвэр байлгаж байгаад ч юм уу...

Ж.Б. Ер нь тийм шүү. Толстой Чеховын тухайд “Яг л импрессионист зураач шиг. Харахаар юу ч хийгээгүй, юу ч өгүүлээгүй мэт. Гэвч холдоод харахаар гайхалтай их юм өгүүлсэн зураг байдаг” гэж хэлсэн байдаг. Нуригийн кино яг үүнтэй ижил. Үзэх тусам уйдахгүй, ахин ахин өөрийгөө нээгээд байдаг. Хэдийгээр “Гурван сармагчин” нь өмнөх кинонууд шиг нь дотно санагдаагүй ч сүүлийн киног нь тэсч ядан хүлээж байна. “Гурван сармагчин” киноноос хойш түүний бүтээлд мэргэжлийн жүжигчид зонхилж ирсэн байдаг. Энэ киноноос хойш түүний кино хүний бараан тал руу илүү хандаад эхэлсэн гэж болохоор. Гэхдээ мэргэжлийн бус хүмүүс тоглуулдаг арга барил нь тэр чигтээ алга болчихоогүй. Эрэгтэй гол дүр болох Язул Бингол бол туркийн алдартай дуучин. Гэтэл өөрөөсөө огт өөр дүр бүтээдэг. Мөн Эркан Кэсал гэхэд л эмч хүн. Тэр киноноос хойш Нуритай хамтарч ажиллах болсон юм билээ. Яг энэ киноноос хойших бүтээл нь хувь хүний гэм зэм, хүн чанар, харанхуй талыг илүү өгүүлээд байгаа нь илт мэдэгдэж байна.

Ярилцлагын үеэр Ж.Бодьбаатар “Кино надад аз жаргал, ямар нэг юм авчраагүй. Тэр бүхэнд дурлаагүй байсан бол би одоо илүү аз жаргалтай, илүү тодорхой, баталгаатай амьдралтай байх байсан биз. Кино, урлагт дурласнаар надад улам олон асуулт, эргэлзээ нэмэгдсэн. Асуулт эргэлзээ нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэж байна гэсэн үг” хэмээн хэлсэн нь одоо ч тархинд цуурайтах шиг...




Sunday, February 23, 2014

абсурд ба абсурд бус




Дотор ямар нэг хэсэг
Чулуужчих шиг
Чулуунаас эмтрэх шиг
Эсвэл
Дотор ямар нэг талст
... Хэмгүй болчих шиг
Хэмнэл алдчих шиг
Эсвэл
Дотор ямар нэг далай
Уур болон хөөрчих шиг
Хуурайшиж хатсан
Цөл болчих шиг
Бидний үнэн дүр
Энэ ч шиг.  /Д.Баярцэцэг /МУЭХ-ны гишүүн зураач/

Үзэгдэл 1
Түүнтэй уулзсан уулзалтыг А цэгээс Б цэг хүртэл хийсэн аялал гэе. Навчны тухай, навчны өнгөний тухай, салхины үнэрний тухай, салхи бол хөдөлгөөн болох тухай, нам гүмийн тухай хүүрнэсэн аялал. Яг тэр аялсан замаараа эргээд аялбал онц гойд зүйлгүй тийм ертөнц. Алдагдсан, мартагдсан цаг хугацаа руу өчнөөн баяртайгаар аялчихаад “одоо” цагт эргэн ирэхдээ хөндүүрлэсэн тийм мэдрэмж. Аялсан аялалаа нэхэн дурсахад яг тухайн цагт төрсөн сэтгэгдэл, дарамт, тайвшрал бодитоор, тэр цаг үеийнх шигээ мэдрэгдэх нь тийм их аз, бас тэр хэмжээгээрээ дарамт. Бид хүмүүсийг таньж мэдэх гэж адгадаг. Би ч гэсэн ялгаагүй ярилцаж буй, хамт аялсан хүнээ таньж мэдэхийг хүссэн. Энэ явцад түүний тухай бодсон бодлууд; үг, үйлдэл ч хувь хүний мөн чанарын тусгал биш, аз жаргалтай, хөгжилтэй харагдах байдлаар чухамдаа эмгэнэлтэй, гутранги, бүх юмсын өмнө хүчин мөхөстсөн жинхэнэ дүрээ нууж байдаг абсурд жүжгийн дүрүүдтэй тэр төсөөтэй, түүнийг таньж мэдэхийн тулд их цаг хугацаа хэрэгтэй юм шиг... Гэхдээ би түүнийг таньж мэдлээ гээд яах юм?! Түүний өөрийнх нь Тарковскийн тухай “Тийм гэх тэмдэггүй гүн эмзэг уг” хэмээн бичсэн тодотгол Тарковскийд биш Баярцэцэгт өөрт нь хамгийн оновчтой тохирох мэт. Бодит байдалтай тулгарснаар түүний тухай бодож олсон төсөөллөө нураан, дахин шинэ төсөөлөл бүтээн босгож өөрийгөө төөрөлдүүлэхгүй, зүгээр л түүний тухай юу ч бодохгүй, төсөөлөхгүй байсан нь дээр гэж тогтов. Тэр хэн ч биш. “Хэн ч биш” байх нь “Хэн нэгэн” байхаас хавьгүй дээр ч юм бил үү. А эсвэл Б, бүр Ц, цаашлаад Х-гийн мэддэг Баярцэцэг ч миний мэдэхээс огт өөр хүн нь мэдээж. Доорх ярилцлагыг уншсан уншигчийн төсөөлөх Баярцэцэг ч бас өөр нэг дүр... Юмыг таньж мэдэж дуусахгүйдээ ийн тэмдэглэж буй хэрэг биш, таньж мэдэх нь онцын ач холбогдолгүйд л тэр.


Үзэгдэл 2

“Улаанбаатарын гашуун утаа надад гунигтай өчигдөр шиг санагддаг” Д.Баярцэцэг

Дэмбэрэлийн Оюунномин Дүрслэх урлаг, зурах урлаг гэдэг чинийхээр зохиогчийн мэдрэмжийн тусгал уу, эсвэл тогтсон дэг жаягтай урлахуйн ухаан уу?

Дашдондовын Баярцэцэг Зурах урлагийн талаар ярихын тулд зураасны тухай ярих хэрэгтэй болно. Зураасны тухай ярих гэхээр зурааслал гэх зүйл рүү орчихно. Зурааслалын тухай ярихаар цэгийн тухай ойлголтод хүрнэ. Ерөнхийдөө бүтээл гэдэг бол цэвэр орчин. Тэр нь гадаад, дотоод аль нь ч байж болно.

Д.О. Зураг зурж байхдаа хөгжим сонсдог уу?

Д.Б. Янз бүр дээ. Нэг мэдэхэд миний хийж байгаа юмтай сонсож байгаа хөгжим зөрчилдөнө. Эсвэл би хийж байгаа юм руугаа гүн орох үед хөгжим илүүц чимээ авиа үүсгэх нь бий. Заримдаа нийлж аль алиных нь гүнд орохгүй, дунд нь зогсож байдаг юм.

Д.О. Бүтээлээ нэг өгүүлбэрээр тодорхойлбол?

Д.Б. Миний үй олон дүр.

Д.О. Өөрийнхөө энэ үй олон дүртэй нэг өрөөнд байх, хамт орших нь төвөгтэй биш үү?

Д.Б. Зурагнууд хөглөрөөд, агуулах газар байхгүй болох үед л шатаачихмаар болдог юм.

Д.О. Өнгөний тухай чиний ойлголт?

Д.Б. Өнгө уйлна, худлаа ярина, инээнэ, дуулна, хашгична, үсчинэ. Өнгө бол зан авир, араншин, үйл хөдлөл.

Д.О. Хамгийн их чимээтэй өнгө?

Д.Б. Улаан өнгө. Тэр чимээтэй гэхээсээ илүү хүчтэй өнгө.

Д.О. Өөрийгөө өнгөөр илэрхийл гэвэл?

Д.Б. Нэг хэсэг би ихэнхдээ цэнхэр өнгө давамгайлсан бүтээлүүд хийж байсан. Яагаад гээд бодохоор тэр үед би Пиккассод дурлаж байсан. Өнгийг хүмүүс өмчилж, хувьчилж авах нь надад гэнэт утгагүй санагдсан, огт таалагдаагүй. Тэгээд л би хар, цагаан өнгөөр уран бүтээлээ хийх болсон. Миний гүнийн гүн дэх өнгө бол хар, цагаан, саарал юм байна гэдгийг мэдсэн. Үүнийгээ мэдэхээс өмнө би зүгээр л өнгөн дунд төөрөлдөж явсан юм шиг. Би бол тунгалаг. Тунгалаг гэдэг нь харагддаггүй тийм өнгө. Магадгүй өнгө биш, гэхдээ өнгө. Нар өөд зовхио хагас аниад харахаар сормуусны үзүүрт дугуй дугуй дүрс үзэгддэг дээ. Сайн харвал тэр нь хувирдаг, олон өнгө давхцах тэр л тунгалаг өнгө.

Д.О. Үзэгч бүтээлээс чинь юу мэдэрч, олж харж байгаа нь хэр чухал вэ?

Д.Б. Мэдээж чухал. Үзэгч юу мэдэрч, харж байгааг мэдэх амархан бас энгийн. Үзэсгэлэнгийн үеэр санал хүсэлтийн дэвтэр дээр юу бичсэнийг уншаад л мэдчихнэ. Ер нь тэгээд миний бүтээлийн тухай дэлгэж ярьдаг хүн цөөхөн. Монголд энэ тухай бичдэг, нийтэлдэг, урлаг судлалын жинхэнэ мэргэжлийн шүүмж одоогоор алга. Энэ утгаараа монголын урлаг эмх замбараагүй байдалд байна. Үе тэнгийн зураачид маань надад “Чи өөрийгөө олчихжээ” гэж их хэлдэг. Энэ гэхдээ бүтээл туурвих тухайд шүү. Тэр үед нь би өөрөөсөө зугтмаар болдог. Учир нь, энэ чинь яг л нуугдаж тоглохтой адилхан. Тоглоомын үед эрж байгаа хүүхэд нь амархан олохыг биш, эрэл хайгуул хийхийг илүү хүснэ, нуугдаж байгаа хүүхэд ч амархан олдчихвол урамгүй байдагтай адил юм.

Д.О. Бүтээл туурвих сэдэл, санаагүй болох үе бий юу?

Д.Б. Тийм үе байхгүй. Харин ч санаа ихдээд хахаж цацаад хаягдах үе их. Өөрөөс минь олон янзын зүйл гарч байгаа нь сонирхолтой. Яг л зургийн цомог шиг. Яах вэ, хааяа залхуурах үе бий.

Д.О. Камю, Сартр, Бэккет, өөр бусдын бүтээлийг унших нь бидний оюун ухаанд тийм хэрэгцээтэй зүйл үү. Уншигч өөртөө тавьсан асуултынхаа хариуг л уншиж буй зүйлээсээ хайдаг. Хайгаад байгаа хариултаа өөрийнхөө дотор бясалгах нь хангалттай юм шиг...

Д.Б. Уншихгүй бол үхчих байх. Унших бол дадах явц. Ном уншсаны дараа сэтгэл зүрхэнд ирдэг мэдрэмж болгон хоорондоо адилгүй. Би Достоевскийн “Гэм зэм”-ийг уншихдаа бартаат зам дээр гүйж байгаа юм шиг аахилж уухилсан, дайрсан, чичирсэн сэтгэл зүйгээр уншиж дуусгаж байсан юм. Муухайгаар бол “шүлэнгэтэж”, арай өөр утгаар “донтож” гэх юм уу удаа. Надад их тайван уншиж байгаа зохиол бий. Кафкагийн “Шүүх ажиллагаа” зохиолыг би ойролцоогоор хоёр жил уншиж байна. Тэр зохиолыг хэзээ уншиж дуусах бол гэхээс би айж байна.

Д.О. Олонх хүн нийгмийг өөрийнх нь дотоод ертөнц рүү халдаж байна гэх. Харин чиний хувьд нийгэм гэж юу болох, энэ нь чамд дарамт өгч байгаа эсэх тухай?

Д.Б. Нийгмээс ирэх тайван бус байдлыг тухайн хувь хүн хэрхэн хүлээж авахаас л болно. Тайван, амар амгалан гэгч нь хүний сэтгэлд л байдаг. Түүнд ямар ч гадны нөлөө үгүй. Надад бол гайхаш тасрах үе л байдаг. Өөрийнхөө хаана байгааг мэдэхгүй байна гэдэг зөрчил үү? Би ер нь өөрийгөө хаана байна даа гэж их л бодож байна. Гэхдээ энэ зөрчил гэхэд бас зөрчил биш. Хэрэв зөрчил байгаа бол тэр нь ухамсарт л байгаа. Нийгмийн зөрчлийг дарамт болгож хүлээж аваад л байвал би зөрчилдөөд байна. Тэр болгоныг дарамт гэж бодоод дарамтлуулаад яваад байх нь тэгэг л дээ. Юу зөрчил вэ, юу зөрчил биш вэ гэдгийг л ухамсарлах хэрэгтэй. Оршуулъя гэвэл хэнийг ч дотроо оршуулж, нойрсуулж, бий болгож, бас агуулж болно. Хэрэв би тэгж бодохыг хүсэх юм бол миний дотор зохиол ч оршиж байж магад. Өөрийнхөө дотор руу живж байна. Гэхдээ ерөөсөө амь авраарай гэж орилохгүй байна. Өөрийгөө ахиад улам гүн рүү нь живүүлээд үзмээр байна. Дотоод сэтгэлдээ би жингүйднэ, хөвнө, ниснэ, заримдаа бүр өндрийн өндрөөс газарт унаж бяц үсэрнэ. Бодохгүй юм гэж алга, бодлоо дуусгаж байж л үхэх байх. Бүгд зэрэгцэн байгаа энэ орчинд сонголт хамгийн чухал зүйл. Гудамжинд хэн нэгнийг хүлээгээд сууж байхдаа тэнд хоёр хүн зодолдож байгааг, машины дуу чимээг сонсох уу, эсвэл салхины, навчны чимээг сонсох уу гэдэг хувь хүний л сонголт. Гэхдээ анхнаасаа өгөгдсөн байсан зүйлийг хүн өөрөө ойлгох юм бол, юунд шунаж тэмүүлж байна гэдгээ ялгаж салгах юм бол юу ч хэцүү биш байх.

Д.О. Үхлийн тухай чиний ойлголт?

Д.Б. Эргээд л юуг амьдрал, юуг үхэл гэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Унтаж байгаа сэрүүн байгаа хоёрыг ялгах их хэцүүтэй адил. Яг одоо унтаж байна уу, үгүй юу гэдгийг хөндлөнгөөс л харж болдог. Бодит гээд хэлчихээр энэ их хийсвэр ойлголт, хийсвэр ойлголтын тухай ярихаар зүүдээ санана гэсэн үг. Алийг нь зүүд, алийг нь амьдрал гэж ойлгох нь тухайн хүний л сонголт. Гурван жилийн өмнө зүүдэлсэн зүүд хожим амьдрал дээр давтагдах нь бий. Тэгэхээр зүүд бол давтамж, явц. Түүнтэй адил үхэл ганцхан биш. Байгаль дээр олон үхэл, олон амьдрал, олон давтамж бий. Мартана гэдэг хамгийн сайн өшөө авалт гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Харин ч мартана гэдэг хамгийн том аз.  “Амаа хамхиж сурсан цагт хүн жинхэнээсээ амьдарч эхэлдэг” гэсэн латин зүйр үг байдаг. Би энэ үгийг үргэлж боддог ч тэгж чадахгүй яг одоо чамтай яриад л сууж байна. Тэгэхээр би яг одоо амьдарч байна уу, эсвэл үхчихсэн байна уу гэхээр бас л эргэлзээтэй асуудал. Гэснээс... бид их сонин цаг үед амьдарч байгаа юм шиг. Харилцаа холбоо, мэдээлэлд тулгуурласан, романтик утгаа гээсэн үе. Заавал харилцахгүйгээр, зүгээр л хийсэн зүйлийг нь хараад уулзахгүй, ярилцахгүй ойлголцож болно шүү дээ.

Д.О. Харилцаа холбоо хувьсаж байгаа ч гэсэн анхдагч утгаараа байсаар буй зүйлсүүд бий шүү дээ...

Д.Б. Хүн төрөлхтөн оршин байгаа цагт байж л байх сонгодог ойлголтууд бий. Гэхдээ тэр нь цаг үеэсээ шалтгаалаад илрэх хэлбэр нь өөр өөр. Амьдралд мөнхийн сэдэв, мөнхийн асуудлууд нэг их биш дээ. Түүний нэг нь хайр.

Д.О. Хүүхэд насны чинь хамгийн онцгой, сайхан дурсамж?

Д.Б. Аавтайгаа орой бүр сарыг дуранддаг байсан үе. Өглөө бүр аав пянз тоглуулагчаар дуу тоглуулж намайг сэрээдэг байсан. Дууны чимээ шууд биш аажмаар, намуухнаар чихэнд хүрээд сэрнэ. Хэзээ ч намайг нэрээр дуудаж юм уу, эсвэл надад хүрч сэрээдэггүй байсан юм. Одоо бол би цочиж сэрж байна. Хөгжмөөр сэрэх тэр мэдрэмж л хамгийн сайхан дурсамж юм даа. Бас нэг удаа аавтай хөдөө яваад. Тэгэхдээ машины ачаан дээр зулсан эсгийн дээр дээшээ харж хэвтээд тэнгэрийн заадсыг шөнөжин харж явсан юм. Тухайн үед би тэнгэрийн заадас хөдлөөд байна гэж бодож, гайхширч байсан болохоос машин явж байгаа тухай огт бодоогүй. Тэнгэр л хөдлөөд, эргэлдээд байна гэж бодож байж.

Д.О. Эмэгтэй хүн бүрийн дотор өөрийгөө үргэлж жаахан охин гэж боддог нэг дүр байдаг юм шиг. Харин чиний тэр охин чамд зовиур төрүүлж байна уу, эсвэл тэр анхнаасаа л байгаагүй юу?

Д.Б. Энэ чинь л хүний, ялангуяа эмэгтэй хүний хамгийн том зөрчил юм шиг. Би багадаа Брюс Лигийн тоглосон кинонд их дуртай байсан. Тухайн үед тулааны урлаг их таалагддаг байсан л даа. Тэгээд өөртөө нэг дүрэм тогтоосон юм. Тэр нь өдөр бүр дасгал хийгээд тоосго хагалж чадвал би эрэгтэй хүн болно, хэрэв чадахгүй бол эмэгтэй хүн байна гэсэн сонголт. Ингээд л кинон дээрээс харсан зүйлээ өдөр бүр хийдэг болов. Гэвч би тэр тоосгыг хагалж чадахгүй гэдгээ удалгүй ухамсарлаж эхэлсэн. Тэгэхээр би эмэгтэй хүн гэсэн үг. Тиймээс төөрөлдөх юм алга. Эмэгтэй хүн байна гэдэг нь эмэгтэй хүнийг “мэднэ”, эрэгтэй хүнийг мэдэрнэ гэсэн үг. Заримдаа ямар ч хүйсний тухай бодоогүй үе ч бий. Нийгэм надаас эмэгтэй хүн байхыг шаардана. Тэр зөрчлөө дотроо хадгалаад, өөрийнхөө байгаагаар юманд хандахаар эсэргүү болно, ажилд тэнцэхгүй, эсвэл халагдаад эргээд эмээ өвөөгийн охин, жижигхэн дүүгийнхээ эгч болчихдог. Өөртөө хэл ам, гомдол тарихгүй өөрийнхөөрөө баймаар байна. Жишээ нь, энгийн зүйл дээр ярихад би хумсны будаг арилчихлаа гэж янзлаад л, эсвэл миний энэ тэр ингэчихлээ гээд байхыг хүсэхгүй байна. Байвал байгаад, болвол болоод л, болохгүй бол тэр л биз. Ингэснээр өөрийнхөө аяыг дагах болж байгаа ч, энд гэхдээ нэг тэмцэл явагддаг. Урьд насны үйлийн үр гэдэг юманд би итгэдэг болоод байгаа. Надаас шалтгаалахгүйгээр шийдэгддэг тохиолдлууд бий. Зүв зүгээр урландаа сууж байгаад хэргийн эзэн болчихсон л явна. Надаас шалтгаалахгүй зүйл байх юм бол тэр нь үйлийн үр юм байна гэж боддог болсон. Нэг талаар би шалтаг тоочиж, өөрийнхөө толгойг илээд байгаа боловч энэ нь заримдаа миний хувьд хамгийн тэвчишгүй зүйл болчих юм.

Д.О. Үргэлж л тохиодог ч шинэ юм шиг, анх удаа учирч байгаа юм шиг цочроодог зүйл бий юу?

Д.Б. Байгалийн онцгой үзэгдэл намайг үргэлж цочроодог.

Д.О. Хүний хамгийн хүчирхэг өгөгдөл, мөн чанар?

Д.Б. Болж байгаа бүхнийг, байгаагаа яг бодитойгоор мэдэрч чадаж байвал тэр нь хүчтэйн шинж байх. Хоёр туйлын хооронд оршин байх гэсэн санаа юм. Хараас цагаан, гэрлээс сүүдэрт шилжих тэр заагт юмс оршиж байдгийг олж харах л юм.

Д.О. Чи бүгдийг байгаагаар нь мэдэрч чадаж байна уу ?

Д.Б. Шийдвэрт хүрч чадах, чадахгүй хоёрын дунд байгаа нь намайг эгдүүцүүлж, намайг хэрчиж хаяж байна. Хүн гэдэг махан биенд төрчихсөн хойно янз бүрийн л зүйл бодогдоно, тохиолдоно. Тархи зогсолтгүй ажиллаад, бодоод байна гэдэг нь миний хувьд хамгийн тэвчишгүй зүйл. Гэхдээ “Амьдралд цөхрөхгүйгээр түүнийг хайрлаж болдоггүй” гэсэн үг бий. Цөхрөл, гансрал, гуниг гээд амьдралд байдаг бүхий л дуу чимээг сонсож, тэндээс чамд ямар сэтгэгдэл төрж байгааг мэдрэхгүйгээр дуусах амьдрал гэж үгүй байх. Хүн өөрийгөө уншихдаа хамгийн удаан байдаг юм шиг. Нэг ёсондоо үхтлээ амьдарч байж л уншиж дуусдаг.

Д.О. Баярцэцэг өөрийгөө бүтээж байна уу, эсвэл олох гэж эрэл хайгуул хийж байна уу?

Д.Б. Гээх гэж.□





Sunday, February 16, 2014

Чичилт нь цохилтоос хүчтэй

“Хүн туулай хоёр өөр үхлээр үхдэг гэдэг худал. Гагцхүү байлдааны талбарт баатарлагаар амь үрэгдэж буй цэрэг эрс л туулайнаас өөрөөр үхэх эрхтэй. Бусад нь бултаараа яг туулай шиг үхдэг юм” Кэнзабүри Оэ



Хэрэв хэн нэгэн чамайг доромжилж, сул доройг чинь мэдрүүлсэн бол түүнээс өшөөгөө заавал авах хэрэгтэй. Энэ нь, тэдэнд сул дорой харагдаж байгаагаа үзэн ядалтаар давж гарахын нэр. Дотор чинь байж ядан буцлах өшөө авалтын сэтгэл гэгч нь нүгэл огт биш, ердөө л бидний төрөлх араншин. Энэ бодлоосоо бид огт ичиж эмээх явдалгүй, хүн ёсны хувьд ердийн л нэг өгөгдөл. Гэхдээ үүнээс ч илүү зүйл бий. Хэрэв хэн нэгэн харийн хүн улс үндэстнийг чинь доромжилж, ялж, уландаа гишгэсэн бол чи өнөө л өшөө хорсол, үзэн ядалтаа  тултал нь мэдэрч, өөрийгөө дүүргэх ёстой. Үйлдэл чинь тэдний эсрэг биш ч гэлээ сэтгэл зүрх, оюун бодолдоо үхэн үхтлээ үзэн ядах нь л чиний хийж буй хамгийн хүчтэй дайн. Сул доройг чинь мэдрүүлсэн хүмүүс чиний үзэн ядалт, өөрийгөө давж гарсан тэмцлийн чинь өмнө бууж өгөх л болно. Гагцхүү үзэн ядалт, дотоод сэтгэлийн чинь тэмцэл төгсвөл энэ жинхэнэ ялагдал, дайны талбарт гутамшигтайгаар “цагаан туг” өргөж буй явдал юм.
Амттай, таатай, гэхдээ дотор жиндэм ийм үзэл бодолтой хүмүүс японы нэрт зохиолч Кэнзабүри Оэгийн зохиолд амьдардаг. Эсвэл хүн төрөлхтөн ийм л байх учиртайг Оэ зохиолоороо харуулсан мэт. 1935 оны нэгдүгээр сарын 31-нд Японы Сикоку аралд мэндэлсэн Кэнзобүри Оэ өнөө цагт эсэн мэнд амьдарч буй хамгийн хүндтэй зохиолчдын нэг яах аргагүй мөн билээ. Өдгөө Токио хотод амьдарч, уран бүтээлээ туурвисаар буй түүний эхнэр японы нэрт найруулагч Юдзо Итамигийн төрсөн эгч. Харин тэдний дундаас мэндэлсэн хүү Хикари нь хөгжмийн зохиолч. Оэ урлагийн гэр бүлд өсч, 18 настайгаасаа утга зохиолд зүрх сэтгэлээ зориулжээ. Дунд сургуулиа хаяж, хожим дэлхийн утга зохиолын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөнийхөө дараа “Америкчууд бол хүн биш ад зэтгэр, араатан хэмээн сургадаг байсан багш маань гэнэт эсрэг зүйл ярих болсонд л байв” хэмээн сургуулиа орхисон шалтгаанаа тайлбарласан удаатай. Түүний ихэнх зохиолын гол үйл явдал дэлхийн II дайны дараах Япон оронд өрнөх бөгөөд дүрүүд нь ч мөн дайны үед амьдарч, дайны дараах он жилүүдэд улс үндэстнийхээ мөхөх сэхэхийг шийднэ. Оэ зохиолынхоо гол баатраар ихэвчлэн залуус, хүүхдүүдийг сонгодог. Уламжлалаас эрс татгалзсан шинэ үеийн япон залуус, эсвэл эзэн хааныхаа сүр хүч, энэ үндэстний хойч үе гэдгээ яс махандаа шингэтэл ойлгосон балчир жаалуудын гайхалтай бодрол, нас биед хүрсэн хүний санаанд багтамгүй юмсын тухай ойлголт, ертөнцийг үзэх үзлээр тэрбээр зохиол бүтээлээ амилуулдаг юм. Түүний зохиолын дүрүүд хүний нүдэнд шууд өртөхөөргүй “сул дорой”, “хүчгүй” гэх тодорхойлолтод багтах хүмүүс. Гэхдээ тийм хүн л хэний ч төсөөлөмгүй шуургыг сэтгэл дотроо дэгдээж байдаг хойно. Тиймээс тэдгээр дүрүүд бол “хүчтэй” байх гэх ойлголтыг жинхэнэ ёсоор мэдэрдэг, бүтээдэг хүмүүс.
“Хожимдсон залуус” буюу англи хэлнээ “Цэцэг тасдсан залуусыг бууд” нэртэйгээр орчуулагдсан хамгийн алдартай романдаа тэрбээр дэлхийн II дайн хүн төрөлхтөнд уй гуниг авчрахаасаа илүүтэй хүн төрөлхтний оюун санаанд өөрчлөлт хийснийг хурцаар харуулсан билээ. Гэрэл гэгээтэй хэмээн итгэдэг байсан ертөнц, хүмүүс хэчнээн муу муухай болохыг дайны дараа ойлгосон хүмүүс зүрхэндээ юу тээж үлдсэнийг л Оэ зохиол бүтээлийнхээ гол санаа болгон өгүүлсэн байдаг. Дайны дараах тарчиг амьдрал, их бүтээн байгуулалт зэрэг хаа сайгүй бичигддэг зүйлсийг биш, япон үндэстний сэтгэлгээний онцлогийг харуулдагт л Оэгийн бичлэгийн ур ухаан, нарийн тансаг хэлхээ, агуулгын үнэ цэнэ оршдог. Романы гол дүр хүүхэд байхаасаа дайнд явахыг мөрөөдсөн нэгэн байсан ч төд удалгүй дайн дуусч, тэрбээр эзэн хааныхаа ялагдлыг насан туршдаа буруутгадаг. Гэхдээ гол баатрын дайнд явах хүсэл нь мөрөөдөл, эр зориг гэхээсээ илүү эзэн хааныхаа төлөө хийхийг хүссэн баатарлаг үйлс. Дайн дууссанд итгэж чадахгүй, дайнд оролцож чадалгүй ард нь үлдсэндээ насан туршдаа шаналж яваа нэгэн. Тэрбээр эзэн хааныг нь сул дорой байдалд хүргэсэн америкчуудыг үзэн ядаж, түүний ялагдалд дайнд оролцож чадаагүй өөрөө буруутай мэтээр эмзэглэж, эзэн хаанаа ялагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь л жинхэнэ ялагдал хэмээн бодно. Зохиолын турш гол дүрийн залуугийн нэр үл гарах бөгөөд энэ нь зохиолын баатар зөвхөн К, эсвэл Ю ч биш, нийт япон залуусыг төлөөлж буй дүр гэсэн санаа байв. Манайд 1981 онд “Хожимдсон залуус” нэртэйгээр хэвлэгдсэн тус роман японы уламжлалт бичлэгийн арга ухааныг нэвт шингээсэн ч уламжлалт дүрслэл, агуулгын хэлбэрээс эрс татгалзсан бүтээл юм. Оэг бичлэгийн арга барилаар нь барууныхан контемпорари уран бүтээлч гэж дүгнэдэг ч нутаг нэгтнүүд нь японы сонгодог зохиолын өнгө аясыг хадгалж ирсэн гэж үздэг. Энэ тухайд Оэ “Би үргэлж эх орон, нийгмийн тухай бичихийг хүсдэг байсан. Гэхдээ Японы сонгодог зохиол болон бидний хооронд дэндүү их ялгаа байна” хэмээн өгүүлжээ. Тэрбээр экзистенциалист философийг ихэд сонирхдог байсан төдийгүй баруун Европоор аялан, зохиолч Жан Поль Сартртай уулзахын тулд Франц орныг зорьж байжээ. Түүний бүтээлийг Алберт Камюгийн бүтээлтэй адилтгах нь ч бий. Оэ барууны утга зохиолыг судлан өөрийн бүтээлд тусгаж өгсөн нь дорнын уянгалаг зүйрлэл гэхээсээ илүү дүрийн бодрол, дотоод сэтгэлийн зөрчил, хувь хүн гадны нөлөөнд хавчигдавч түүнийг давж гарахын тулд чимээгүй хийж буй тэмцэл, мэдрэмж зэргээр зохиол бүтээлээ зангидаж өгсөн юм. Олон дүр, үйл явдлуудаар зохиолынхоо гол санааг илэрхийлэхээс тэр татгалзаж, гол дүрээ цөм болгон, түүнийг хүрээлэн буй бүхэн түүнд хэрхэн нөлөөлж буйг зохиолынхоо өрнөл, өгүүлэгдэхүүн болгосон байдаг. “Япончууд онол, бодит байдал хоёрын хоорондын холбоог алдчихсан. Миний бодлоор, утга зохиолын үнэ цэнэ, үүрэг энэхүү холбоог үүсгэхэд оршдог. Мөн хэзээ ч ёс суртахууны чухлыг мартаж болохгүй” хэмээжээ.  Оэгийн зохиолын өрнөл зөрчил мэт санагдана. Хэт их мэдрэмж нь агшин зуурын хамгийн худал зүйл ч гэлээ тэрхүү мэдрэмж л хүнийг хөдөлгөх хүчин зүйл юм гэж тэр авч үздэг. Өрөвч сэтгэл ч гэсэн чухамдаа нялуун зан гэж боддог Оэгийн зохиолын дүрүүд үнэн зүрхнээсээ жигшин харааж зүхмээр агаад үүнийхээ зэрэгцээ басхүү хайрламаар, сэтгэлд ойр төдийгүй бидний байх ёстой хэм хэмжүүрийг тэд ямар нэгэн байдлаар дотроо шингээсэн байдаг. Ерөөсөө Оэгийн ертөнцөд хамгийн эрүүл ухаантай хүмүүс амьдарч, хүн төрөлхтний алдаж орхигдуулж болохгүй ганц зүйл бол араатанлаг чанар гэдгийг ойлгуулна. Муу бодлыг хорьж, минийх биш гэж үгүйсгэхийн хэрээр зөвхөн бодол төдий байсан зүйл нь үйлдэл болж, илүү их хор хөнөөл учруулдаг учраас өөрт төрж буй бодол, хүсэл тачаалыг буруутган хорих биш, харин ойлгож танихын тулд хорихгүй байх нь л чухал гэдгийг түүний зохиол ухааруулж ойлгуулна. Оэгийн зохиолууд уншигчаа хэн нэгний хүйтэн хурц харцанд хордохуйц эмзэг хэрнээ амь тавьж буй хүний нүд рүү цоо ширтээд ямар ч зовнилгүйгээр хагацаж чадах хатуу нэгэн болгоно. Үгүй, ерөөсөө л тийм нэгэн байсныг нь сэрээж өгдөг биз. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хэцүү ч хүлээн зөвшөөрөгдсөний дараа тэрхүү нэр хүндийг үргэлжлүүлэн авч үлдэх нь бүр ч төвөгтэй зүйл болохыг Оэгийн зохиолоос олж мэднэ. Түүний ертөнц уншигчдадаа өөрийнхөөрөө байх, эрч чөлөөтэй байх боломжийг өгдөг ч төдий хэрээр амьсгалаа боогдуулах дарамтад унагадаг. Өвдсөндөө тэндээс гарахыг хүссэн ч өөрийнх нь байх л учиртай газар болохыг ойлгомогц үнэндээ өвдөлт гэж боддог байсан зүйл нь цохилт ч биш, ердөө чичилт төдий байсныг олж мэдэх. Эсвэл бүр гаднаас ирдэг чичилт цохилтоос хүчтэй болохыг ч бас мэдэрнэ. Оэгийн “Гэнэтийн хэлгүйрэл”, “Адгуус тэжээсэн нь” зэрэг зохиолын адгийн хог шаар мэт дүрүүд цаанаа л нэг дотно, амьсгал давхцуулам, зүрхний хэмнэл алдагдуулам... Түүний бас нэг чухаг бүтээл бол 1964 онд хэвлүүлсэн “Хувийн хэрэг” хэмээх зохиол юм. Үхэл, төгсгөл, сексийн тухай төсөөллөөр дүүрэн уг зохиолын гол дүрийг утга зохиолынхон Оэ өөрөө гэж үзэх нь ч бий. Оэ бол галзуурал, мартагдсан мэдрэмжийг сэрээгч, ахиад хэзээ ч тохиохгүй, хаанаас ч олж нээхгүй тийм нэгэн бодгаль. Түүний зохиол бүтээлээс юмс үнэндээ бидний бодлын хүчинд захирагдан утгаа өөрчилдгийг танин мэдэх нь гэгээрэл гэлтэй. Оэгийн зохиолууд урьд өмнө нь бидний хийсэн гаргалгааг зөвхөн өөрчлөх биш, бүрмөсөн “алчихдаг”. Тэгээд нэн шинэ бодрол, эргэцүүлэл төрүүлнэ. Гэхдээ энэ нь өвдөлт мэдрүүлэхгүй “зөөлөн” аллага байх болно. Түүний нэгэн зохиолын дүр бяцхан хүү эцгийгээ нас барсны дараа “Тэр одоо өвс ургамлын үндэс, өт хорхойн хатсан хүүр, хөрсний усанд угаагдах хүйтэн сайр чулуутай холилдон газар дор хэвтэж байгаа” хэмээн үхэгсдийн тухай хамгийн эрүүлээр, бодитойгоор бодно. Олонх хүний үхлийн тухай төсөөлөл нь там, диваажин гэх мэт хий хоосон зэрэглээ байдаг. Араас нь гашуудан буй олны уй гуниг, харууслыг ч мэдрэхгүй үхэгсэд ердөө л газрын хэвлий дор амьгүй биеийнхээ шимийг хуваалцан байгаа гэж үлдсэн нь бодох л хамгийн эрүүл ухаанд суралцаж буй явдал. Зүрх зогсож, бие цогцос газрын хэвлийд булшлагдахыг л зөвхөн үхэл гэх биш, үхлээс ч илүү үхэл бол хагацал. Оэгийн зохиол дахь хагацлын дараах үхэлд тэврүүлчихсэн мэт амьдрал, өрөөл бусдад ойлгуулж боломгүй тийм нэг шаналал нь хувь хүнд өөрийн гэсэн өмчлөх, бусдаас хараат бусаар эдлэх зүйл байдаг гэх таашаалыг төрүүлж буй тухай олонтоо өгүүлдэг. Тэрбээр зохиолоороо зөвхөн мэдрэмж л гагц бидний өөртөө хамааруулж болох, өрөөлд хүртээлгүй, хүртээх ч боломжгүй хувь хүний өмч гэдгийг, өөр бүх зүйл ерөөсөө биднийх биш гэсэн санаа дэвшүүлсэн. Оэг бага байхад эх нь нас барж, “Би ээжийнхээ үхлийн дараа энэ хорвоод юу ч минийх биш байдгийг хүчтэй мэдэрсэн. Бүх юм сарниж үгүй болно. Гагцхүү ганцаардал, гэнэтийн үхлийн дараах шаналал л минийх байлаа” хэмээн дурссан байдаг. 
Бүх юм зуурдынх бөгөөд сарниж үгүй болно. Гэхдээ энэ зуурдын үзэгдэл гэгч нь ертөнцийн мөнхийн зүй тогтол юм. Тэгэхээр бүх юм зуурдын, мөнхийн гэх хоёр ойлголтыг өөртөө шингээсэн аж.