Sunday, December 29, 2013

Хүн-Байгаль-Эрх чөлөө


Чөлөөт уран бүтээлч  Д.Дорждэрэм, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, Ж.Гантулга, Т.Алтанзагас нарын хамтарсан  “Хүн-Байгаль-Эрх чөлөө” хэмээх үзэсгэлэн Маршал галерейд  дэлгэгдсэн билээ. Үзэсгэлэнгээрээ эдгээр уран бүтээлчид  үзэл бодол, урлагт хандаж буй хандлагаа  эсгий өрөг / felt installations/, дуу авиан өрөг / sound installations/,  видео өрөг / video installations/,  уран зураг / paintings/ гэсэн төрлөөр илэрхийлсэн билээ.  Хүний амьдралын хэв маягт олон шинэ зүйлс, технологи нэвтэрхийн хэрээр урлагт ч тэр нь тусгалаа олж уран бүтээлчийн үзэл санаагаа илэрхийлэх хэлбэр, аргачлалууд хувьсан өөрчлөгдөж, урлагийн олон төрлүүд хоорондоо нэгдэж баяжисаар.  Энэхүү үзэгдэлийг контемпорари урлаг хэмээдэг. Тэрхүү давалгааны гол хүчин зүйл  болох урлагийн олон төрлийг нэгтгэсэн, ингэхдээ гүйцэтгэлийн хувьд  цогц болж чадсан нь уг үзэсгэлэнгийн гол онцлог,  монголын контемпорари урлагийн хөгжлийг урагшлуулсан явдал байв. Үзэгч танхимын хаалгаар орж ирэх тэр агшинаас бүхэлдээ вакум орчинд оруулж, анхаарлыг нь төвлөрүүлж чадаж байсан нь гайхалтай дэглэлт байлаа. Монголын олонхи хамтарсан болон, бие даасан контемпорари гэж нэрлэдэг үзэсгэлэнд давтагддаг дутагдалтай тал нь өөрийн үзэл бодлоо контемпорари урлагийн  олон төрлөөр илэрхийлэн бүтээл болгохдоо тухайн үзэсгэлэнд байх ёстой бүхэллэг чанарыг алдагдуулдаг явдал юм. Энэхүү дутагдал нь ихэнхдээ уран бүтээлч өөрийн хийж буй зүйлдээ төөрөлдсөн, эсвэл анхнаасаа бүтээл төрөх санаа нь олонхын таашаалд нийцүүлэх гэж  зориулагдсан, эсвэл илтээр хуулбарлах тохиолдолд гардаг. Мөн урьд өмнө нь монголд дэлгэгдэж байсан хамтарсан үзэсгэлэн ерөнхий нэр эсвэл урсгал зэрэгт тулгуурлан холбогддог  байсан бол “Хүн-Байгаль-Эрх чөлөө” үзэсгэлэн уран бүтээлчдийн нэгдсэн анхдагч суурь болох санаа нь нэг шугамд байгаад зогсохгүй түүнийгээ илэрхийлэл буюу бүтээл болгохдоо ч өөр хоорондоо хамтарч цогцоор шийдсэн нь олзуурхууштай. Тодорхой нэг уран бүтээлчийн бус таван уран бүтээлч санаагаа нэг хүнийх мэт болгон нэгтгэж, үзэсгэлэнт тавигдсан бүх бүтээл хоорондоо адилгүй ч бүхэлдээ нэгэн цул болж  чадсан нь тэдний бүтээлээ илэрийлэх гэсэн санаа нь хүчтэй, өөрдсийн юу хийж байгааг сайтар ойлгосон байгааг илтгэнэ. Тухайлбал Д.Дорждэрэмийн эсгий өрөгөөр хийсэн бүтээл Ц.Даваажаргалын дуу авиан өрөг,  Ж.Гантулгын видеогоор  баяжин нэгэн бүхэл болох нь зохиогчоос нь өөр хэн ч нууцыг нь тайлахгүй гайхалтай эвлүүлдэг тоглоом шиг.  Хэд хэдэн төрлөөр нэг бүтээл, хэд хэдэн бүтээлээс нэгэн бүхэл үзэсгэлэн бий болно. Тэгсэн атлаа тэдгээр бүгд  тусдаа  байхдаа ч гүйцэтгэл сайн, үзэгдэд үзэсгэлэнгийн үндсэн санааг ойлгуулахаар хэмжээнд байв.  Бидний нөхөд эдүгээ цагийн урлагийн шинэ өнгө төрхийг олон талтайгаар харуулж илэрхийлэхийн тулд “мөр зэрэгцэн”, хойшид давалгаалах урлагийн чуулбарыг бий болгохоор зорьсон нь уг үзэсгэлэнгээр эхэлж буй. Контемпрари буюу орчин үеийн, эрин цагийн эсвэл эдүгээ цагийн урлаг өөрөө урлагийн нэг салбар, зүйлээс хэдийнэ хальж бүхий л урлагийн талбарт хүчээ авч буй явдал нь бидний энэхүү үйлдлийн цаана хөдөлгөгч хүч болон оршин байж ч болох. Эс бөгөөс өгөгдөл ч байж болох. Магад эрин буй цагийн урлагийн шуурганд тэсэж үлдэх “сүнсэн чөдөр”, тэсэрч гарах “галт зэмсэг” ч байж болох... хэмээн тэд үзэсгэлэнгээ тодорхойлсон.  Хэдийгээр хүн, байгаль, эрх чөлөө гэсэн сэдвийг  гол агуулгаа болгон, тэдгээрийн хамаарал, мөн чанарыг илэрхийлсэн боловч нийгмийн байдлыг шүүмжилсэн үзэл санааг давхар агуулсан байв. Урлагийг ямар ч үүрэггүй гэж орчин цагийн онолчид бичих болсон ч тэдний энэхүү шүүмжлэлт үзэл санаа нь үзэсгэлэнгээрээ дамжуулан үзэгчдэд нэгийг бодогдуулах гэсэн тэдний зорилтгүй үүрэг. Нөгөөтэйгүүр тэд аливааг өөрчлөх гэхээс илүүтэй эмзэглэл, бодролоо бүтээл болгон илэрхийлж эргээд үзэгчдэд бодох, эрэгцүүлэх боломжийг нээлттэй үлдээв.  Монголд контемпорари урлаг 1990 онд байгуулагдсан  “Ногоон морь” хөдөлгөөний үеэс эхлэл нь тавигдаж, 2000 оны дунд “Хөх нар” урлагийн төв тууштайгаар хөгжүүлэн үзэгчдэд түгээн дэлгэрүүлсэн. Нэгэн үе манай бүхий л уран бүтээлчдид тэр дундаа залуу үеийхнийг давалгаалуулсан энэхүү урлаг чигээ алдаж, сайныг нь муугаа ялгах аргагүй болгож байсан бол “Хүн-Байгаль-Эрх чөлөө” үзэсгэлэн энэхүү урлаг жинхэнэ утгаар биелэлээ олж цэгцлэгдэж буйн тод шинээ болжээ.