Monday, April 21, 2014

Цаглашгүй

Зуны өдрийн хурц наран хэвийх үед сая л нэг өвлийг, хүйтнийг хүсэмжлэх бодлоосоо ангижирч, хотын төвд орших хэрнээ хамгийн нам гүм, дотно санагддаг рестораныхоо дэлгэмэл цонхны цаана түүнтэйгээ дарс шимэн суухуйд энэ бүхэн эхэлсэн юм. “Дарсыг зөвхөн хундаганаас л уух ёстой. Хэрэв зээ өөр ямар нэгэн аяга, зориулалтын бус хундаганд уувал тэр хүн хамгийн чухал зүйлийг насан туршдаа хэзээ ч ойлгохгүй” гэсэн түүний үгс галт тэрэг хөдөлгөсөн юм. “Хүнийг араатан амьтнаас дээгүүр төрөлд аваачдаг нь оюун ухаан. Амьдралын хэв маягаа улам төгөлдөр, үзэсгэлэнтэй болгож буй хүний урлагийн мэдрэмжээр тэрхүү оюун ухаан илэрдэг” хэмээн үргэлжлүүлэх. Энэ яриа эцэстээ ахуй амьдралын юмс бүхэнд, хэрэглээ бүрт урлагийн өчүүхэн ч гэсэн дусал шингэж гэмээнэ түүнээс мэдрэх таашаал хүмүүний амьдралыг төгс төгөлдөр болгож, хүнийг араатнаас дээгүүр төрөл болохыг илэрхийлдэг гэхчлэн өргөжих нь тэр. Нүүдлийн соёлтой бидний ахуй, өдөр тутмын амьдралд тэрхүү урлаг ба амьдрал гэсэн нэгдмэл хэв маяг үнэндээ ховор. Харин юунаас тэр бүхнийг мэдэрч болох вэ? Хүссэн хүсээгүй хотожсон, иргэншсэн нийгэмд амьдарч, түүн дээр тулгуурласан хөгжлийг бүтээж буй бид алхам тутамдаа тэрхүү урлагаас мэдрэх таашаалыг эд юмс, идэж уух зүйлс, үйл хөдлөл, алхаж буй гудамж, амьдарч буй гэр, хэрэглэж буй хүнснээсээ хэрхэн хүртэх вэ? Хундаганаас үүдэлтэй эл яриа  миний дотор байсан нэгэн очийг асааж, тэрхүү оч гэрэлтэгч ширхэг бүрийнхээ тоогоор асуулт болон хувирч, харин хариултыг олохын тулд би гэнэт л аялахаар шийдсэн юм. Гэвч хаашаа? Орчин үеийн урлагийн шавыг тавьсан, өдгөө ч тэр л мөн чанараа хадгалсаар буй Итали орноос асуултынхаа хариултыг олохоор, буй бүхнийг нь оюун бодол, бие, сэтгэлээрээ мэдрэхээр аялсан билээ. Аялал гэгч нь хэн хамгийн олон улс оронд очсоноороо гайхуулах, эсвэл аз жаргалтай байгаа зургаа олон нийтийн сүлжээнд оруулж бусдыг атаархуулах гэсэн хандлагаар илэрдэг зүйл биш, харин зөвхөн өөртөө олон зүйлийг нээж, нүдээ улам уужим нээхэд тусалдаг өдөөлт гэж би боддог болсон. Ямар нэгэн зүйлийг хүн өөрийн биеэр үзэж танилцах нь хэдэн мянган ном унших, олон арван кино үзэхтэй харьцуулшгүй үнэ цэнтэй. Аливаа хотын барилга газар нутгийнхаа байршил, цаг уур, ахуй амьдралтай нарийн холбогдсон, улс үндэстнийхээ бүхий л мөн чанарыг тусгасан, ямар ч худал үгүй толь байдгийг би италийн барилга, архитектурын төгс шийдлийг илүү тод харуулах Тоскан мужаас ойлгосон юм. Италийн төв хэсэгт орших уг муж унаж буй цамхаг, дэлхийн соёлын үнэт өвд бүртгэгдсэн олон барилга, хот, тосгод, байгууламжаараа алдартай, энэ л мужийн хүмүүс “Би Тосканых” гэж хэлэхдээ бахархлын оч нүднээсээ цацруулдаг. Бүр Тосканы тэр хот, тэр тосгоны, яг тэр гудамжных гэцгээнэ. Энд дэлхий нийтийн даяаршил буй ч хотын ерөнхий уур амьсгал өнө эртний тэр л янзаараа эрхэмсэг оршино. Тоскан муж нь хот, байгууламжаараа алдартайн зэрэгцээ үзэсгэлэнт байгальтайг мартаж болохгүй. Үзэсгэлэнт уулсын дундах, үлгэрийн мэт үүлсийн доорх мөнхийн хотууд... Байгаль дэлхийгээ яг тэр чигээр нь мөнхлөн, байгальдаа зохицуулан соёл иргэншилт хотыг цогцлоож болдгийн тод томруун жишээ. Мужийн нийслэл нь агуу яруу найрагч Дантегийн нутаг Флоренц хот. Флоренц хот дахь The Uffizi галерейгаас дэлхийн урлагийн түүхийн алтан үе буюу XII-XVII зууныг тольдож болно. Botticelli, Giotto, Cimabue, Michelangelo, Leonardo da VinciRaffaello гээд италийн төдийгүй дэлхийн урлагийн түүхэн дэх сод хүмүүсийн бүтээл энд бий. Галерейд хадгалагдаж буй үзмэрүүд танд сэтгэгдэл төрүүлэх, эс төрүүлэх нь хамгийн чухал асуудал биш. Гагцхүү хэдэн мянганы туршид хүн төрөлхтний оюуны сор бүтээл гэгдэж буй тэдгээр бүтээлийг өөрийн нүдээр харна гэдэгт л хамаг утга учир оршино. The Uffizi галерейн сан хөмрөг дэх үзвэрүүдээс гадна галерей өөрөө урлагийн бүтээл. Галерейд оролгүй холоос ажиглан зогсох нь ч уран зураг үзэж буй мэт мэдрэмж төрүүлнэ. Ер нь ямар ч зүйлийн гадаад төрх дотоод агуулгаасаа дутахааргүй бүтээгдэж байж л сая нэг төгс болдог биз ээ. 1560-1581 он хүртэл барьж байгуулсан гээд бодохоор уг барилга өөрөө урлагийн бүтээл, соёлын үнэт өв гэдэгтэй маргах аргагүй. Ер нь италийн энгийн нэг айлаар зочлоод “Ямар сайхан барилга вэ” хэмээн дуу алдахад өөдөөс “400 жилийн өмнө баригдсан юм” гэж гайхуулна. Италичууд өөрсдийн мөн чанарыг гээлгүй, улс үндэстнээрээ бахархаж, ямагт сэтгэл хангалуун байдгийн нууц нь энэ ч байж мэдэх. Тэдний хувьд бахархал, нөгөөтээгүүр энгийн л зүйл мэт энэ хариулт надад бол асар эртний санагдана. Суурин соёл иргэншлийн давуу тал нь агуу их түүх соёлын биет өв үлдээдэгт л оршдог мэт. Түүх, соёлоо зөвхөн музейд буй үзмэрээс биш, алхаж буй гудамж, амьдарч буй гэр орноосоо мэдэрнэ гэдэг атаархмаар сайхан зүйл биш гэж үү?! Хот байгуулалтыг дөнгөж эхэлж байгаа бидний хувьд тэднээс суралцах зүйл асар их. Тосканы бас нэгэн гайхамшиг бол хоол.  Италийн муж бүрийн хэлний аялга өөр байдагчлан хоолных нь орц найрлага, амт ч мөн тийм. Надад бол хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэй тэдгээрийн зохицол, идэж буй бүхнээ дэс дараалалтайгаар, тайвнаар, нарийн амтлан идэх соёл нь таалагдсан. Том хотуудын кафенууд өглөө бүр халуун яриа өрнүүлсэн үйлчлүүлэгчдээр дүүрэн. Аль ч цагийн хоолондоо харамгүй цаг гаргах энэ хотын хүмүүс юунд ч яардаггүй, үйл хөдлөл бүрээсээ таашаал авч, өөрийнхөө төлөө амьдарч чаддаг шиг санагдсан.  Ердийн нэгэн сууц гэхээсээ урлагийн бүтээл гэж болохуйц барилга, соёлын үнэт өвүүдээс нь ч илүүтэйгээр би италичуудын хоолны соёл, түүнийгээ амталж буй тэр л хандлагаас тэд яагаад загварын ертөнцөд үеийн үед ноёлсоор ирснийг ойлгосон юм даа. Ер нь энэ мужийнхан өөрт буй сайн сайхныг олж харж, үнэт эрдэнэсээрээ бахархаж, хадгалж чаддагтаа л дундаршгүй аз жаргалтай байдаг байх. Тоскан мужид нийт 10 хот харьяалагддаг. Хот бүр, хотод буй тосгон бүр өөрийн гэсэн хэв маягтай. Үүн дундаас, заавал очих газрынхаа жагсаалтад Валь д’Орчаг нэмээрэй. Тийм үзэсгэлэнтэй байгаль, гоёмсог хийц бүхий уран барилга, энгийн л мэт боловч цаанаа л донжтой гудамжаар алхах хүмүүсийг хараад та италичууд яагаад тийм их сэтгэл хөдлөлтэй байдгийг ойлгох болно. Гэхдээ Volterra тосгоны нэг их өндөр биш чулуун барилгууд, нарийхан гудамжнаас би хүйтэн Италийг мэдэрсэн. Харин Pistoia тосгоны гудамжаар алхаж ахуйд, италичууд хүйтэн мөн чанартай гэх дөнгөж саяхны бодол нуран унана. Аль ч хот, тосгонд та анх удаа очиж буй гадны хүн байлаа ч итали хүний харилцааны соёлын энгийн л илрэл болох мэндлэх хүндлэх соёлыг нь мэдэрнэ. Таарсан хүн болгон тантай эелдгээр мэндлэхэд уурлаж уцаарлах завдал танд өчүүхэн ч гарахгүй. Тэд яг л соронз шиг нэг татаж, нэг түлхэнэ... Эцэст нь хэлэхэд, Тосканаар аялснаар би гайхамшигт барилгыг үзэж, хүн төрөлхтний соёл иргэншил, хүний гоо сайхан, ахуй амьдралынхаа алхам тутмаас таашаал эдлэх гэсэн цаглашгүй хүсэл эрмэлзэл гэгч нь тухайн хүний амьдралд баяр баясал нэмэхээс гадна хэдэн зуунаар дуурсагдах соёлын үнэт өвийг бүтээдэг болохыг ойлгосон юм. “Өөрчлөгддөг хүмүүс ямар сайхан юм бэ” гэх түүний минь үг... 

Гоодаль сэтгүүл. Тусгай дугаар. 


3 comments:

  1. dutuu, hainga, hudlaa sanagdlaa. Uuchlaarai minii l bodol!

    ReplyDelete
  2. Beh... dutuu, hainga, hudlaa sanagdlaa. Uuchlaarai!

    ReplyDelete
  3. Beh... dutuu, hainga, hudlaa sanagdlaa. Uuchlaarai!

    ReplyDelete